“ӨӨР ӨӨР” нөлөөллийн аян
Хүүхдийг Ивээх Сан “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь” төслийг 2018 оноос хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн хүрээнд боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийн талаарх ойлголт, мэдлэг, хандлага, арга зүй, ур чадварыг харуулж ойлгуулах зорилгоор 2019, 2020 онд “Өөр Өөр” нөлөөллийн аянг зохион байгуулж, давхардсан тоогоор 4 сая гаруй хүнд мэдээллээ түгээв.
Монгол Улсын хууль тогтоомж, бодлогын баримт бичгүүдэд тусгай хэрэгцээт хүүхдүүдийг тэгш хамруулан сургах үзэл санаа туссан хэдий ч хэрэгжилт хангалтгүй байна. Үүнд олон хүчин зүйл нөлөөлж байгаагийн нэг нь багш, эцэг эх, олон нийтийн сөрөг хандлага юм.
Хүүхдийг Ивээх Сангаас явуулсан судалгааны дүнгээс харахад эцэг, эхчүүдийн 82 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тусгай сургуульд сургах нь үр дүнтэй гэж үзсэн. Гэхдээ Монгол Улс ч, дэлхий нийт ч эдгээр хүүхдүүдийг ердийн сургуульд тэгш хамруулах зарчмыг барьж байгаа тул манай сургуулиуд, багш, эцэг эхчүүд, олон нийт хандлагаа өөрчилж, хүн бүр өөр өөрөөр хөгждөг гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна. Тиймээс Хүүхдийг Ивээх Сангаас олон нийтийн хандлагыг өөрчлөх зорилгоор сошиал кампанит ажлыг хэрэгжүүлсэн билээ.
Бид кампанит ажлаараа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хэрхэн сурч, хөгжиж, ажиллаж, нийгэмдээ хувь нэмэр оруулж яваа сайн сайхан жишээнүүдийг түгээлээ. Нөгөө талаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй эцэг эхчүүдэд хандаж, хүүхдээ гэртээ нуулгүй, авьяас чадварыг нь нээж хөгжүүлэх сэдэл төрүүлэх мессежийг бүтээлч постерууд, амжилтын түүх, нөлөөлөгчдийн постуудаар дамжуулан өгөхийг хичээсэн.
“Өөр Өөр” нөлөөллийн аяны үр дүн:
Тэгш хамруулах хэрэгтэй гэж үзсэн эцэг эхийн тоо 2 хувиар өссөн байна.
Тусгай хэрэгцээтэй хүүхэд ердийн ЕБС-д бусад хүүхдийн хамт суралцах хэрэгтэй гэж үзэж буй эцэг, эхчүүдийн тоо 5 хувиар өссөн байна.
Тусгай хэрэгцээтэй хүүхдэд туслахад өөрөөрөө бахархдаг гэж үзэж байгаа хүүхдүүдийн тоо өссөн үзүүлттэй байна.
2019 оны “Өөр Өөр” нөлөөллийн аяны видео бүтээлүүдийг эндээс үзнэ үү.
2020 оны “Өөр Өөр” нөлөөллийн аяны видео бүтээлүүдийг эндээс үзнэ үү.
Та энэхүү кампанит ажлын дэлгэрэнгүй мэдээллийг #ӨөрӨөр хаштагаар фейсбүүк болон цахим хайлтын сүлжээнээс үзэх боломжтой.