Хүмүүжлийн эерэг аргын сургалт үр дүнгээ өгч байна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны “Иргэний танхим”-д хэсэг хүмүүс ширээ тойрон сууж, нэгэн зүйлийн талаар хичээнгүйлэн ярилцана. Эдгээр хүмүүс бол хорооны Хамтарсан багаас зохион байгуулсан “Өдөр тутам хэрэглэх хүмүүжлийн эерэг арга” сургалтад хамрагдаж, түүнийхээ үр дүн, амжилтын талаар ярилцаж буй эцэг, эхчүүд юм.

Хүмүүжлийн эерэг аргын сургалт гэж юу вэ?

Хүүхэд бүр бие махбодын шийтгэлээс хамгаалуулах эрхтэй. Хүний эрхэм чанарыг нь хүндэтгэсэн аргаар хүүхдийг хүмүүжүүлэх ёстой гэдгийг дэлхий даяар олон эцэг эх, олон нийт хүлээн зөвшөөрсөөр байна. “Хүмүүжлийн эерэг аргыг “ хэрэглэхийг эцэг эхчүүдэд санал болгож, зөвлөх нь ч их болсон. Гэвч ихэнх аав, ээж “Хүмүүжлийн эерэг арга” гэж чухам юу юм бэ? Бид яагаад үүнийг хэрэглэх ёстой вэ? гэж асуудаг.

Анх 2005 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын санаачилгаар дэлхийн даяар “Хүүхдийн эсрэг хүчирхийллийн тухай судалгаа”-г хийсэн бөгөөд дэлхийн улс орон бүрт хүүхдүүд өөрсдийн амьдардаг орчиндоо хүчирхийлэлд өртөх, тэр дундаа гэр бүлийн орчинд эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэх зорилгоор шийтгэл хэрэглэж байгаа нь ил болсон. Энэ нь ихэнхдээ үе дамжсан нийгмийн хандлага, зан үйл болон хүүхдийн эрхийн талаарх мэдлэг, мэдээлэл дутмаг байгаагаас үүдэлтэй. Хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах хамгийн чухал гарц шийдэл нь хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх аливаа асуудал маргааныг тайван аргаар шийдвэрлэх ур чадварыг эцэг эх, асран хамгаалагчдад олгох, хүүхдийн нас, хөгжлийн үе шат, төлөвшил, хүүхдийн эрхийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх нь чухал болохыг судалгааны тайланд зөвлөмжилсөн. Энэхүү судалгааны тайлан, зөвлөмжтэй танилцсан нэгэн төрийн бус байгууллагын ажилтан “Бид хүүхдээ шийтгэж болохгүй юм бол хэрхэн, яаж хүмүүжүүлэх ёстой юм бэ” гэж асууснаар “Хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх” хөтөлбөрийг боловсруулан эдүгээ дэлхийн 40 гаруй улс оронд хэрэгжүүлж байна. Хүмүүжлийн эерэг арга нь хүүхдээ хүмүүжүүлэх хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, гэр бүлийг дэмжих, хүүхдийн эсрэг бүх төрлийн шийтгэлийг устгах зорилготой. Хөтөлбөрт хамрагдсан эцэг, эхчүүдэд хүүхдийн нас бие, зан араншин, хөгжлийн онцлогийн талаар ойлгуулж, асуудлыг эерэг аргаар шийдвэрлэж сурахад нь тусалдаг.

Эцэг, эхчүүдийг хүмүүжлийн эерэг аргын сургалтад хамруулав

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны Хамтарсан багийнхан Хүүхдийг Ивээх Сантай 2015 оноос хойш хамтран ажиллаж байна. Хүүхдийг Ивээх Сан “Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийг Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын (ЖАЙКА) дэмжлэгтэйгээр, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран хэрэгжүүлж байна. “Өдөр тутам хэрэглэх хүмүүжлийн эерэг арга” сургалт нь нийт 8 долоо хоног үргэлжлэх урт хугацааны сургалт бөгөөд 7 хоногт нэг удаа 2 цагааар явагддаг. Тус хорооны Хамтарсан багаас хорооныхоо эцэг, эхчүүдэд зориулан “Өдөр тутам хэрэглэх хүмүүжлийн эерэг арга” сургалтыг 2017 оноос хойш дөрвөн удаа Хүүхдийг Ивээх Сантай хамтран хэрэгжүүлсэн бөгөөд урт хугацаатай сургалтад олон хүүхэдтэй, гэртээ хүүхдээ асардаг, сургалтад хамрагдах хүсэлтэй эцэг, эхчүүд түлхүү хамрагджээ.

Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны иргэн Ч.Даваадорж: Манайх 3 эрэгтэй, нэг эмэгтэй хүүхэдтэй айл. Би 2017 онд эхнэрийнхээ хамт “Хүмүүжлийн эерэг арга” сургалтад хамрагдсан. Хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх нь чухал. Аливаа зүйлийг уураар биш эвээр, эерэгээр ойлгуулах ёстой гэдгийг би сургалтаас мэдэж авсан. Гэр бүлээрээ сургалтад сууснаар мэдлэг, ойлголт нэгтэй болсон. Үүгээрээ давуу талтай. Цаашид энэ сургалтад гэр бүлээр нь хамруулбал үр дүн илүү гарна гэж боддог.

Эдгээр эцэг, эхчүүд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх, хүүхэдтэйгээ зөв харилцах, хэрхэн хөгжүүлэх талаар мэдлэг, мэдээлэлтэй болсон. Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхэд хамгааллын хөтөлбөрийн ажилтан Э.Оюунмаа “Бид хүмүүжлийн эерэг аргыг түгээн дэлгэрүүлэх, цаашид тогтвортой авч явахын тулд чиглүүлэгч болон үндэсний сургагч багш нарыг бэлтгэж байгаа. Энэ хорооны Хамтарсан багийн нэг гишүүн чиглүүлэгч багш болсон. Ингэснээр хүмүүжлийн эерэг аргын сургалтаа цаашид үргэлжлүүлэн тогтвортой явуулах боломж бүрдэж байна. Сургалтад хамрагдсан эцэг, эхчүүдийн хувьд өөрийн уур бухимдлаа хянаж чаддаг болж, хүүхдүүддээ зориулан цаг гаргаж, тэдэнтэйгээ харилцан ярилцаж санаа бодлоо солилцдог болсон талаар ярьж байна. Сургалтаас хойш хүүхэд рүүгээ уурлаж, загнах, зодож цохихоо больсон, сургалтаар авсан мэдээллээ бусад хүмүүст ярьж тайлбарлан ойлгуулахыг эрмэлздэг болсон талаар ярьж байгаа нь сургалтын нэг үр дүн юм” хэмээн ярилаа.

Хүмүүжлийн эерэг аргын сургалт үр дүнгээ өгч байна

Энэ сарын эхээр (2021.11.03) болсон сургалтын үр дүнгийн хурлыг нээж 10 дугаар хорооны Засаг дарга Б.Хишигт “Сургалтаас ямар зүйлүүдийг мэдэж авсан, хүүхдүүдээ хүмүүжүүлэх үедээ хэрхэн хэрэгжүүлдэг, бусад хүмүүст нөлөөлж байгаа эсэх талаар та бүхнээс сонсох зорилгоор энэ уулзалтыг зохион байгуулж байна” хэмээн ярилаа. Дараа нь эцэг, эхчүүд “Өдөр тутам хэрэглэх хүмүүжлийн эерэг арга” сургалтаас сурч, мэдсэнээ амьдралдаа хэрхэн хэрэгжүүлдэг, ямар үр дүн гарч байгаа тухай ярилцаж, саналаа солилцов.

Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны иргэн Ш.Оюунгэрэл: Манайх 7 хүүхэдтэй. Дөрвөн эрэгтэй, гурван эмэгтэй. Сургалтад суухаас өмнө хүүхдээ цохиод авах тохиолдол надад байсан. Сургалтын дараа хүүхдүүддээ аливааг эвээр хэлж, ойлгуулдаг болсон. Ингэснээр манай хүүхдүүд ямар ч тохиолдолд зөрүүдлэхгүй болсон байгаа.

“Өдөр тутам хэрэглэх хүмүүжлийн эерэг арга” сургалтаар эцэг, эхчүүд хүүхдийн хөгжил, үзэл бодлын талаарх ойлголтоо нэмэгдүүлэх, эцэг, эхчүүд хүүхэд хоорондын харилцааг сайжруулах, бэхжүүлэх, асуудал шийдвэрлэх чадвараа сайжруулах, эцэг эхчүүд болон хүүхдүүд өөрийн сэтгэл хөдлөлийг удирдаж сурах зэрэг олон мэдлэг, чадвар эзэмшсэн байна. Ийм сургалт цаашид ч олон эцэг эх, асран хамгаалагчдад хэрэгцээ, шаардлагатай байна.