Г.Навчаа: Шаардлагатай үед тоног төхөөрөмжөөр тусалж, ашиглах сургалт явуулсан нь цагаа олсон дэмжлэг байлаа
Хүүхдийг Ивээх Сан АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Монгол Улсад КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээг сайжруулахад техникийн туслалцаа үзүүлэх, зорилтод нийцүүлэн тархварзүйн хяналтыг дэмжих нь” төслийг Эрүүл мэндийн яамтай хамтран хэрэгжүүлж байна. Төслийн үр дүнгийн талаар Эрүүл мэндийн яамны Анхан болон лавлагаа шатлалын тусламжийн хэлтсийн дарга Г.Навчаатай ярилцлаа.
– Төслийн хүрээнд эмнэлгүүдэд амьсгалын аппарат, хүчилтөрөгчийн баллон, дагалдах хэрэгсэл зэрэг тоног төхөөрөмжүүд нийлүүлсэн. Эмнэлгүүдэд тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлага хэр байсан бэ?
– Монгол Улсын эрүүл мэндийн салбарт шаардлагатай олон тоног төхөөрөмжийн хангалт үе шаттайгаар хийгдэж байдаг ч амьсгалын аппаратын хэрэгцээ байсаар байсан. Энэ дутагдал хэвийн үед илт мэдэгдэхүйц асуудал үүсэхээр хэмжээнд бол байгаагүй. Гэтэл КОВИД-19-ийн үеэр амьсгалын дутагдалтай өвчтөний тоо богино хугацаанд хэт олноор нэмэгдэж, аппаратын тоо хүрэлцэхгүй болж эхэлсэн. Яг л ийм хэрэгцээ шаардлагатай тулгамдсан үед төслийн зүгээс тоног төхөөрөмжөөр дэмжлэг үзүүлж, зэрэгцүүлэн эмч, сувилагч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдэд аппаратын ашиглалтын талаар сургалт явуулсан нь цагаа олсон дэмжлэг байлаа. Зөвхөн амьсгалын аппарат биш хүчилтөрөгчийн үйлдвэрийг аймгийн төвүүдэд байгуулсан нь чухал ажил болсон. Хэдийгээр Эрүүл мэндийн яамнаас ийм үйлдвэрүүдийг ээлж дараагаар байгуулж байсан ч бүх аймгуудыг ижил түвшинд хүргэнэ гэдэг цар тахалтай тэмцэж байсан тухайн цаг үед амаргүй байх байсан ч төслийн дэмжлэгээр бид тэр түвшинд хүргэж чадсан. Төслийн нэг давуу тал нь алсыг харж, цаашдын тогтвортой, найдвартай тогтолцоог бүрдүүлэхэд анхааран, тоног төхөөрөмжийн аюулгүй байдал, засвар үйлчилгээг цогцоор нь шийдсэнийг их талархан хүлээж авч байгаа. КОВИД-19 болон томуу, томуу төст болон бусад өвчлөлийн дэгдэлтийн үед ашиглах тоног төхөөрөмжийн бэлэн байдал боломжийн хэмжээнд хангагдсан. Энэ тал дээр эмнэлгийн мэргэжилтнүүд ч сайн бэлтгэгдсэн.
Аливаа аппарат тоног төхөөрөмж элэгдэн хуучирч, засах сэлбэх, шинэчлэгдэн сайжруулах хэрэгцээ байх хэдий ч бэлтгэгдсэн мэргэжилтнүүд эдгээр олгогдсон тоног төхөөрөмжийг зөв ашиглан, илүү урт хугацаанд хэрэглэнэ гэдэгт найдаж байна.
– Төслийн хүрээнд олон сургалтууд зохион байгуулсан. Тухайлбал, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдийн сургалт яагаад хэрэгцээтэй байдаг вэ?
– Багаар сургах нь их чухал. Тухайлбал эмч нарыг сувилагч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженертэй нь хамт. Өмнө нь эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдийг бүсчилсэн байдлаар сургаж байсан л даа. Гэхдээ энэ удаа 21 аймаг, 9 дүүргийнхийг бүгдийг хамруулан, улсын хэмжээнд нэг төвшинд зэрэг сургаж байгаа нь давуу талтай. Манай улсад хүний нөөцийн тогтворгүй байдал олон салбарт ажиглагдаж байгаа нь эрүүл мэндийн салбарт ч адил байна. Сургалтад оролцсон хүмүүс ажлаас гарах, солигдох тохиолдлууд бий. Тиймээс сургалтаа давтах, сайжруулах, шинэ ирсэн хүмүүсээ сургах зэргээр тасралтгүй явуулах шаардлага бий. Цаашид ч энэ талын сургагдсан хүний нөөцийн тэнцвэртэй байдлыг нь алдагдуулахгүй байх тал дээр Эрүүл мэндийн яамнаас анхаарах бодлого барин ажиллаж байна.
– Аймаг, дүүргийн эмнэлгүүдийн эрчимт эмчилгээний эмч нарыг сургагч багшаар бэлдсэн. Мөн анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд КОВИД-19 халдварын тохиолдлуудын эмнэлзүйн тусламж үйлчилгээг удирдах сургалтад бүх сумын эмч, сувилагч нарыг хамрууллаа. Эдгээр сургалтын үр дүнгийн талаар ярина уу?
– Гаднаас өндөр мэргэшсэн зөвлөх ирээд сургалт явуулахын зэрэгцээ үндэсний сургагч багш нартай болно гэдэг сайн хэрэг. Сургагч багш нарын хувьд тухайн газартаа ажилладаг учраас давуу болон сул талаа сайн мэдэж байдаг ба зөвлөхүүдээс сурсан зүйлээ өөрийнхөө туршлагатай хамт бусдад дамжуулдгаараа давуу талтай. Эрүүл мэндийн яамнаас сургагч багш нарын тоог байнга нэмэгдүүлэх бодлого баримталдаг. Өөрөөр хэлбэл өмнө хэлсэнчлэн хүний нөөцийн тогтворгүй байдлаас шалтгаалаад сургагч багш нарыг аль болох олон төвшинд тасралтгүй бэлтгэх шаардлага гардаг. Хүмүүс томоохон эмнэлгүүдэд сургагч багш байдаг гэж ойлгодог. Сумын эмнэлэгт ч сургагч багш байж болно.
– Эрүүл мэндийн яамны зөвлөмжөөр 330 суманд 800 хүчилтөрөгчийн баллон, дагалдах хэрэгслийг төслөөс хандивласан. Та бүхэн эдгээр сумуудыг хэрхэн, ямар байдлаар сонгосон бэ?
– Хэрэгцээт газар нь зөв хуваарилах нь чухал хэрэг. Бид тоног төхөөрөмжийн хуваарилалтыг хийхдээ хэрэгцээ шаардлагад тулгуурласан, хангалтыг судалсан тоо баримтад тулгаруулан тооцдог. Тухайлбал, бид аймгуудын Эрүүл мэндийн газартай холбогдоод 330 суманд хүчилтөрөгчийн баллон байгаа эсэх, хэд байгаа талаар мэдээлэл авсан бөгөөд тодорхой сумдыг сонгон, утсаар ярьж нөхцөл байдлыг баталгаажуулсан. Хүн амынх нь тоогоор А, Б, В зэрэглэлийн сумын эрүүл мэндийн төв гэж ангилдаг ба А зэрэглэлийн яаралтай тусламж үзүүлдэг, хагалгаа хийдэг газруудад арай олон тоотой хуваарилсан. Нэг суманд 4 баллоныг 2 нь суурин, 2 нь авч яваад цэнэглэж, солих байдлаар ашиглана гэж тооцоолсон. Манай улсын эрүүл мэндийн тогтолцооны давуу тал бол Эрүүл мэндийн яам, лавлагаа төвүүд, аймгийн Эрүүл мэндийн газрууд, аймгийн нэгдсэн эмнэлэг, тэгээд анхан шатны сум өрхийн эмнэлгүүд гээд орон даяар нэгдсэн тогтолцоотой. Энэ тогтолцооны давуу тал нь мэдээллийг анхдагч эх сурвалжаас нь бүрэн авах боломжтой байдаг ба эргэн ашиглалт хэрэглээг тооцохдоо мөн л энэ шат дарааллаар эргэн хянаж дэмжин ажилладаг. Бидний хамтран хуваарилсан хүчилтөрөгчийн зөөврийн баллонууд хуваарилагдсан нэгж сумын эмнэлгүүд рүү хүргэгдэж эхлэхээр энэ цаг үед замдаа гарч, түрүүчээсээ зорьсон цэгт хүлээн авч аль хэдийн тусламж үйлчилгээнд ашиглагдаж эхэлснийг дуулгахад таатай байна.
Ярилцлага өгсөнд баярлалаа.