БИ-гээс БИД болсон миний түүх
Намайг Э.Хоролням гэдэг. Би 18 настай. Малчин айлд төрж, өссөн. 2019 онд Өвөрхангай аймгийн Уянга сумын Жаргалант багийн ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр ангийг төгсөөд Өвөрхангай аймгийн Политехникийн коллежид үг, дуу цөөтэй, нийгмийн идэвхгүй, бүрэг ичимтгий охин элсэн орж байлаа. Хүний амьдралд алдаж болохгүй боломж тийм ч олон гардаггүй. Надад тохиосон нэг боломж бол Хүүхдийг Ивээх Сангаас хэрэгжүүлсэн “Орон
нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн хөтөлбөрт сонгогдон, хамрагдсан явдал юм. Энэ хөтөлбөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд анх удаа, тэр тусмаа манай сургуульд хэрэгжихээр болсон таатай мэдээг ангийн багшаасаа сонсож, бүртгүүлэн сургалтад хамрагдсан билээ. Маш олон хүүхэд хамрагдахыг хүсэж байсан учраас би өөрийгөө тэнцэнэ гэж бодоогүй. Удалгүй сургалтад хамрагдах 20 хүүхдийн нэг болсноо сонсоод маш их баярласан. ESEL хөтөлбөрийн 8 долоо хоногийн хөтөлбөрт амжилттай суралцан төгсөж, гэрчилгээ гардаж аваад сэтгэл маш их догдолж байлаа. Би багаар ажиллах чадварт маш сайн суралцсан. Өмнө нь багаар биш ганцаараа тэмцээнд бэлдэж, ганцаараа оролцдог байсан болохоор сургалтын эхний долоо хоногт өөрийнхөө багаар ажиллах чадвар дутмаг байгааг ойлгосон. Багийн гишүүн бүр үүрэг хариуцлагаа тухай бүрд нь биелүүлж, бусдыг хүлээцтэй сонсож, үзэл бодлыг нь хүндэтгэж, сургалт бүр дээр хамтдаа гоё дурсамжууд бүтээж чадсан юм. Би өнгөрсөн нэгдүгээр сард Улаанбаатар хотод “ESEL хөтөлбөр хэрэгжүүлж буй Политехник коллеж, МСҮТ-үүдийн туршлага солилцох семинар”-т уригдан оролцож, нээлтэд нь үг хэлсэндээ баяртай байдаг.

Би эдүгээ Өвөрхангай аймгийн “Өвлайв” мэдээллийн сайтад ажиллаж байна. Мөрөөдөл маань нэвтрүүлэгч болох юм. Телевизийн хөтлөгч, нэвтрүүлэгчдийг хараад би ийм мэргэжилтэй хүн болно гэж шийдсэн. Мөрөөдлөө биелүүлэхээр алхам алхмаар, эрч хүчтэй урагшилж байгаа. Цаашид өөрийгөө хөгжүүлж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Олж авсан мэдлэг, ур чадвартаа тулгуурлан шинэлэг санаагаа төсөл болгон бичиж, шалгуурт нийцвэл бичил санхүүжилт авч гарааны бизнес эхлүүлэх боломж олгож буй энэ хөтөлбөр бидэнд бодитой өөрчлөлт авчирсан. Анх төсөлд хамрагдаж байх үед би санхүүгийн мэдлэг, хувийн зохион байгуулалт, бүр цаашлаад өөрийнхөө болон хамт суралцаж байгаа үе тэнгийн найз нөхөд, дүү нарынхаа сэтгэл зүйн онцлог гэж юу болох талаар ч мэддэггүй байлаа. Үүнээс болоод үл ойлголцох, хийж байгаа зүйлээ буруу тооцоолох гэх мэтийн олон бэрхшээлтэй тулгарч байсан. Эдгээрийг шийдвэрлэхэд сургагч багш нар маань их туслалцаа үзүүлсэн. Манай найзууд хүүхэд бүр өөрийгөө илэрхийлэх, асуудлаа шийдвэрлэх чадвартай байх хэрэгтэй гэж өдөр өдрийн хичээлүүдтэй холбож, өөрсдийн алдаа болон давуу талуудаа олж, түүндээ тулгуурлан төслөө бичдэг болсон. Бас өөрсдийн бичсэн төслөө бусдын өмнө зөвөөр илэрхийлж сурсан.

Э.Хоролням “ESEL хөтөлбөр хэрэгжүүлж буй Политехник коллеж, МСҮТ-үүдийн туршлага солилцох семинар”-ийн үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн хамт (2023.01.24)

Э.Хоролням, Өвөрхангай Политехникийн коллежийн сурагч, ESEL хөтөлбөрийн төгсөгч
Бид багаараа “Dream party” төслөө амжилттай хэрэгжүүлж байна. Цаашид аймгийн хэмжээнд зарлагдах том, жижиг төсөл, хөтөлбөрүүдэд оролцоно, төслөө улам өргөжүүлж, хувийн компани байгуулна гэсэн том зорилго тавьсан байгаа. “Томоор мөрөөд, жижгээр эхэл, гэхдээ хамгийн чухлаас нь эхэл” гэж Саймон Синекийн хэлсэн үгэнд дуртай. Авьяасгүй хүн гэж байдаггүй, харин айдас, эргэлзээгээ даван туулах чадваргүй хүн л байдаг гэж боддог. Би өмнө нь аймхай, түүнийгээ “ичимхий” гэдэг үгээр далдалдаг байсан болохоор шинэ сургууль, шинэ орчинд энэ дутагдлаа бага багаар засаж чадсан минь амжилтын эхлэл болсон.
Үеийн найзууд, дүү нартаа хандаж хэлэхэд, үзэл бодолдоо үнэнч байж, зорилгодоо хүрэхийн төлөө хичээдэг, тохиолдож буй бэрхшээлийг даван туулах зоригтой, тууштай байгаарай гэж захъя. Харилцан суръя, хамтдаа бүтээе!