Сурагчдын клубийнхэн эрүүл амьдралын хэвшилд уриалдаг
Сумын сургуулийн сурагчид эрүүл мэндийн клуб байгуулан сургуулийн эмч, эмнэлгийн нийгмийн эрүүл мэндийн ажилтан болон эмч нар, чиглүүлэгч багшаасаа сургалт авч, сурч мэдсэнээ сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд, гэр бүлийнхэн, найз нөхөд, үе тэнгийнхэндээ зааж, орон нутагтаа эрүүл амьдралын хэвшил бий болгоход хувь нэмрээ оруулж байна. Энэ бол Архангай аймгийн Тариат сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Эмч клуб” юм.
Тариат сумын Эмч клубийн сурагчид. Зургийг ©Ч. Батпүрэв/ Хүүхдийг Ивээх Сан
Хүүхдийг Ивээх Сан АНУ-д төвтэй “Денан төсөл”-ийн санхүүжилтээр Архангай аймгийн Тариат сумын Сум дундын эмнэлэгт 2012 онд эрүүл мэндийн төсөл хэрэгжүүлж эхэлсэн билээ. Төсөл өмнөө олон зорилт тавьсны нэг нь хүн ардын нийгмийн эрүүл мэндийг дээшлүүлэх байв. Энэ зорилтынхоо хүрээнд Тариат суманд эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн оролцооны клуб байгуулж, сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжөөр хангаж, үйл ажиллагаа явуулах анги танхим гарган тохижуулж өгчээ. Өнөөдөр “Эмч клуб” 8-12 дугаар ангийн 20 сурагчтайгаар үйл ажиллагаа явуулж байгаагаас эрэгтэй 6, эмэгтэй 14 сурагч байна. Энэ жил клубийн гишүүд тус бүр нь 5 гишүүнтэй 4 багт хуваагдан ажиллаж байгаа юм. Клубийнхэн фейсбүүк сүлжээнд “Тариат эмч клуб” нэртэй групп хуудас нээж, олон нийтэд эрүүл мэндийн чиглэлийн мэдээлэл хүргэж эхэлжээ. Тэд цаашид групп хуудсаа өргөжүүлж, хөгжүүлэх зорилготой аж.
Архангай аймгийн Тариат сумын ЕБС-ийн химийн багш, “Эмч клуб”-ын чиглүүлэгч багш А.Ариунжаргал:
Би чиглүүлэгч багшаар 3 дахь жилдээ ажиллаж байна. Манай клубийнхэн энэ хугацаанд олон сургалт, нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгууллаа. Тухайлбал, клубийнхээ сурагчдаар дамжуулан 1-12 дугаар ангийн бүх сурагчдад “Инээмсэглэе” аян, хеликобактериас сэргийлэх талаар сургалт явуулсны үр дүнд хүүхдүүд аяга дамжуулан ус уухаа больж, хүүхэд бүр цүнхэндээ аягатай явдаг болсон. Сүүлийн гурван жилд “Эмч клуб”-аас найман хүүхэд анагаах ухааны чиглэлээр их, дээд сургуульд элсэн, суралцаж байна.
Архангай аймгийн Тариат сумын ЕБС-ийн 11-р ангийн сурагч, “Эмч клуб”-ын ахлагч Ц.Дэлгэрмөрөн:
Би клубтээ гурван жил явж байна. Энэ хугацаанд багаар ажиллах, бусдад өөрийгөө ойлгуулах, хүлээцтэй хандах, мэдсэн, сурснаа бусдад хүргэх чадвар эзэмшсэн. Бид энэ жил шинэ корона вирусын аюул, түүнээс хэрхэн сэргийлэх талаар мэдээлэл хүргэх, клубийнхээ гишүүд болон сурагчдад дархлаагаа эрүүл, эерэг аргаар хэрхэн дэмжих талаар таниулах зорилготой байгаа. Өмнөх жилүүдэд сургуулийнхаа зургаанаас дээш ангийнханд хеликобактери, архи, тамхины хор уршгийн талаарх мэдээллийг нэгдсэн журмаар өгсөн. Хүүхдүүд эергээр ойлгон, хүлээж авна. Дараа нь эргэж асуухад сурагч бүр цаашаа 1-2 хүнд нөлөөлсөн байдаг юм. Би зуныхаа амралтаар хөдөө гэр бүл, хот айлынхандаа өөрийн сурсан мэдлэгээ хүргэдэг. Ирээдүйд мэс заслын эмч болох хүсэлтэй.
Архангай аймгийн Тариат сумын ЕБС-ийн 12-р ангийн сурагч, “Эмч клуб”-ын гишүүн Г.Мөнхтогтох
Би 3 дахь жилдээ клубтээ явж байна. Манай клубийнхэн эрүүл зөв дадал хэвшлийг бусдад түгээх, эрүүл мэндийн ажилчдад туслах үүрэгтэй. Миний хувьд клубийн гишүүн болсноороо багаар ажиллах, бусдад өөрийгөө илэрхийлэхэд суралцаж, өөрийгөө нээж чадсан. Их зүйлийг сурсан. Клубийн хүүхдүүдтэй хамт бага, дунд ангийнханд сургалт явуулж байсан. Сургалтаа тоо баримтад тулгуурладаг. Бас хөдөө ах, дүү нартаа олон мэдээлэл хүргэж байгаа. Тэд надаас нэг ч гэсэн зүйлийг ойлгож, сурч байгааг хараад би баярладаг, урам авдаг. Манай клубийн сургалтыг хүүхдүүд их эергээр хүлээж авдаг. Би ирээдүйд эм зүйч мэргэжилтэй болох хүсэлтэй.
Чиглүүлэгч багш А.Ариунжаргал “Сүүлийн хоёр жилд клубийн сургалтууд ахицтай болсон. Хүүхдүүдийг сургалт явуулахад үе тэнгийнхэн, найз нөхөд, ах эгч нар нь их таатай хүлээж авдаг. Сургалтын үеэр асуулт ч их ирнэ” хэмээн ярилаа. Тэрээр мөн “Эмч клуб”-ийн гишүүн байсан, одоо анагаахын чиглэлээр их, дээд сургуулиудад суралцаж байгаа оюутнуудыг амралтаараа ирэхэд нь гишүүдтэйгээ уулзуулж зөвлөгөө өгүүлэхээр төлөвлөөд байгаагаа танилцуулсан.
Тариат сумын сурагчид эрүүл мэндийн клубийн гишүүн болсноороо эрүүл мэндийн боловсрол, эрүүл амьдралын хэвшлийн талаар их зүйлийг сурч, хүнтэй сайхан харьцах, сонсох, тэдэнд зөвлөгөө өгөх, бусдын төлөө мэдлэг оюунаа зориулах чадвар эзэмшсэн байна. Сурагчид өөрийгөө таньж, ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход ч нөлөөлжээ.
Хэвлэлийн мэдээг бичсэн: Ч. Батпүрэв, Хүүхдийг Ивээх Сангийн Мэдээлэл харилцааны зөвлөх