Э.Одончимэг: Хамтарсан багийн үүрэг их, хариуцлага өндөр

Үр өгөөжтэй төсөл хамтран хэрэгжүүлж байна

Э.Одончимэг Чингэлтэй дүүргийн 9-р хороонд нийгмийн ажилтнаар 2012 оноос хойш ажиллаж байна. Энэ хороог Дэнжийн мянгад байдаг гэдгээр нь хүмүүс илүү сайн мэднэ. Тэрээр нийгмийн ажилтнаар тогтвортой ажиллаж, ажлынхаа үр дүнг үзэж байгаа амжилт бүтээлээр дүүрэн яваа нийгмийн ажилтан. 2012 оноос хорооныхоо хамтарсан багийн нарийн бичгээр ажиллаж эхлэх үед нь Э.Одончимэгт энэ чиглэлээр хуримтлуулсан туршлага гэхээр зүйл байсангүй, мэдлэг, ур чадварын хувьд ч дутагдах зүйл чамгүй байв. 2015 онд “Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төсөл эхлэх гэж байгаа тухай, хороодын хамтарсан багуудаас төсөлд сонгож авах гэж буй мэдээллийг Чингэлтэй дүүргийнхээ Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас авч, төсөлд хамрагдахаар саналаа өгч байсан нь саяхан мэт. Хүсэлтийн дагуу Хүүхдийг Ивээх Сангийн мэргэжилтэн болон нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын холбогдох ажилтнууд хороон дээр ирж танилцан, хамтарсан багийн гишүүдийн хүсэл эрмэлзлэл, орон нутгийн нөхцөл байдал, хүүхэд гэр бүлийн хамгааллын чиглэлээр хийж буй үйл ажиллагааг харгалзан хамтран ажиллахаар болжээ.

Э.Одончимэгийн үйлчилгээ хүргэдэг Чингэлтэй дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэр ©Хүүхдийг Ивээх Сан, 2021 он

Ингэж л Чингэлтэй дүүргийн 9-р хорооны хамтарсан баг “Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн хамтын ажиллагаа эхэлсэн түүхтэй. Энэхүү төслийг Хүүхдийг Ивээх Сан Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын дэмжлэгтэйгээр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба болон Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран 2015 оноос хойш хэрэгжүүлж байгаа юм.

Хамтарсан баг гэдэг нь хүүхэд, гэр бүлд хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах үйлчилгээг үзүүлдэг, хороо, суман дээр суурилсан анхан шатны нэгж юм. Чингэлтэй дүүргийн 9-р хорооны хамтарсан баг хорооны Засаг даргаар ахлуулан, нийгмийн ажилтан, хэсгийн байцаагч, өрхийн эмнэлгийн нийгмийн ажилтан, сургуулийн нийгмийн ажилтан, халамжийн хороо хариуцсан мэргэжилтэн, олон нийтийн байцаагч гэсэн долоон хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлдэг

Чингэлтэй дүүргийн 9-р хорооны хамтарсан багийн гишүүд “Монгол Улсад Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн хүрээнд хүүхэд хамгаалал, хүүхдийн эсрэг болон гэр бүлийн эсрэг хүчирхийллийн хариу үйлчилгээ үзүүлэх чадавхаа сайжруулах чиглэлээр олон сургалтад хамрагджээ. Э.Одончимэгийн хувьд нийгмийн ажилтан хамтарсан багт ямар үүрэгтэй, ямар нөлөөллийн ажил хийх ёстой вэ гэдгээс эхлээд кейсээ стандартын дагуу хэрхэн бүрдүүлэх талаар суралцаж, арга зүйн зөвлөгөө авахаас гадна кейс хэлэлцүүлэг хийж, гарц шийдлийг олох, хамгааллын үйлчилгээг хэрхэн журмын дагуу үйлчилгээ үзүүлэх чиглэлээр суралцаж, мэргэшсэн. Түүнчлэн, тэдний хамтарсан багийнхан хүүхэд, гэр бүлийн хүчирхийллээс хамгаалахад иргэд, олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх нөлөөллийн ажлыг зохион байгуулах мэдлэг чадвар, туршлагыг төслийн эхний шатнаас бий болгон, хэрэгжүүлж байна.

Хуримтлуулсан туршлагаа бусадтай хуваалцана

Хамтарсан багийн гишүүд солигдоход,мөн шинээр ирсэн гишүүдэд хамтарсан багийн мэдлэг, ур чадвар дутагдах нь олонтаа. Тэр үед Э.Одончимэг шинэ гишүүдээ сургаж, туршлагаа хуваалцаж, бас төслийн сургалтад хамруулна.Тэрээр “Хүүхдийг Ивээх Сангийн төслийн сургалтад суусан хамтарсан багийн гишүүд мэдлэг мэдээлэлтэй болохоос гадна хорооны нутаг дэвсгэрт хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл гарах шалтгаан, түүнийг бууруулах чиглэлээр ямар ажил зохион байгуулж, зан үйлд нь нөлөөлөх, хамтарсан багийн мэдээллийг иргэдэд хэрхэн хүргэх вэ гэдгээ хоорондоо ярилцаж, хэлэлцдэг болсон” хэмээн ярилаа. Чингэлтэй дүүргийн 9-р хорооны хамтарсан багаас бусад хорооныхон ирж, зөвлөгөө авч, туршлага судалдаг. Учир нь хамтарсан багийн гишүүд мэдлэг, чадвартай байснаараа гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэн, урьдчилан сэргийлэх, зөвлөгөө өгөх, зан үйлийг өөрчлөх боломж бүрддэг. Эдний хороон дээр хот, хөдөөгийн хамтарсан багууд ирж туршлага судлахаас гадна тэд бас 2017 онд тус төслийн бас нэгэн зорилтот газар болох Архангай аймагт очиж, сум болоод багийн түвшинд хамтарсан багууд хэрхэн ажиллаж байгаатай танилцаж, туршлага солилцсон байна.

Э.Одончимэг Хүүхэд хамгааллын үйлчилгээний маягтуудыг танилцуулж байна. ©Хүүхдийг Ивээх Сан, 2018 он

Амжилтын түүх үргэлжилж байна

Э.Одончимэг 9-р хороонд найман жил гаруй ажиллаж байгаа тул хүмүүсээ сайн танина. Хүүхэд, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, асуудалтай хүмүүст хэрэгтэй сургалт, ажлыг тохирсон хэлбэрээр, үр дүнтэй явуулна. Сургалт, сурталчилгааны ажлаараа хүмүүст мэдлэг олгож, гэр бүлийн хүчирхийллийг мэдэх, урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хамтарсан багт мэдээлдэг болгохыг зорьдог байна. Хорооныхон төсөлд хамрагдсанаас хойш“Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох дэлхийн өдөр”-ийг жил бүр тэмдэглэн, зан үйл өөрчлөх олон сургалт зохион байгуулж, архинаас гарах хүсэлтэй иргэдийг вакумжуулсан сургалтад хамруулах зэрэг олон ажил зохион байгуулжээ.

Э.Одончимэг хорооны иргэнд зөвлөгөө өгч байна. ©Хүүхдийг Ивээх Сан, 2021 он

Асуудлыг шийдсэн жишээ: Хорооны оршин суугч нэг эмэгтэй Э.Одончимэгтэй уулзаж, “Нөхрөө архи уудаг, хүүхдээ зоддог, хүүхэд нь гэрээсээ зугтдаг боллоо, нөхрөө архинаас гаргаж, зан араншинг өөрчилмөөр байна” хэмээн тусламж хүсжээ. Хүсэлтийн дагуу нөхрийг нь сургалтад суулгажээ. Тэр хүн эхний 2-3 сургалтад их дургүй, шаардуулж суусан ч дараа дараагийн сургалтад өөрөө ирж, идэвхтэй оролцож дуусгаад Э.Одончимэгт “Би өөрийгөө өөрчилж чадлаа, их зүйл мэдлээ” хэмээн баярласан сэтгэлээ илэрхийлж байв. Дараа нь Э.Одончимэг тэр айлд очиход, нөхөр нь архи уухаа болиод ажилд орсон, гэр бүл нь ч амгалан тайван болсон байлаа. Нэг хүний амьдралыг өөрчилснөөр нэг гэр бүл, цаана нь байгаа ах, дүү, хамаатан саданд нь нөлөөлдөг гэдгийг энэ жишээ харуулж байна.

Чингэлтэй дүүргийн 9-р хорооны хамтарсан баг ©Хүүхдийг Ивээх Сан, 2021 он

Энэ хамтарсан багийнхны амжилтын түүх арвин. 2015 онд Нийслэлийн хамтарсан багийн уралдаанд 2-р байр, мөн Нийслэлийн хамтарсан багийн ур чадварын тэмцээнд 2018 онд 1-р байр эзлэн олон уралдаан тэмцээнд байнга тэргүүлэх болжээ. Хамгийн сүүлийн жишээ гэхэд 2020 оны 11 дүгээр сард нийслэлийн хороодын дунд зохион байгуулсан Хамтарсан багийн ур чадварын уралдаанд Чингэлтэй дүүргийн 9-р хорооны Хамтарсан баг тэргүүн байр эзэлжээ.Э.Одончимэг 2018, 2020 оны нийслэлийн шилдэг нийгмийн ажилтнаар шалгарсан юм.