А.Жансерик: Онол, дадлага хослуулсан үр дүнтэй сургалт байлаа

Саяхан зохион байгуулагдсан инженерүүдийг чадавхжуулах сургалтын талаар Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн инженер А.Жансерик ингэж хэллээ. Тэрээр 2022 оны 12 дугаар сарын 8-12-нд болсон “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдийг чадавхжуулах шаталсан сургалт”-д хамрагдсан инженерүүдийн нэг юм. Хүүхдийг Ивээх Сан АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Монгол Улсад Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээг сайжруулахад техникийн туслалцаа үзүүлэх, зорилтод нийцүүлэн тархварзүйн хяналтыг дэмжих нь“ төслийг 2022 оноос хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү төслийн хүрээнд уг сургалтыг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Ассист Интернэшнл байгууллагатай хамтран явуулсан билээ. 

Онол, дадлага хосолсон сургалт үр дүнтэй байлаа

Би ШУТИС-ийг эмнэлгийн тоног, төхөөрөмжийн инженер мэргэжлээр төгсөөд, Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт 13 дахь жилдээ мэргэжлээрээ ажиллаж байна. Манай эмнэлэг хоёр инженер, гурван техникчтэй. Бид нэг алба болж, тоног төхөөрөмжөөс гадна хүчилтөрөгчийн үйлдвэрээ хариуцан ажилладаг. Нэгдсэн эмнэлэг 1000 гаруй тоног төхөөрөмжтэй тул ажлын ачаалал нэлээд их. Уг нь 100 тоног төхөөрөмж тутам нэг инженер байх журамтай ч өнөөдөр манай эмнэлэг дээр нэг инженер 500 гаруй тоног төхөөрөмж хариуцан ажиллаж байна. Энэ удаагийн “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдийг чадавхжуулах шаталсан сургалт” онол, дадлага хослуулснаараа онцлогтой байлаа. Сургалт явуулсан Ассист интернэшнл байгууллагын зөвлөхүүд тоног төхөөөрөмжийн эд ангийг засах, шалгах, тохируулах, жижиг эвдрэл гэмтлийг хэрхэн засах талаар нарийвчлан зааж, өөрсдийн туршлагаа хуваалцсан. Зөвлөхүүд мөн инженерүүдэд эмнэлгийн тоног төхөөрөмжид эвдрэл гэмтэл үүсэхээс өмнө урьдчилан сэргийлэх үзлэг тогтмол хийх хэрэгтэй гэдгийг онцолж байлаа. Ийм сургалтууд инженерүүдэд их хэрэгтэй. Учир нь тоног төхөөрөмжүүд байнга шинэчлэгдэнэ, эмнэлгүүдэд шинээр ирнэ. Тиймээс инженерүүдийг аль болох олноор хамруулж байвал сайн. Миний хувьд өмнө нь эмнэлгийн тоног, төхөөрөмжийн инженерүүдийн чадавх сайжруулах болон тоног төхөөрөмжийн программ хангамжийн сургалтад оролцсон. Мөн хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний гурав хоногийн сургалтад хамрагдаж байсан. Вакцины хөргөгч, хөлдөөгчийн хэвийн үйл ажиллагааг хангах, засвар үйлчилгээ хийх, хяналт тавих шаардлагатай байдаг учраас инженерүүдэд ийм сургалт явуулсан юм.

Мэдлэг, туршлагаа бусадтай хуваалцаж байна

Миний бодлоор цаашид инженерүүдийг лаборатори, дүрс оношилгоо, эрчимт эмчилгээний тоног төхөөрөмжийн чиглэл гэх мэтээр төрөлжүүлэн мэргэшүүлэн сургах шаардлагатай мэт санагддаг. Би өөрийн сурсан мэдсэнээ бусадтай хуваалцдаг. Хэдийгээр цалингийн хувьд тийм хангалттай биш ч инженерийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн хүмүүс нутагтаа ажиллах хүсэлтэй байдаг. Гэхдээ төсөв мөнгөний хүрэлцээнээс болоод эмнэлэгт инженерийн орон тоо нэмдэггүй. Зарим аймагт Эрүүл мэндийн газартаа инженер, техникийн ажилтантай. Манай аймгийн хувьд байдаггүй. Тиймээс сумуудын эмнэлгээс эвдэрсэн, гэмтсэн тоног төхөөрөмжөө авчирч засуулах, заавар зөвлөгөө авах тохиолдол олон бий. Ирэх жил аймгийн Эрүүл мэндийн газар инженер авахаар төлөвлөж байгаа гэсэн. Манай эмнэлэг дээр инженерийн чиглэлээр сурч байгаа оюутнууд дадлага хийхээр ирнэ. Би тэдэнд өөрийн мэдлэг, туршлагаа байнга л хуваалцдаг. Эмч, сувилагч нар ажлын байрандаа тоног, төхөөрөмж ажиллуулж, харьцдаг. Тиймээс тэдэнд сургалт явуулж, заавар зөвлөгөө өгнө. Сургалтуудаас олж авсан мэдлэгээ ийм байдлаар бусадтайгаа хуваалцаж байна.

Багаж, хэрэгслийн багц чухал хэрэгцээтэй

Энэ удаагийн сургалтын хөтөлбөрт хэмжилтийн багажууд дээр хэрхэн ажиллах талаар багтсан. Хэрвээ ийм багажуудыг эмнэлгүүдэд өгвөл бид өөрсдийн засварласан багаж мөн шинээр ирж байгаа тоног төхөөрөмжийн хэвийн, зөв ажиллаж байгааг шалгах хэмжилтүүдээ хийгээд тоног, төхөөрөмжөө тохируулна. Одоохондоо зарим эмнэлгүүдэд байхгүй байгаа ч цаашдаа хангагдаад явах байх хэмээн итгэж байна. “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдийг чадавхжуулах шаталсан сургалт”-ын дараа төгсөгчдөд гэрчилгээ, механик засвар, үйлчилгээнд өдөр тутам хэрэглэх багажийн багц өгсөнд инженерүүд их баяртай байгаа. Энэ багажаа ямар ч байсан 3-5 жилдээ хэрэглэх байх гэж бодож байна. Эмнэлгээс багажийн хангамж тийм ч сайн биш. Түгээмэл хэрэглэдэг цахилгаан хэмжигч багажийг гэхэд л заримдаа хувийнхаа зардлаар авах тохиолдол бий. Инженерүүд бүгдээрээ нэг өрөөнд суудаг болохоор багажаа дундаа хэрэглээд засвар, үйлчилгээгээ хийдэг.