Шийдэл бүрд оролцоогоо нэм
Залуу манлайлагч М.Баяржаргал залууст урам зориг өгсөн амжилтын түүхтэй. Тэрээр МУИС-ийн эдийн засгийн ангийг төгссөн. Мөн магистрын зэргээ хүн ам зүйн сэдвээр хамгаалжээ. Анх 2005 онд нийслэл хотод ирж, сүүлийн таван жил Чингэлтэй дүүргийн 18-р хороонд оршин сууж байна. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот нийт 1,6 сая орчим хүн амтай, 9 дүүрэгтэй бөгөөд тэдгээрийн нэг нь М.Баяржаргалын амьдардаг Чингэлтэй дүүрэг юм.
Өнөөдөр Улаанбаатар хотын хүн амын 60 орчим хувь нь гэр хороололд ахуйн хэрэгцээний анхан шатны дэд бүтэцгүй, дулааны нэгдсэн хангамжгүй нөхцөлд амьдарч байна. Гэхдээ энэ байдлыг өөрчлөх, шинэчлэхэд тэнд амьдардаг залуусыг оролцуулах нэгэн төсөл хэрэгжиж эхэлжээ. Энэ бол Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Хүүхдийг Ивээх Сангийн хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын гэр хороололд хүртээмжтэй, таатай орчин бүрдүүлэхэд залуусын оролцоог нэмэгдүүлэх” төсөл юм. Энэ төслөөр гэр хороололд амьдардаг залуусын төлөв байдлын талаарх ойлголтыг сайжруулах, залуучуудын утга учиртай оролцоог хангах, орчныг сайжруулах, хот төлөвлөлт, бүтээн байгуулалт, засаглалд залуучуудын оролцооны арга барилыг турших зорилготой.
М.Баяржаргал “Залуу манлайлагч” хөтөлбөрийн талаарх мэдээллийг анх Азийн хөгжлийн банкны фэйсбүүк хуудаснаас авчээ. Түүний хувьд судлаачаар ажилладаг учраас хөтөлбөрт татагдсан гол зүйлийн нэг нь залуусын оролцоотой судалгааны ажил байв. Тиймээс хөтөлбөрт оролцох хүсэлтээ өгч, гэр хороололд амьдрахад таатай орчин бүрдүүлэхэд залуучууд хэрхэн оролцох талаар 500 орчим үгтэй эссэ бичиж оролцсон байна. Эссэдээ өөрийн сайн мэдэх “Сэлбэ” дэд бүтцийн тухай, хотын төвөөс 5 км орчим зайд орших чийглэг, байгаль орчны хувьд тохиромжтой байршил учраас ногоон байгууламж болгох хэрэгтэй талаар бичжээ. Үүний дараа ярилцлагад уригдаж, удалгүй хөтөлбөрт хамрагдах болсон талаар хариу авчээ.
Тэрээр өмнө нь голдуу ганцаараа уншиж, судлах ажлаа хийж, багаар ажиллах тохиолдолд тодорхой сэдвийн хүрээнд өөрөө танилцуулгаа хийдэг байв. Харин хөтөлбөрт хамрагдсаны дараа нийгэм рүү илүү чиглэсэн, ялангуяа гэр хорооллын тогтвортой хөгжил, өөрсдийнхөө амьдрах орчныг сайжруулахад ямар үйл ажиллагаа явуулах талаар үе тэнгийн залуустай ярилцах, хэлэлцэх боломж нээгджээ.
“Залуу манлайлагч” хөтөлбөрт хамрагдсанаар түүний хувьд ямар зүйл шинээр сурсан талаар асуухад М.Баяржаргал “Олон шинэ зүйл сурлаа. Миний хувьд бусдын санаа бодлыг илүү нээлттэй сонсдог, ойлгодог болсон. Хүмүүстэй харилцах, манлайлах ур чадварт суралцлаа. Тэндээс суралцсан зөөлөн ур чадварын мэдлэгүүдээ өдөр тутам ажилдаа ашиглаж байна” хэмээн ярилаа.
“Улаанбаатар хотын гэр хороололд хүртээмжтэй, таатай орчин бүрдүүлэхэд залуусын оролцоог нэмэгдүүлэх” төслийн “Залуу манлайлагч” хөтөлбөрт шалгарсан 11 манлайлагч хүртээмжтэй таатай орчин, гэр хорооллын тогтвортой хөгжил, манлайллын зөөлөн ур чадвар, нийгмийн ялгаварлан гадуурхалтын тухай, залуусын оролцооны судалгаа зэрэг үндсэн 5 модуль сургалтад хамрагджээ. Үүний дараа эдгээр 11 оролцогч “Залуу элч” хөтөлбөрт шалгарсан 55 хүнтэй өөрсдийн мэдлэг, ур чадвараа хуваалцаж, тус бүрдээ 2 хичээл дээр сургагч багшийн үүрэг гүйцэтгэжээ. Дараа нь залуусын оролцоотойгоор зорилтот хорооны 18-30 насны 500 гаруй хүнээс судалгаа авсан байна. Мөн манлайлагчид 6 багт хуваагдаж, баг бүр өөрсдийн амьдарч буй орчин, нөхцөлөө сайжруулах, бусдад туслах бичил төсөл бичсэн ажээ. Төсөл бичихийн өмнө энэ чиглэлийн сургалтад хамрагджээ. М.Баяржаргалын багийнхан өөрсдийн бичсэн бичил төслөө Чингэлтэй дүүргийн 18-р хороонд дээр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тэдний баг “Хүүхэд, хөгжлийн төвийг залуусын оролцоотойгоор засварлан сайжруулах, үйл ажиллагааг нэмэгдүүлэх нь” төслийг тухайн ADRF байгууллагатай хамтран хэрэгжүүлж байна. Энэ төслөөр ADRF байгууллагын ашиглаж буй хүүхэд хөгжлийн төвийг сэргээн засварлах, багш, ажилчид болон сайн дурын гишүүдэд тогтвортой хөгжлийн зорилт болон бусад сургалт зохион байгуулах, тус хөгжлийн төвийн үйл ажиллагааг дэмжсэн хандивын аян, олон нийтэд таниулах үйл ажиллагааг хороо болон тус байгууллагын ажилчидтай хамтран зохион байгуулах зорилготой юм.
“Залуу манлайлагч” хөтөлбөрийн сургалтын нэг өгөөж нь оролцогчид өөрсдөө гэр хороололд амьдардаг хүмүүст тулгардаг бэрхшээл, асуудлуудыг зөв тодорхойлж сурсан явдал ажээ. Манлайлагч нар гэр хорооллын тогтвортой хөгжил, цаашид хийх ёстой ажлуудын талаар цэгцтэй ойлголттой болж, эдгээрийг бодит ажил болгон хэрэгжүүлэхэд залуучуудын оролцоо чухал гэдгийг ойлгожээ. М.Баяржаргал залуучуудыг өөрсдийнхөө амьдралыг өөрчлөх, асуудлыг шийдэхэд илүү идэвхтэй, бүтээлчээр оролцох нь чухал гэдгийг хэллээ.