Өгөөжөө өгсөн хүмүүнлэгийн тусламжууд
-“Шороон шуурганд өртсөн хүүхэд, малчин өрхийн амьжиргааг дэмжих” төслийн үр дүн, нөлөө-
Онцгой Байдлын Ерөнхий газрын албан мэдээгээр 2021 оны хавар буюу 3 дугаар сард болсон хүчтэй шороон шуурганд монгол орны 16 аймгийн 154 сумын ард иргэд өртөж, 706 хүн шуурганд төөрч, сураггүй болсноос 10 хүн нас барж, 531 гэр нурж, 134 мянга гаруй толгой мал хорогджээ. Хүүхдийг Ивээх Сан “Шороон шуурганд өртсөн хүүхэд, малчин өрхийн амьжиргааг дэмжих” төслийг Япон Платформ Сангийн санхүүжилтээр хэрэгжүүлэв. Энэ төсөл шуурганд өртсөн малчдыг дэмжих, учирсан хохирлыг нь арилгахад туслах, шуурганы гамшигт өртсөн хүүхдүүдэд сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх зорилготой байв.
“Шороон шуурганд өртсөн хүүхэд, малчин өрхийн амьжиргааг дэмжих” төслөөр Дундговь, Говь-Алтай, Өвөрхангай аймгийн 69 малчин өрхөд таван ханатай гэр, 300 малчин өрхөд эрүүл ахуйн багц, 310 малчин өрхөд мөнгөн тусламж үзүүллээ.
“Шороон шуурганд өртсөн хүүхэд, малчин өрхийн амьжиргааг дэмжих” төслөөр малчдад өгөх тусламжийг шороон шуурганд гэр нь бүрэн эвдэрсэн, мал болон бусад эд зүйлийн хохирол амссан, хүүхэдтэй, амьжиргааны төвшин доогуур зэрэг байдлыг харгалзан олгосон юм. Тусламжаар гэр авсан Дундговь аймгийн Говь-Угтаал сумын малчин Д.Чимэдцэрэн “Өнгөрсөн гуравдугаар сард манай суманд их хүчтэй шороон шуурга болсон. Шуурганд манайх гэргүй болж, барих ямар ч боломжгүй байсан тул айлын гэр түр гуйж барьж байсан. Манайх шуурганд нийтдээ 100 гаруй толгой малаа алдсан. Гэр өгсөнд маш их баяртай” гэлээ.
Өвөрхангай аймгийн Бүрд сумын малчин З.Хишигдорж “Манайх ам бүл тавуулаа, 2-10 насны гурван хүүхэдтэй. Өнгөрсөн хавар манай суманд хүчтэй шороон шуурга болж, манайх гэргүй болж, малаа хорогдуулсан. Хавар мал идэх өвс, тэжээлгүй болсон байгаа. Шороон шуурганд нийт 150 гаруй бог мал, 20 гаруй үхрээ хорогдуулсан. Шуурганы дараа бэлчээр шороонд даруулж мал идэх өвсгүй болж хорогдсон байгаа. Миний бодлоор бэлчээрийн даац нэмэгдээд, газар чийшил багатай болсоноос хүчтэй шуурга гарч байгаа байх. Гэртэй болсондоо баяртай байна” гэж ярив.
Говь-Алтай аймгийн Дарив сумын Б.Ганням эхнэр Б.Шүрэнхорол, бага охин Г.Энхжин нарын хамт аймгийн төвөөсөө 200 орчим км зайтай сумаасаа тусламжийн гэрээ авахаар ирсэн байв. Б.Ганням “Тэр өдөр малаа хариулахаар явж, эхнэр гурван хүүхэд маань гэртээ үлдсэн байсан. Хүчтэй шуурганд арай гэж хонио тогтоогоод иртэл манай ганц гэр салхинд унасан байсан. Гэр бүрэн эвдэрч, зарим эд хогшил дахин ашиглах боломжгүй болсон. Би тэр шөнө явж айлаас жижиг гэр олж ирсэн. Тэр гэртээ одоо амьдарч байна. Өвөлд нь дааруулна. Зуны үед халууцуулна. Жижиг болохоор хүүхдүүд тав тухтай байж чадахгүй. Бидэнд гэрээр тусалсанд баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.
Эрүүл ахуйн багцад оо, саван, угаалгын нунтаг, ариун цэврийн хэрэгсэлүүд, хүүхдэд сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх зөвлөмж зэргийг багтаасан бөгөөд нэг багцын үнэ 50 ам.доллартай тэнцэх хэмжээтэй байлаа. Эрүүл ахуйн багц авсан Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын малчин А.Түмэндэмбэрэл “Манайх ам бүл 4, хоёр болон зургаан 6 настай 2 хүүхэдтэй. Эрүүл ахуйн багцанд хүний өдөр тутмын, байнгын хэрэглээний, чанартай зүйлүүд байсан. 1-2 сарын хэрэглэхэд бүрэн хүрэлцэх зүйлүүд байлаа. Угаалгын нунтаг гэхэд л том савалгаатай учир удаан хугацаанд хэрэглэж байна. Мөн маск, гар ариутгагч гэх зэрэг ариутгалын зүйлс нь байсан Ковид-19 цар тахлын үед бидэнд маш хэрэгтэй байсан. Өдөр тутмын ахуйн хэрэглээний зүйлсээ мөнгөөр авдаг бидэнд тусламж ирснээр их хэрэг болсон” гэсэн юм.
Нийт 310 малчин өрхөд мөнгөн тусламж үзүүлсэн бөгөөд нэг өрхөд өгсөн мөнгөн тусламж нь 100 ам.доллартай тэнцэх Монгол төгрөг байсан юм. Мөнгөн тусламж авсан Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын малчин С.Зоригтбаатар “Манайх 7 ам бүлтэй. Нэг хүүхэд маань хөгжлийн бэрхшээлтэй. Мөнгөн тусламжинд хамрагдсандаа баяртай байгаа. Энэ тусламж хүүхдүүдийн хичээл эхлэх үетэй таарсан учир сургуулийн насны 2 хүүхэддээ цүнх, хичээлийн хэрэглсэл, 2 хүүхэддээ гутал, цамц авч өгсөн. Бас гэртээ 1 уут гурил авсан. Бидний амьдралд маш бодитой дэмжлэг болсон” хэмээн хэллээ.