Д.Нансалмаа: Мэдлэг, туршлагаа сумдынхаа эмч нартай хуваалцаж байна
Намайг Д.Нансалмаа гэдэг. Би Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгчээр 5 дахь жилдээ ажиллаж байна. Манай тасаг эрчимт эмчилгээний 2 эмч, мэдээгүйжүүлгийн нэг эмч, эрчимт эмчилгээний 4 сувилагч, туслах 4 сувилагчтай. Төв аймгийн эрчимт эмчилгээний тасаг насанд хүрэгчдийн 4 ортойгоор амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээг ард иргэддээ үзүүлж байна. Мөн хүүхдийн 2, нярайн 2 ортой бөгөөд нийтдээ амьсгалын 20 аппараттай ажилладаг. Зөөврийн амьсгалын аппаратаар тоноглосон нэг автомашин бий.
Эрчимт эмчилгээний сургалт үр дүнтэй байсан
Би Хүүхдийг Ивээх Сангийн Эрүүл мэндийн төслөөс зохион байгуулсан “Цар тахлын үеийн эрчимт эмчилгээ, зохиомол амьсгалуулалтын дэвшилтэт технологи арга, аргачлал” сургалтад сувилагчтайгаа хамт оролцсон. Энэ сургалтад нийслэлийн дүүргүүдийн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийн хамт 2022 онд хамрагдсан. Сургалтаас цар тахлын үеийн эрчимт эмчилгээ, менежмент, зохиомол амьсгалуулалтын сүүлийн үеийн дэвшилтэт технологи арга, аргачлалуудыг мэдэж, өөрийн чадвараа нэмэгдүүлсэн. Өвчтөнүүдэд үзүүлэх тусламж үйлчилгээг илүү чанартай болгох, стандартчлах, эмнэлзүйн шинэ заавар, хөтчүүдийг ашиглах боломж олгосон. КОВИД-19-ийн цар тахлын давалгаануудын үед бид нэлээд ачаалалтай ажиллаж байлаа. Тухайн үед хүчилтөрөгчийн баллонуудаа Улаанбаатар хотод цэнэглэж, тээвэрлэж ирдэг байсан. Энэ оны 10 дугаар сард хүчилтөрөгчийн үйлдвэрээ ашиглалтад оруулсан. Одоо үйлдвэрээс ханын шугамаар хүчилтөрөгчөө авч, эрчимт эмчилгээний болон бусад тасгууд хүчилтөрөгчийн болон хийн хангамжийн нэгдсэн системтэй болсон.
Мэдлэг, туршлагаа сумдынхаа эмч нартай хуваалцаж байна
Өнгөрсөн 6 дугаар сард 21 аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж, эрчимт эмчилгээний эмч нарт зориулсан “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд КОВИД-19 халдварын эмнэлзүйг удирдахуй” сургалтад хамрагдаж, сургагч багш болж, гэрчилгээ авсан. Энэ сургалтыг Хүүхдийг Ивээх Сангийн АНУ-ын ОУХА-ийн дэмжлэгтэй, Эрүүл мэндийн яамтай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээг сайжруулахад техникийн туслалцаа үзүүлэх, зорилтод нийцүүлэн тархварзүйн хяналтыг дэмжих нь” төслийн хүрээнд зохион байгуулсан. Би эндээс суралцахын зэрэгцээ өөрийнхөө ажилд хэрэгтэй санаанууд олж авсан байгаа. Мөн суралцагчдыг сүүлийн үеийн олон улсад хэрэглэж байгаа сурах бичиг, гарын авлагаар хангасан нь их чухал байлаа. Эдгээрийг ашиглаад эмнэлгийн дотоод журмаа боловсруулсан. Үүнд амьсгалын аппараттай ажиллах дүрэм ч бас багтсан. Миний хувьд сум, орон нутгийн эмч нарт сургалт явуулна. Сумын эмч нар хүчилтөрөгчийн зөв хэрэглээний талаар мэдлэг бага. Тиймээс хүчилтөрөгчөөр хэрхэн хангах, өвчтөнөө хэрхэн үнэлэх, зөөвөрлөх, хүчилтөрөгчийн баллоноо бүрэн цэнэглэх, зөв тээвэрлэх талаас чиглүүлж, сургах нь чухал байдаг. Миний бодлоор аймгуудын нэгдсэн эмнэлгийн эмч нарыг сургагч багшаар бэлтгэсэн нь их зөв ажил болсон. Бид нар сургалт явуулахын тулд олж авсан мэдлэгээ бататгана, сайжруулна, зарим зүйлээ дахиж судална. Сумдын эмч нар надтай уулзаж, эсвэл утсаар холбогдож, зөвлөгөө, сургалт авдаг. Тэдний хувьд анагаах ухааны их сургуулийн багш ч юм уу, эсвэл нийслэлийн төвийн эмч нараас илүү аймгийнхаа эмч нараасаа авах нь хамтарч ажилладаг болохоор ажил мэргэжлийн шугамаар илүү их зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой юм шиг санагддаг.
Эрчимт эмчилгээний сургалтын үеэр. 2022.02.23
Сургагч багшийн сургалтын үеэр. 2022.06.15
Мэргэжлийн чиглэлээрээ сургалтуудад хамрагддаг
Миний хувьд мэргэжлийнхээ дагуу мэдээгүйжүүлгийн болон эрчимт эмчилгээний хоёр нийгэмлэгт харьяалагдаж, сургалтуудад нь хамрагддаг. Нийгэмлэгээс зохион байгуулдаг сургалт гэхэд жилдээ нэгээс хоёр удаа хоёр өдрөөр болдог. 2020 онд үндэсний сургагч багш нар аймгуудад ирж, КОВИД-ын үеийн эмнэлзүйн чиглэлээр эмч, сувилагч нарт 5 өдрийн сургалт явуулахад хамрагдсан байгаа. 2020-2021 онуудад цахим сургалтуудад хамрагдаж байсан. Манай аймгийн хувьд аймгийн Эрүүл мэндийн газраас сумдын эмч, сувилагч нарыг нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт тав хоног, төрөх тасагт тав хоног, мэс заслын тасагт 5 хоног гэх мэтээр дадлагажуулж, сургах ажлыг зохион байгуулдаг. Хуваарь гаргаад, нэг ээлжид 2-3 сумын эмч нар ирдэг. Тэдний хувьд өөрсдөө ямар сургалтад хамрагдах хүсэлтээ бас гаргадаг байгаа. Би 2010 онд Азийн хөгжлийн банкны эрүүл мэндийн төслийн шугамаар аймгуудын эрчимт эмчилгээний эмч нарт “Амь тэнссэн үед үзүүлэх тусламж үйлчилгээ” сэдэвт 10 хоногийн сургалт явуулахад хамрагдаж, сургагч багш болж, өрх, сумдын эмч нарын амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээ үзүүлэх чадварыг сайжруулах чиглэлээр сургалт зохион байгуулж байсан.
Хүүхдийг Ивээх Сан АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Монгол Улсад КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээг сайжруулахад техникийн туслалцаа үзүүлэх, зорилтод нийцүүлэн тархварзүйн хяналтыг дэмжих нь“ төсөл хэрэгжүүлж, орон нутгийн нэгдсэн эмнэлгүүдийн эмч нарыг сургагч багшаар бэлтгэж, тэдний мэдлэг чадварыг нэмэгдүүлж, үр дүн гарч байгаа жишээний нэг нь энэ байлаа.