Г.Эрдэнэбаатар: Малаа өсгөх хүсэлтэй хүмүүст малжуулах хөтөлбөр хэрэгтэй байлаа

Хүүхдийг Ивээх Сангаас 2016 онд Сүхбаатар аймагт хэрэгжүүлсэн малжуулах хөтөлбөрт хамрагдсан малчид өнгөрсөн дөрвөн жил хичээл зүтгэл, хөдөлмөрөөр мал сүргээ өсгөн үржүүлж, ашиг орлого нь нэмэгдэн, амьжиргаа нь тогтворжжээ. Эдгээр малчдын зарим төлөөлөлтэй уулзаж, малжуулах хөтөлбөрийн үр өгөөжийн талаар ярилцсан юм. Энэ удаа Сүхбаатар аймгийн Наран сумын малчин Г.Эрдэнэбаатарын амжилтын түүхийг танилцуулж байна.

Малжуулах хөтөлбөр яагаад хэрэгжих болов?

2015-2016 оны өвөл Сүхбаатар аймгийн нийт нутгаар ширүүн зуд болж, нийт 136 мянган мал хорогдон, олон малчин өрхийн амьжиргаа эрсдэлд оржээ. Зуданд малаа алдсан эмзэг бүлгийн малчдын амьжиргааг дэмжихийн тулд Хүүхдийг Ивээх Сан, Шведийн олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн санхүүжилтээр 2016 онд өвөлжилт, хаваржилт хүндэрсэн орон нутгийн малчин өрхийг дэмжих төсөл хэрэгжүүлсэн юм. Төсөл малын сувиллын багц тараах, зуданд хорогдсон малын сэг зэмийг устгах, малжуулах, мөн бэлэн мөнгөний тусламж үзүүлэх ажлуудаас бүрдэж байв.

Малчдыг 40-80 толгой малтай, мал маллаж амьжиргаагаа залгуулдаг, зуднаар нийт малынхаа 30-аас дээш хувийг алдсан, хүн хүчний хувьд боломжтой, бэлчээр, худаг ус, өвөлжөөтөй байх, 0-5 хүртэлх насны хүүхэдтэй, наад зах нь нэг хүүхдээ сургуульд сургадаг гэх зэрэг шалгуураар малжуулах хөтөлбөрт хамруулжээ.

Хүмүүнлэгийн тусламжийн түгээлтийн үеэр ©Хүүхдийг Ивээх Сан, 2016 он

Эдгээр шалгуураар Сүхбаатар аймгийн Наран, Онгон, Баяндэлгэр, Түвшинширээ сумын нийт 70 өрхөд 1870 толгой мал буцалтгүй нөхцөлөөр өгч, хоёр удаа мөнгөн тусламж үзүүлсэн байна. Төслийн хүрээнд зуданд хорогдсон 27 орчим мянган малын сэг зэм устгаж, 776 өрхөд малын сувиллын багц өгчээ. Өвөлжилт, хаваржилт хүндэрсэн орон нутгийн малчин өрхийн амьжиргааг богино болон урт хугацаанд дэмжих зорилготой энэхүү төсөлд нийт 230 мянган ам.доллар зарцуулсан юм.

Малжуулах хөтөлбөрт хамрагдсан малчид малаа сонгон авч байгаа нь. ©Хүүхдийг Ивээх Сан, 2016 он

Г.Эрдэнэбаатарынх хөтөлбөрт хэрхэн хамрагдав?

Наран сумын малчин Г.Эрдэнэбаатар цэргээс халагдаж ирээд, 2011 оноос мал маллаж байгаа аж. Тэднийх ам бүл дөрөв, хоёр хүүхэдтэй залуухан гэр бүл. Сүхбаатар аймагт 2016 онд болсон зудын дараа тус суманд малжуулах чиглэлийн хэд хэдэн төсөл хэрэгжих болжээ. Түүнд Г.Эрдэнэбаатарынх ороогүй байна. Дараа нь багийн хурал дээр Хүүхдийг Ивээх Сангаас малжуулах хөтөлбөр хэрэгжих гэж байгааг сонсоод, өргөдлөө өгчээ. Тэдний багаас бас нэлээд хэдэн айл өргөдлөө өгч, ихэнх нь шалгуурт тэнцсэн аж. Г.Эрдэнэбаатарынх малжуулах хөтөлбөртөөс 13 ямаа, 13 хонь авсан байна. Цаашдаа өсгөж, үржүүлэх зорилготой байсан болохоор төллөх мал сонгож. Малжуулах хөтөлбөрийн нэг давуу тал нь малчид тогтоосон тоонд ямар нас, хүйсний хэдэн хонь, хэдэн ямаа авахаа өөрсдөө сонгожээ. Үүнээс гадна хөтөлбөрөөс ядарч сульдсан малаа тэжээж сувилахад зориулсан малын тэжээлийн сувиллын багц, гэр бүлийн эрүүл мэнд, хүүхдийн боловсрол зэрэг нэн яаралтай хэрэгцээнд зориулан хоёр удаа мөнгөн тусламж өгчээ.

г.Эрдэнэбаатар хонины бэлчээр дээрээ ©Хүүхдийг Ивээх Сан, 2020 он

Хөтөлбөрийн үр нөлөө хэрхэн гарч байна вэ?

Малжуулах хөтөлбөрт хамрагдсан эхний жилдээ Г.Эрдэнэбаатарынх 25 толгой төл авчээ. Түүнээс хойш жил бүр 20 гаруй төл авч, мал сүргээ өсгөн, үржүүлжээ. Тэдний сүргийг харахад голдуу хүрэн улаан ямаа байх. Энэ талаараа Г.Эрдэнэбаатар “Өнгөрсөн дөрвөн жил ямаагаа арай илүү өсгөсөн. Ямаа их хурдан өсдөг мал. Ноолуураас авах ашгаа ч бодсон. Хоёр жилийн өмнө нэг кг ноолуур 120-130 мянга, ноднин 60-70 мянга, энэ жил 70-80 мянга орчим төгрөг байлаа. Манайх жилдээ ямаанаасаа 30-40 орчим кг ноолуур самнадаг” гэж ярилаа. Бас цаашдаа үхэр, ямаа илүү өсгөхөөр төлөвлөөд байгаагаа хэлсэн юм. Сүхбаатар аймгийн малын мах, үүн дотроо үхрийн мах амт чанартай байдаг тул зах зээлд эрэлт сайтай байдаг аж. Бас энэ нутаг үхэр сүрэг үржүүлэхэд илүү тохиромжтой аж. Хүүхдийг Ивээх Сангийн малжуулах хөтөлбөрт хамрагдах үедээ дөчөөд толгой малтай байсан Г.Эрдэнэбаатарынх өнөөдөр 200 нэлээд гарсан тооны малтай болжээ.

Малжуулах хөтөлбөр малаа өсгөж, үржүүлэх хүсэлтэй хүмүүст үнэхээр хэрэг болсон. Миний бодлоор цаашид ч ийм хөтөлбөр хэрэгтэй. Г.Эрдэнэбаатар

Сүхбаатар аймагт 2016 онд хэрэгжүүлсэн малжуулах хөтөлбөр өнөөдөр ч малчдад өгөөжөө өгсөөр байна. Цаашдаа ч өгөөжөө өгсөөр байх биз ээ.