Д.Ганзориг: Малжуулах хөтөлбөр бидэнд урам зориг өгсөн

Өөрсдийнхөө тухай…

Намайг Д.Ганзориг гэдэг. Би Сүхбаатар аймгийн Наран сумын 2-р багийн малчин. Манайх ам бүл зургуулаа, эхнэр, дөрвөн охины хамт амьдардаг. Эхнэр маань одоо хүүхдийн цэцэрлэгт ажиллаж байна.

Малжуулах хөтөлбөрийн тухай…
Хүүхдийг Ивээх Сан, Шведийн олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн санхүүжилтээр өвөлжилт, хаваржилт хүндэрсэн орон нутгийн малчин өрхийг дэмжих төслийг Сүхбаатар аймагт 2016 онд хэрэгжүүлжээ. Энэхүү төслийн малжуулах хөтөлбөрт тус аймгийн Наран сумын 9 малчин өрх хамрагдаж байв. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас олон тооны мал нь хорогдож, амьжиргааны үндсэн эх үүсвэрээ алдсан боловч цаашид мал сүргээ өсгөж амьдрах чин хүсэл эрмэлзэлтэй малчин өрхийг сонгож малжуулсан юм.

Манай нутагт 2015-2016 онд зундаа хур бороо багатай, зуншлага муу, өвөлдөө цастай, хавартаа хавсарга ихтэй байлаа. Тиймээс нэлээд ширүүн зуд болж, олон айл өрх малаа алдсан юм. Тухайн үед малжуулах хөтөлбөр хэрэгжих гэж байгаа талаарх мэдээллийг сумаасаа анх сонсоод хамрагдах хүсэлтээ гаргасан. Манайх малаа зуданд алдсан, мал маллаж амьжиргаагаа залгуулдаг, дөрвөн хүүхэдтэй гэсэн шалгуураар төсөлд тэнцсэн юм. Ингээд малжуулах хөтөлбөрөөс 13 ямаа, 13 хонь авлаа. Малаа өсгөх зорилготой байсан болохоор бүгдийг нь төллөх мал сонгосон. Малжуулах хөтөлбөрөөс бас хоёр удаа мөнгөн тусламж авсан. Тэр мөнгөөрөө малдаа эм тариа, тэжээл, хүүхдүүдийн хичээлийн ном, хэрэгсэл авч, цалин мөнгө багатай үед их тус дэм болсон доо. Хүүхдийг Ивээх Сангийн малжуулах хөтөлбөр бидэнд мал маллах, малаа сайхан өсгөөд явах урам зориг өгсөн. Хэрвээ надад тэгэж урам өгөөгүй бол урдынхаараа явах байсан биз. Тиймээс өнгөрсөн дөрвөн жил эхнэр бид хоёр малаа өсгөж, үржүүлэх ёстой гэж хамтдаа зүтгэн, хичээж ажилласан юм. Малжуулах хөтөлбөр үнэхээр үр өгөөжөө өгч байна. Уг нь манай сум бэлчээр, ус сайтай нутаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд малын тоо нэмэгдэж, бэлчээрийн даац хэтрээд байгаа. Миний бодлоор малынхаа тооноос илүүтэй чанарлаг, таваарлаг байдал дээр нь анхаарах ёстой юм шиг санагддаг.

Малаа өсгөхийн тулд…

Манайх 2015-2016 оны зуданд 100 орчим малаа алдаад 10 гаруй малтай үлдэж байлаа. Ингээд өөрийнхөө үлдсэн хэд дээр малжуулах хөтөлбөрөөс авсан 26 малаа нэмж төллүүлээд, 2017 оны хавар ямааныхаа ноолуурын мөнгөөр хэдэн ишигтэй ямаа худалдаж аваад мал дээрээ нэмсэн. Түүнээс хойш хонио эр төлгийг нь охин төлгөөр сольж, үржлийн малынхаа тоог илүү олон болгож байгаа. Бас эр малаа борлуулж олсон орлогоноосоо болж өгвөл үржлийн бог мал худалдаад авчихдаг. Мал төлөөрөө өсдөг болохоор жил бүр төлөө тусад нь тэжээж онд бүрэн оруулна. Өнгөрсөн өвөл манай сум цастай байсан болохоор төл малаа сумын төвд тэжээсэн. Малжуулах хөтөлбөрийн дараахь үеийг өнөөдөртэй харьцуулахад 40 гаруй толгой малаа 200 гаруй болгож өсгөсөн байна. Өнгөрсөн зун зуншлага сайхан байлаа. Мал сүргээ онд мэнд оруулчих байх. Өвс, тэжээлээ боломжийн хэмжээнд бэлдсэн байгаа. Сумаасаа орон нутгийнх нь ханшаар авдаг. Одоо мал маань манай дүү нар дээр байгаа. Би өөрөө ирж, очоод байж байна даа.

Зорилгоо танилцуулахад…

Манай сум таван хошуу тал өсгөх боломжтой нутагтай. Манай хувьд цаашдаа ноолуураас авах ашгаа тооцоод ямаагаа арай илүү өсгөх зорилготой. Одоо бол хонь арай дийлэнх байгаа. Нутгийн малчид голдуу Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын илүү нугаламтай, махны чиглэлийн Үзэмчин үүлдрийн хонь үржүүлж байна. Ямааны хувьд ихэнх нь Баяндэлгэр үүлдэрийнх. Ийм ямаа гарц сайтай, цайвар өнгийн ноолууртай байдаг. Өнгөрсөн жил ноолуураа нэг кг-ыг нь 55-65 мянган төгрөгөөр борлуулсан. Энэ жил ч тэр орчим үнэтэй байлаа. Яг ойрын зорилго гэвэл үхрээ түлхүү өсгөх санаатай. Хүүхдүүд том болж байна. Удахгүй том охин маань оюутан болно. Сургалтын төлбөр төлөхөөс эхлээд хэрэглээ нэмэгдэнэ. Миний бодлоор 10 бог зарахын оронд нэг бод зарах нь илүү ашигтай байх болов уу. Сүхбаатар аймгийн малын, үүн дотроо үхрийн мах нь амт, чанартай. Тиймээс зах зээлд борлуулалт сайтай байдаг. Манайх 20-30 адуутай айл. Би өөрөө хурдан морь сонирхдог, уяж сойх дуртай. Адуугаа ч бас зарж борлуулж, орлого олдог.

© А.Дэлгэрмаа / Хүүхдийг Ивээх Сан, 2020 он

Талархлаа илэрхийлэхэд…

Хүүхдийг Ивээх Сан, төслийн хамт олонд болон малжуулах хөтөлбөрийг санхүүжүүлсэн Шведийн олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Шведийн ард түмэнд гэр бүлийнхээ өмнөөс талархлаа илэрхийлье. Бидэнд итгэл урам зориг өгсөнд нь баярлаж явдаг.