Д.Давааням: “Амьдралыг урам зоригтой туулж явна”
Түүхийг бичсэн А.Дэлгэрмаа 2019 оны 10 сарын 25.
Хүүхдийг Ивээх Сангийн хэрэгжүүлсэн “Хүүхэд ба Дуран” төсөлд хоёр жил хамрагдахдаа ирээдүйн мэргэжлийн чиглэлээ тодорхойлж, зорилгынхоо араас тууштай хөдөлмөрлөсөн Д.Давааням өнөөдөр зорьсондоо хүрч, Монгол улсын гэрэл зургийн салбарт удирдах алба хашингаа олон хүүхэд, залууст зааж сургаж байна.
Гэрэл зургийг ©Хүүхдийг Ивээх Сангийн архив, 2006 он
Даваанямын түүх
Намайг Дэлгэржаргалын Давааням гэдэг. Би гэрэл зургийн Гамма агентлагт гэрэл зурагчин, СУИС-ын Радио Телевиз Медиа урлагийн сургуульд гэрэл зургийн багш, Баримтат гэрэл зургийн Батзориг сангийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. 2005 онд 9-р ангид байхдаа Хүүхдийг Ивээх Сангийн Хайлаастайд хэрэгжүүлсэн “Хүүхэд ба Дуран” төслийн анхны сурагчдын нэг болсон. Ингэж өөрийн хобби, ажил төрөл, амьдрал ахуй гээд байдаг бүх зүйлээрээ Хүүхдийг Ивээх Сантай холбогдсон доо.
2017 оны Азийн шилдэг гэрэл зурагчин Д.Давааням: “9-р ангид байхдаа Хүүхдийг Ивээх Сангийн “Хүүхэд ба Дуран” төслийн анхны сурагчдын нэг болсон. Би одоо гэрэл зургаар дамжуулан нийгэмд эерэг өөрчлөлт авчрахыг хичээн, амьдралыг урам зоригтойгоор туулж явна.”
“Хүүхэд ба дуран” төсөл нь гэрэл зургаар дамжуулж өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэхэд хүүхдүүдэд туслах зорилготой байсан. Хар цагаан гэрэл зургийн лаборатори байгуулж, жил бүр нэг бүлгийн 10 хүүхдийг сургадаг байв. Хар цагаан хальс, цаас, лабораторийн хэрэглэл, сурах материал гээд бүх зүйл нь бэлэн байсан учир хүүхдүүдэд, ялангуяа гэр хороололд амьдардаг хүүхдүүдэд маш том боломж байсан. Манай төслийн хүүхдүүд гэрэл зургийн 70 жилийн ойн баяраар анхны гэрэл зургийн үзэсгэлэнгээ гаргасан. Зургаа үзэсгэлэнгийн хэмжээнд гаргаж, хүмүүст үзүүлнэ гэдэг бол тасарчихсан гоё мэдрэмж шүү дээ.
Би уг нь барилгын инженер болно гэж мөрөөддөг байв. Тухайн үед барилгын салбар ирээдүйтэй гэж нийтээрээ хошуурдаг байсан. Харин гэрэл зургийн багш маань намайг гэрэл зургаараа явах ёстой гэж зөвлөж байлаа. Тэгээд л хувь тавилан, заяа төөргөөрөө би энэ салбарын хүн болсон. Гэрэл зургийн олон төрлөөс баримтат гэрэл зургийг сонгож, түүгээрээ дагнан уран бүтээлээ хийдэг. Нийгмийн болж бүтэхгүй байгаа асуудлыг баримтат гэрэл зургаар дамжуулан үзүүлж, Монголын гэрэл зурагт өөрийнхөө хэмжээнд хувь нэмрээ оруулаад явж байна.
Гэрэл зургийг ©Хүүхдийг Ивээх Сан, 2019 он
Хүүхдийг Ивээх Сан надад өгч болох зүйлсийг бүгдийг өгсөн. Би амьдралынхаа ханийг эндээс олж харж байлаа. Бид хоёр одоо хоёр сайхан хүүхэдтэй. Хүүхдүүдтэйгээ аль болох эерэг харилцаж, зөв хүмүүжүүлэхийг хичээж явдаг. Хүүхдийг Ивээх Сантай анх холбогдсоноос хойш 14 жил өнгөрчээ. Энэ хугацаанд би өөрийн гэсэн ажил мэргэжил, гэр бүлтэй болж, амьдралыг урам зоригтойгоор туулж явна.
Төслийн тухай мэдээлэл:
Хүүхдийг Ивээх Сан 2005-2009 онд Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт байрлах Хүүхэд хөгжил хамгааллын төвд түшиглэн “Хүүхэд ба Дуран” төслийг хэрэгжүүлжээ. Энэхүү төслийн зорилго нь хотын захын дүүргийн өсвөр насны хүүхдүүдэд гэрэл зургийн хичээлээр дамжуулан урлагийн боловсрол олгох буюу хувь хүний хөгжил, бүтээлч чанар, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх байсан юм. Төсөл хэрэгжсэн таван жилийн хугацаанд 8 бүлгийн 80 гаруй хүүхэд гэрэл зургийн анхны шатны мэдлэг эзэмшсэнээс мэргэжлийн хоёр гэрэл зурагчин төрөн гарсан ба өөртөө итгэх итгэл, бүтээлч чадварт суралцсан бусад сурагчид нийгмийн олон янзын салбарт амжилттай ажиллаж, амьдарч байна.
Хүүхдийг Ивээх Сангийн үйл ажиллагааны тухай дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу. www.savethechildren.mn