Зудад өртсөн малчид, малчдын хүүхдүүдэд зориулсан хүмүүнлэгийн төсөл (2023 он)
2022-2023 оны өвөл Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд өвөлжилт хүндэрч, зарим аймагт зуд болж, олон мянган мал хорогдсон байна.
Хүүхдийг Ивээх Сан зуд болж, өвөлжилт хүндэрсэн Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн малчид болон малчдын хүүхдүүдэд туслах хүмүүнлэгийн төсөл хэрэгжүүлэв. Тусламжийн төслөөр таван аймгийн 1380 малчин өрхөд малын тэжээл, бэлэн мөнгөний тусламж үзүүллээ. Уг тусламжийг хонин толгойд шилжүүлснээр 300 болон түүнээс цөөн тооны малтай, зудын эрсдэлд өртсөн, олон хүүхэдтэй, өрх толгойлсон, ахмад насны иргэнтэй малчин өрхүүдэд хүргэсэн юм. Өрх бүрт 160 кг малын хорголжин тэжээл, 250,000-280,800 төгрөгийн бэлэн мөнгөний тусламж очсон байна. Мөн 5 аймгийн 25 сумын дотуур байранд амьдарч байгаа 2,027 сурагчид эрүүл ахуйн багц өглөө. Энэ багцад шүдний оо, сойз, ариун цэврийн хэрэгсэл, саван, алчуур зэрэг хүүхдүүдийн өдөр тутмын хэрэгцээтэй зүйлүүд багтсан байна. Мөн дотуур байруудад сургалтын иж бүрдэл, ном, тоглоомын багц болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээр тусалж, зорилтот бүлгийн хүүхдүүдэд дулаан хөнжил, гутал өглөө. Үүнийн зэрэгцээ цаг агаар хүндэрсэн Завхан, Говь-Алтай аймгийн 6 сумын Эрүүл мэндийн төвийн эмнэлгийн түргэн тусламжийн үйлчилгээнд зориулан мөнгөн тусламж олголоо.
Хүмүүнлэгийн төслийг Их Британийн “СТАРТ” сан, Олон улсын Хүүхдийг Ивээх Сангийн “СИЙД” хүмүүнлэгийн сан, Японы Хүүхдийг Ивээх Сан, Швейцарын хөгжлийн агентлаг зэрэг байгууллагаас 323,800 ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлсэн юм.