С.Мөнгөншагай: “Хүүхдүүддээ хүлээцтэй хандаж, сонирхсон зүйлийг нь тайлбарлаж өгдөг болсон”

Түүхийг бичсэн А.Дэлгэрмаа  2019 оны 11 сарын 15.

Хүүхдийг Ивээх Сангийн хэрэгжүүлсэн “Монгол Улсад Хүүхэд Хамгааллын Тогтолцоог Бэхжүүлэх нь” төслийн хоёрдугаар үе шатын хүрээнд эцэг, эхчүүдэд зориулан зохион байгуулсан зургаан долоо хоногийн сургалтанд оролцсон хоёр хүүхдийн аав Мөнгөншагайн хүүхдээ хүмүүжүүлэх арга барилд гарсан эерэг өөрчлөлтүүдийг онцлон ярилаа.

Гэрэл зургийг ©Д.Давааням /Хүүхдийг Ивээх Сан, 2019 он

Мөнгөншагайн түүх

Намайг Сумъяагийн Мөнгөншагай гэдэг. Манайх ам бүл дөрвүүлээ, эхнэр хоёр хүүтэй. Манай эхнэр уул уурхайн компанид оператор хийдэг. 28 хоног ажиллаад 14 хоног амардаг учраас би хоёр хүүгээ хардаг. Гэр орон цэвэрлэх, хүүхэд зөөх бол дан ганц эмэгтэй хүний ажил биш юм. Эрэгтэй хүн байсан ч хамаагүй, аль боломжтой нь амжуулаад явдаг байх ёстой гэж би боддог. Анх манай хорооноос эцэг эхчүүдэд зориулсан сургалтанд суух уу гэж асуухаар нь очоод, хүүхэд хүмүүжлийн эерэг арга сургалтанд суусан. Энэ нь Хүүхдийг Ивээх Сангийн хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэх 48 хоногийн хөтөлбөр байв. Эндээс би хүүхдийг арга эвээр хүмүүжүүлэх мөн ч олон зүйл ойлгож авсан.

Хүмүүжлийн Эерэг Арга сургалтанд суусны дараа хүлээцтэй байж, хүүхдүүддээ аливаа зүйлийг тайлбарлаж өгдөг болсон.

Би ер нь түргэн ууртай хүн. Уураа барьж, өөрийгөө хянахгүй бол хүүхдүүддээ ширүүдчих гээд байдаг байсан. Чанга дуугарна, болохгүй бол ороолгоод авдаг байсан. Ер нь аавууд хүүхдээ ширүүлж зандарч, болж өгвөл зодчих гээд байдаг талтай. Харин энэ сургалтанд суусны дараа юмны наадах цаадхыг ойлгож, хүүхэдтэйгээ хүлээцтэй, тэвчээртэй харьцдаг боллоо. Миний хүү тэгэж болохгүй гээд эвээр хэлдэг болсон. Хүүхэд рүү орилж хашхирахаар зүрх муутай болдог гэдгийг мэдсэн. Сургалтанд надаас бусад нь дандаа ээжүүд суусан. Тэнд аавуудын төлөөлөл болж сууснаараа дараа нь бахархсан. Сурч, мэдсэн юмаа найзууддаа хэлж өгч байна.

Би хоёр хүүхдээсээ их урам зориг авдаг, ирээдүйд тэднийгээ хүний дайтай хүн болгохсон. Тийм болохоор гар хүрэхээ байсан. Ширүүлээд байхаар хүүхэд юмаа нуугаад, аав угаасаа загнана гээд хэлдэггүй байсан. Харин эвээр тайлбарлаад ирсэн чинь бидний харьцаа огт өөр болсон, юм нуугаад хэлэхгүй байдаг байсан бол хүүхдүүд маань аавтайгаа найз шигээ ярьдаг боллоо. Эерэг аргаар хүмүүжүүлнэ гэдэг нь сайн найз шиг нь бай, хүүхэдтэйгээ сайн ярилцдаг бол гэсэн үг.

Гэрэл зургийг ©Д.Давааням /Хүүхдийг Ивээх Сан, 2019 он

Төслийн тухай мэдээлэл:
Хүүхдийг Ивээх Сан “Монгол Улсад Хүүхэд Хамгааллын Тогтолцоог Бэхжүүлэх нь” төслийг Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)-ын санхүүжилтээр 2018-2021 онд Улаанбаатар хот, Дорнод, Архангай аймгуудад хэрэгжүүлж байна. Төслийн үндсэн зорилтын нэг нь сонгогдсон сум, баг, хорооны эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх арга барилыг зааж сургаж, зөвлөгөө өгөх ба төслийн үргэлжлэх гурван жилийн хугацаанд 1000 гаруй эцэг, эхийг сургалтад хамруулна. Мөн Хүүхэд хамгааллын талаарх иргэд, олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх нөлөөллийн ажлуудыг тухайн орон нутгийн хамтарсан багийн санаачилга оролцоонд тулгуурлан зохион байгуулж, дэмжин ажиллаж байна.