Г.Ариунзаяа: Дорнод аймагт Хүүхдийг Ивээх Сангаас хэрэгжүүлсэн бүх төсөл бидэнд сайн үр дүн, сайн туршлага, шинэ арга барилыг нэвтрүүлж ажиллалаа

Намайг Г.Ариунзаяа гэдэг. Би Хүүхдийг Ивээх Сангийн Дорнод аймаг дахь салбарт 2003 онд халамжийн “Ирээдүй” төв, Олон нийтэд түшиглэсэн хүүхэд хөгжил, хамгаалал төвийн багийн ахлагчаар ажилд орж байснаас хойш эдүгээ 19 жил болжээ. Энэ хугацаанд боловсрол, хүүхэд хамгаалал, хүмүүнлэгийн төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд Дорнод аймаг төдийгүй Сүхбаатар аймаг, Завхан аймгийн зарим сумдад мөн ажиллаж байлаа. 

Хүүхдийг Ивээх Сан Дорнод аймагт 1998 онд үйл ажиллагаагаа эхлүүлэв

Хүүхдийг Ивээх Сан анх 1998 онд Дорнод аймагт хараа хяналтгүй хүүхдийн асрамж халамжийн 2 төв, хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдэд үйлчлэх өдрийн үйлчилгээтэй нэг төв байгуулж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 2001 онд салбараа байгуулан үйл ажиллагаагаа өргөжүүлж, аймгийн бүх сумдын болон аймгийн төвийн сургууль, цэцэрлэгүүдийн тохижилт, сургалтын чанар, хүртээмжийг дээшлүүлэх, багш ажилтнуудын чадавхыг дээшлүүлэх чиглэлээр маш олон төслийг хэрэгжүүлсэн нь боловсролын чанар, хүртээмж ялангуяа малчдын хүүхдүүдийн боловсролын хамрагдалт, сургууль, цэцэрлэгийн хүний нөөцийн чадавх бэхжүүлэх, сургуулийн орчны аюулгүй байдлыг хангах төслүүд хэрэгжүүлсэн. Хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн засаглал хөтөлбөрүүдийн хүрээнд Хүүхдийн эрх, хамгааллын болон Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх зэрэг олон төсөл хэрэгжиж орон нутгийн хүүхэд, багачуудын эрхийг хамгаалах, сурч хөгжихөд хувь нэмрээ орууллаа.

1998-2008 онд “Ирээдүй”, “Энэрэл” хүүхдийн асрамж халамжийн төвүүд, “Жаргалан” хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдэд үйлчилдэг өдрийн үйлчилгээний төв, 2008-2011 онд Олон нийтэд түшиглэсэн хүүхэд хөгжил, хамгааллын төв, 2012-2017 онд “Алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах нь” төсөл Дорнод аймгийн Халх гол, Матад, Сэргэлэн, Цагаан-Овоо, Чойбалсан зэрэг таван суманд, 2016-2018 онд “Зудад нэрвэгдсэн малчдын хүүхдүүдэд боловсролын дэмжлэг үзүүлэх, сургуульд түшиглэн гамшгийн эрсдэлийг бууруулах чадавхыг бэхжүүлэх нь” төслийг 2 үе шаттай Халх гол, Матад, Сэргэлэн, Цагаан-Овоо, Баян-Уул, Баяндун, Дашбалбар, Гурванзагал зэрэг сумдад хэрэгжүүлсэн юм. Үүнээс гадна 2021 онд Хүмүүнлэгийн хөтөлбөрийн хүрээнд “Шороон шуурганд өртсөн өрхүүдэд дэмжлэг үзүүлэх” төсөл хэрэгжүүлж, Цагаан-Овоо, Булган, Гурванзагал, Сэргэлэн, Цагаан-Овоо сумын малчдыг хамруулж, таван ханатай гэр, эрүүл ахуйн багц, мөнгөн тусламж үзүүлсэн. Мөн Боловсролын хөтөлбөрийн хүрээнд “Зурагт ном” төслийг орон нутаг болон нийслэлийн төрийн өмчит 40 цэцэрлэг, сумын дөрвөн сургуульд хэрэгжүүлснээс Дорнод аймгийн төвийн 18-р цэцэрлэг, Баян-Уул, Баяндун, Дашбалбар, Чулуунхороот, Халх гол сумын сургууль, цэцэрлэг хамрагдаж, танин мэдэхүйн ном, тоглоомын багц хүлээж авсан юм.

Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжлээ

Дорнод аймагт олон төсөл амжилттай хэрэгжсэнээс онцлох нь 2018-2022 онд Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) –ын дэмжлэгтэйгээр ХНХЯ, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр Бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газар, ХЗДХЯ-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран Хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн засаглал хөтөлбөрүүдийн хүрээнд хэрэгжсэн “Монгол улсад Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь”-2 төсөл байлаа. Уг төсөлд Хэрлэн сумын 1 дүгээр баг, Баян-Уул, Халх гол сум хамрагдлаа. Төслийн зорилго нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан Хамтарсан багуудыг чадавхжуулж, олон нийтийн хүүхэд хамгааллын талаарх ойлголтыг нэмэгдүүлснээр хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлж, үйлчилгээг сайжруулах явдал юм. Бид зорилгоо амжилттай биелүүлж, орон нутагтаа хүүхэд хамгааллын үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлэх шинэ туршлага, шинэлэг арга зүйд Хамтарсан багийн гишүүд, мэргэжилтнүүдийг үе шаттайгаар сургасан. Төслийг үр дүнтэй хэрэгжүүлж, орон нутагтаа сайн туршлага, арга зүйг бий болгоход хамтран ажилласан Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн хамт олондоо, хамтарсан багууддаа баярлалаа.

Хүүхдийг Ивээх Сангийн Дорнод аймаг дахь салбарт хамтран ажиллаж байсан үе үеийн ажилтнууд, биднийг дэмжиж, хамтран ажилласан бүх байгууллагууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.