Т.Шижирмаа:Эцэг, эхчүүдийн хандлага өөрчлөгдөж, оролцоо нэмэгдсэн

Алимаа (нэрийг нь өөрчлөв) охин сонсголын бэрхшээлтэй. Түүний аав, ээж 2018 онд хүүхдээ тусгай сургуульд оруулсан ч, сэргэлэн цовоо охиноо тусгай сургуульд “тусгаарлахыг” хүссэнгүй. Тойргийнхоо зарим энгийн сургуульд хандсан ч татгалзсан хариу авчээ. Энэ үед нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургуульд тэгш хамруулан сургах төсөл хэрэгжиж байгаа тухай сонсоод очжээ. Охиныг сургуулийнхан найрсагаар хүлээж авсан байна. Ингээд тус сургуульд элсэн орж, найз нөхөдтэй болж, одоо амжилттай сайн суралцаж байна.

Хөгжлийн ялгаатай хүүхдүүдийг сургуульд хамруулав

Алимаа шиг олон хүүхэд сургуулийн гадна үлдэх тохиолдол цөөнгүй. Тэгвэл нийслэлийн Ерөнхий боловсролын 65 дугаар сургууль Хүүхдийг Ивээх Сангаас Япон улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр хэрэгжүүлсэн “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь” төсөлд хамрагдаж, хөгжлийн ялгаатай хүүхдүүдийг сургуульд сурган, найз нөхөд, анги хамт олонтой болгож, эцэг, эх, олон нийтийн мэдлэг ойлголтыг хандлагыг өөрчилж ажиллаж байна. Тус сургуулийн нийгмийн ажилтан Т.Шижирмаа 2018 оны 8 дугаар сараас 65 дугаар сургууль дээр хэрэгжиж байгаа тэгш хамруулах төслийг ахлан ажилласан билээ. Энэ сургуульд Сонгинохайрхан дүүргийн 3, 4, 26, 36 дугаар хорооны хүүхдүүд харьяалагддаг. Төсөл эхлэхийн өмнө сургуульд хамрагдаагүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн судалгаа хийж, тоог нь гаргахад нийт 33 хүүхэд хүүхэд байжээ. Тэднээс хөнгөн буюу тулах эрхтний бэрхшээлтэй, оюун ухааны бэрхшээлгүй хүүхдүүд энгийн сургуульд суралцаж байв.

Т.Шижирмаа тусгай хэрэгцээтэй сурагчийг сургуульдаа хүлээн авлаа. 2018 он, © Хүүхдийг Ивээх Сан

Төсөл хэрэгжүүлж эхэлснээс хойш аутизм, хөнгөн хэлбэрийн оюуны бэрхшээл, дауны хам шинж болон хавсарсан бэрхшээлтэй хүүхдүүд 65 дугаар сургуульд суралцах болсон аж. Т.Шижирмаа “Төслийн үйл ажиллагааг таниулж, эцэг, эхчүүдэд мэдлэг олгосны үр дүнд эдгээр хүүхдүүдийг ердийн сургуульд сургасан. Уншиж, бичүүлж сургахаас илүү сургууль, анги хамт олонтой болгож, нийгэмшүүлэх зорилготой байлаа” хэмээн ярьсан. Өнгөрсөн хугацаанд хөгжлийн ялгаатай 33 хүүхэд суралцсанаас 5 хүүхэд 9, 12 дугаар ангиа төгсөж, 27 нь үргэлжлүүлсэн суралцаж байна.

Багш нар харилцаа, хандлагын арга зүйд суралцав

Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургуульд суралцаж байсан хөгжлийн ялгаатай 33 хүүхдээс 18 нь ганцаарчилж ажиллах шаардлагатай, бусад нь сонсголын болон тулах эрхтэн, хөнгөн хэлбэрийн харааны бэрхшээлтэй байв. Тиймээс багш нартаа тулгуурлахаар төлөвлөж, “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь” төслөөс зохион байгуулсан бүх сургалтад хамруулжээ. Багш нар ямар харилцаа хандлагатай байх, нөлөөлөл хэрхэн хийх, тухайн хүүхдийнхээ хөгжлийн онцлог хэрэгцээ, ялгаанд тохируулан сургалтаа явуулах талаар ур чадвар эзэмшиж, мэдлэг, ойлголттой болсон байна. Үүнээс хамгийн чухал нь хандлагын өөрчлөлт байлаа. Сургуулийн жижүүрээс эхлээд бүх хүнд хандлагын томоохон өөрчлөлт гарсан байна. Энэ талаар Т.Шижирмаа “Эцэг, эх, асран хамгаалагчид тусгай хэрэгцээтэй хүүхдүүдээ аваад бусад сургууль ч юм уу, эсвэл гадуур явахад харах өнцөг нь өөр байдаг. Гэтэл манай сургууль дээр тийм зүйл байхгүй. Энгийн хүүхэд шиг хүлээж авна. Багш нар энгийн хүүхэд шиг харьцдаг” гэж өгүүлсэн. Түүнээс гадна хөгжлийн ялгаатай хүүхдүүдийн сурах орчин бүрдүүлж, Хүүхдийг Ивээх Сантай хамтран сургуулийнхаа гадна хаалгуудад налуу зам, шат хийж, зориулалтын ариун цэврийн өрөө гаргажээ.

© Хүүхдийг Ивээх Сан, 2021 он

Тус сургуульд хэрэгжиж байгаа төслийн үр дүн, ололт амжилтыг нийгмийн ажилтан Т.Шижирмаагаас салгаж ойлгох боломжгүй. Тэрээр “Уг нь төслийг сургалтын менежер ахлах ёстой байсан. Манай захирал надад ахлах үүрэг өгөхөд их баярласан. Би хөгжлийн бэрхшээлтэй дүүтэй. Хувь хүнийхээ талаас туршлагатай болохоор илүү эрч хүчтэй, өөртөө итгэлтэй ажилласан” хэмээн өгүүлсэн юм. Тиймээс хөгжлийн ялгаатай хүүхдүүдээ сургахаар ирсэн эцэг, эхчүүдэд болохгүй талаас нь ганц ч үг хэлдэггүй, болно, чадна хэмээн урам зориг өгдөг байна. Бас багш нартаа хүүхдүүдийг захина, харж хандахыг хүснэ. Эдний сургуульд орохдоо алхаж чаддаггүй байсан хүүхэд алхаж, гүйдэг болжээ. Нийгэмшил ямар чухлыг эцэг, эхчүүдэд харуулсан ганц жишээ нь энэ. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд олон хүүхдэд ийм өөрчлөлтүүд гарч. Сонсголын бэрхшээлтэй хүүхэд хүрд цээжлээд, уншиж, бодож сурчээ. 65 дугаар сургууль 1-4 дүгээр ангидаа уншиж, бичиж сурсан тусгай хэрэгцээтэй хүүхдийг 2020 оны тэргүүний сурагчаар шалгаруулж урамшуулсан байна.

Эцэг, эхчүүдийн хандлага, үнэмшил өөрчлөгдөв

Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургууль “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулж, тойргийнхоо хороодын хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдийг урьж оролцуулжээ. Ингэснээр тэдгээр хүмүүс төсөлтэй танилцаж, хүүхдээ сургах хүсэл эрмэлзэлтэй болсон байна. Тэдний хандлагыг өөрчлөх чухал учраас зөв чиглүүлж, хөтлөх шаардлагатай. Т.Шижирмаа “Хөгжлийн ялгаатай хүүхдүүдээ сургаж байгаа эцэг, эхчүүд гэртээ суудаг ширээ, сандлыг нь авч ирэх боломжийг сургуулиас бүрдүүлсэн. Оролцоог нь нэмэгдүүлж, хамтран ажиллаж байгаа” хэмээн тайлбарласан юм. Хөгжлийн ялгаатай хүүхдүүд анги хамт олон, найз нөхөдтэй болж, суралцаж байгаад эцэг, эхчүүд нь баяртай байдаг. Учир нь хүүхдүүдийнх нь зан байдал, харилцаа, чадварт байнга ахиц дэвшил гардаг. Тиймээс “Хүүхдүүдэд өөрчлөлт гаргаж байгаа багш нар, төслийн хамт олонд баярлалаа” гэсэн талархлын үгээ сургуулийн хамт олонд илэрхийлдэг байна.

65 дугаар сургуулийн хүүхэд хөгжлийн танхимд сурагчид 2018 он, © Хүүхдийг Ивээх Сан

Хүүхдүүд тусч сэтгэлтэй, энэрэнгүй болж төлөвшдөг

Хөгжлийн ялгаатай хүүхэд суралцдаг ангийн хүүхдүүд тусч, энэрэнгүй сэтгэлтэй болдог байна. Тэд найз, нөхөд болж, хэрэгцээтэй үед нь тусалж, дэмждэг. Нийгмийн ажилтан Т.Шижирмаа “Хүүхдүүд ялгаатай хандах ойлголтгүй болж, их гэгээлэг, зөв төлөвшил олгодог. Ангийнхан нь хөгжлийн ялгаатай хүүхдүүддээ санаа тавьж, хоолыг нь хүртэл халбагадаад өгч байгаа харагддаг. Их хөөрхөн” хэмээн ярьж байсан. Зарим хүмүүс хүүхдүүдээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй найзалж, нөхөрлөхийг хориглодог. Тэгвэл 65 дугаар сургуулийн эцэг, эхчүүдэд ийм ялгаварлах ойлголт байхгүй. Тэд хүүхдийнхээ ангид явдаг хөгжлийн ялгаатай сурагчдад яг л өөрийнхөө хүүхэд шигээ ханддаг байна.

Төгсгөлийн оронд: Манай улсад тусгай хэрэгцээ, амьдралын нөхцөл байдал, ялгаатай хүчин зүйлээс үл хамааран хүүхэд бүр боловсролд тэгш хамрагдах эрхтэй юм. Энэ эрхийн төлөө зөвхөн багш нар биш бид, бас та ч санаа тавих үүрэгтэй.