Наран ургах Сүхбаатар нутгаар…
– Малжуулах хөтөлбөрийн амжилтын мөрөөр эргэн очлоо –
Намрын сүүл сарын налгар сайхан өдөр Сүхбаатар аймгийн төвөөс баруун урд зүгт орших Наран сумын зүг довтолгож явна. Манай багийнхан дөрвөн жилийн өмнө хэрэгжүүлсэн малжуулах хөтөлбөрийн үр дүнтэй танилцаж, малчидтай уулзахаар яваа нь энэ. Замын тэмдэглэлийнхээ эхэнд энэхүү малжуулах хөтөлбөрийн түүхийг товчхон өгүүлье. Сүхбаатар аймагт 2015-2016 оны өвөл хатуухан зуд болжээ. Аймгийн хэмжээнд тухайн үедээ 136 мянган мал зуданд хорогдсон харамсалтай тоо бий. Зуданд малаа алдсан малчдын амьжиргааг дэмжиж, урт хугацаанд тогтвортой байдлаар сэргээхийн тулд Хүүхдийг Ивээх Сан, Шведийн олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн санхүүжилтээр өвөлжилт, хаваржилт хүндэрсэн орон нутгийн малчин өрхийг дэмжих төсөл хэрэгжүүлсэн юм. Энэхүү төсөл малын сувиллын багц тараах, зуданд хорогдсон малын сэг зэмийг устгах, малжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх гэсэн гурван хэсгээс бүрдэж байв. Малжуулах хөтөлбөрт Сүхбаатар аймгийн Наран сумын 9, Онгон сумын 12, Баяндэлгэр сумын 29, Түвшинширээ сумын 20 өрх хамрагдаж 1870 толгой мал авсан байна. Бас 776 өрх малын сувиллын багц авчээ.
Малжуулах хөтөлбөр Нарангийн малчдад…
Бид Наран сумын малчин Д.Ганзоригийнд очлоо. Ганзоригийнх дөрвөн охинтой бөгөөд одоо тав дахь үрээ өлгийдөн авахаар хүлээж байгаа аж. Тэрээр малжуулах хөтөлбөрөөс авсан малаа хэрхэн өсгөж, үржүүлснээ, хурдан морь сонирхдог, уяж сойдог талаараа ярилаа. Өнгөрсөн зун Сүхбаатар аймагт өвс ногоо, хур бороо ихтэй байжээ. Үүнийг илтгэх мэт замын хажуугаар шаргал өвс халиурч, хур тарга авсан адуу мал бэлчинэ. Тэд ах, дүүсээрээ нэг доор нутагладаг аж.
2016 оны зуднаар арав гаруйхан толгой малтай үлдсэн Ганзоригийнх малжуулах хөтөлбөрөөр 26 толгой мал авч, ихэд урамшин өсгөжээ. Д.Ганзориг бидэнд малжуулах хөтөлбөр цагаа олсон, хэрэгтэй байсан талаараа яриад өнгөрсөн дөрвөн жил төллөх малаа нэмэгдүүлж, малаа 230 толгой болгон үржүүлсэн талаараа өгүүлнэ билээ. Эднийхээс нар жаргахын алдад Наран сумын төв рүү хөдөллөө.
Маргааш өглөө нь очсон айл бол малчин Г.Эрдэнэбаатарынх. Тэднийх ам бүл дөрөв, хоёр хүүхэдтэй залуу гэр бүл аж. Эднийх 2016 онд малжуулах хөтөлбөрт хамрагдаад 13 ямаа, 13 хонь авчээ. Түүнээс хойш мал сүргээ өмгөж, үржүүлсээр 200 нэлээд гарсан толгой болсон байна. Тэрээр Хүүхдийг Ивээх Сангийн малжуулах хөтөлбөр өөрсдөө малаа маллаж, өсгөх хүсэлтэй хүмүүст их хэрэг болсон төдийгүй буцааж төлөхгүй гэдгээрээ илүү давуу талтай байсан гэлээ.
Тэдний мал улаан хүрэн зүсмийн ямаа ихтэй харагдана. Малчид нутгийнхаа Баяндэлгэр үүлдрийн ямааг голчлон үржүүлдэг байна. Г.Эрдэнэбаатар ямаа хурдан өсдөг мал болохоор түлхүү өсгөж байгаагаа хэлсэн. Манай багийнхан Нарангаас үд өнгөрөөгөөд Баяндэлгэр сумыг зорилоо.
Малжуулах хөтөлбөр Баяндэлгэрийн малчдад…
Баяндэлгэр сумын төвөөс 50 орчим км явж, малчин Д.Батсайханыд очлоо. Эднийх малжуулах хөтөлбөрт хамрагдсан 29 өрхийн нэг юм. Бидний яриа Д.Батсайханы морьдоо авчирах, малаа услах, үхрээ гэр лүүгээ эргүүлэх зэрэг олон ажилтай нь давхцаж, бэлчээрт голдуу өрнөлөө.
Тэрээр малжуулах хөтөлбөрөөр малчид өөрсдөө малаа сонгосон сайн талтай болсон талаар өгүүлээд зудын дараа жил хүүхдүүдээ сүү, тарагтай байлгая гээд хонь, ямаан дээрээ нэмээд нэг тугалтай үнээ авснаа ярилаа. Өнгөрсөн дөрвөн жилд цаг агаар сайхан, өнөтэй байлаа, мал сүрэг ч өслөө гээд тугалтай үнээ маань өсөөд одоо 10 гаруй болсон хэмээн өгүүлсэн.
Баяндэлгэр сумаас Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт орох замдаа малчин Д.Батгэрэлийнд очлоо. Эднийх 2016 онд малжуулах хөтөлбөрөөс 20 хонь, 10 ямаа авчээ. Ямаа зуданд тэсвэр муутай мал учраас арай олон тоотой хонь авах хүсэлт гаргасан байна.
Гэрийн эзэгтэй Ц.Цэрэнлхам малжуулах хөтөлбөрөөс авсан малын сувиллын багц, хоёр удаагийн мөнгөн тусламж хэрэг болсон талаар өгүүлсэн юм. Эднийх өнгөрсөн жилд мал сүрэг нь өсч, тэмээнээс бусад төрлийн малтай болжээ.
Өнгөрсөн зун Сүхбаатар аймагт өвс ногоо, хур бороо ихтэй байжээ. Үүнийг илтгэх мэт замын хажуугаар шаргал өвс халиурч, хур тарга авсан адуу мал бэлчинэ.
Эдгээр малчидтай уулзаж, явахад Хүүхдийг Ивээх Сангаас 2016 онд Сүхбаатар аймагт хэрэгжүүлсэн малжуулах хөтөлбөр тухайн үедээ үнэхээр цагаа олсон хэрэгтэй төсөл байсан төдийгүй өнөөдөр ч үр өгөөжөө өгсөөр байгаа нь харагдлаа. Бид малчдын амжилтын түүхүүдийг цувралаар хүргэх болно.