“Нийгэмшүүлэх Цирк” төсөл (1999-2019)
Хүүхдийг Ивээх Сан 1999-2019 онд Канадын Нарны цирк корпорацын “Нийгэмшүүлэх цирк” хөтөлбөр хэрэгжүүлж, 9,500 гаруй хүүхэд, багш нарт циркийн урлагаар бие бялдрын болон тулгарсан бэрхшээлийг даван туулах, нийгэмших ур чадвар, аргазүйг эзэмшүүлэв. Энэ төсөл циркийн урлагаар хүмүүсийн өөрийн үнэлэмж болон бусдад итгэх итгэлийг нэмэгдүүлэх, нийгмийн идэвхтэй гишүүн байж, бүтээлч сэтгэлгээ, авъяас чадвараа нээхэд туслах зорилготой, хүүхдийн хувь хүний болон нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах замаар гэр бүлийн хамгааллыг сайжруулах, хүүхдийн бие бялдар, сэтгэл зүйг дэмжин нийгэмшүүлэх, хүсэл мөрөөдлийг дэмжих, багаар ажиллах, биеэ дайчлах чадвар төлөвшүүлэх, үлгэр дуурайлал болохуйц томчуудаас суралцахад нь туслах, зорилго тавих, шийдвэр гаргах зэрэг бие даан амьдрах чадвар эзэмшүүлэх зорилт тавьжээ.
Уг төсөл Хүүхдийг Ивээх Сангийн халамжийн төвүүд, Олон нийтэд түшиглэсэн хүүхэд, хөгжил, хамгааллын төвүүд, “Хүүхэд” төв, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 411-р анги, төрөөс санхүүжилттэй халамж, асрамжийн төвүүд, “Хүүхэд залуучуудын хөгжил, хамгаалал” ТББ, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, НТБҮТ-ийн харьяа Албан бус Hасан туршийн боловсролын төвүүд болон Ерөнхий боловсролын 29-р сургуульд хэрэгжив. Төслөөр дасгалжуулагч багш, нийгмийн ажилтнуудыг бэлтгэх, чадавхжуулах сургалтыг 4 удаа явуулж, 30 гаруй байгууллагын 70 орчим ажилтныг сургаж, дасгалжуулагч багш, нийгмийн ажилтан бэлтгэх 40 цагийн сургалтын хөтөлбөр, “Нийгэмшүүлэх дасгал, тоглоом” эмхэтгэл, “Нийгэмшүүлэх цирк” сургалт зохион байгуулах аргазүйн гарын авлага хэвлэн түгээв. Сургалтад хамрагдсан хүүхдүүдийн биеийн өсөлт хөгжил, хөдөлгөөний эвсэл сайжран өөртөө болон бусдад итгэх итгэл нь нэмэгдэж, зорилго тавих, хатуужил тэвчээрт суралцах, бүтээлчээр сэтгэх, бие даах, амьдрах ухаанд сурах, багаар ажиллах зэрэг хувь болон нийгмийн чадваруудад эерэг өөрчлөлтүүд гарчээ. Эрх нь зөрчигдсөн, нийгмийн үйлчилгээ шаардлагатай хүүхдийг илрүүлэн ганцаарчилсан уулзалт хийж, гэр бүлд нийгмийн нөхцөл байдлын үнэлгээ хийж асуудал тодруулах, ганцаарчилсан уулзалт, зөвлөгөө өгөх, нийгмийн суурь үйлчилгээнүүдэд зуучлах зэргээр хамгааллын үйлчилгээ үзүүлснээр хамтрагч байгууллагуудын хүүхэд хамгааллын чадавх бэхжив. Хүүхдийн нийгэмшлийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэх, зуны сургалтад хамруулах, хүүхдийн оролцоотой нийгэмшүүлэх циркийн аргазүйг олон нийтэд сурталчлах нөлөөллийн ажлууд зохион байгуулсан.