Ё.НЯМДАВАА
“ОРОН НУТГИЙН ӨСВӨР ҮЕИЙНХЭНД ХУВЬ ХҮНИЙ УР ЧАДВАР, ЭНТРЕПРЕНЕРШИПИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ТӨСӨЛ”-ИЙН МЕНЕЖЕР
Ё.Нямдаваа нь Японы нийгмийн хөгжлийн сангийн санхүүжилт, Дэлхийн банкны менежментээр хэрэгжиж буй “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершипийн боловсрол олгох төсөл”-ийн менежерээр ажиллаж байна.
Тэрээр Албан бус боловсролын төвийн захирал, Боловсролын хүрээлэнгийн дэд захирлаар ажиллаж, Монгол Улсад албан бус боловсролын тогтолцоо хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулжээ. Түүний хувьд НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд болох Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагад ажиллаж, хүүхэд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, дотоодын шилжилт хөдөлгөөний асуудлаарх төслүүд хэрэгжүүлсэн туршлагатай юм.
Ё.Нямдаваа МУБИС-ийг түүх-нийгэм судлалын багш мэргэжлээр төгсөж, Албан бус боловсролын судалгаагаар магистрын зэрэг хамгаалсан. Парис дахь ЮНЕСКО-гийн Олон улсын боловсрол төлөвлөлтийн институтийг олон улсын боловсролын менежмент, төлөвлөлтийн мэргэжлээр суралцаж төгссөн.
Тэрээр, байгалийн гэрэл зураг авах хоббитой, олон улсын боловсролын менежмент, насанд хүрэгчдийн болон бичиг үсгийн боловсролын чиглэлээр уншиж, судлах дуртай.