Эрх хамгаалагч, эвлэрүүлэн зуучлагч
Их хот хаяагаа тэлж, хүн ам нэмэгдэхийн хэрээр тэнд шийдэх асуудлууд ар араасаа ундардаг ажээ. Хүмүүс асуудлаа шийдүүлэх, халамж, анхаарал хүсэх, үйлчилгээ авахаар хамгийн эхэнд хороогоо зорино. Тэрхүү олон асуудал, бэрхшээлийг шийдэж, ололт, амжилтаар дүүрэн яваа нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2-р хорооны хамтарсан багийн тухай, багийн ахлагч Засаг дарга Б.Гантуяагийн тухай өгүүлье. Энэ хороог Толгойтод байдаг гэвэл хүмүүс андахгүй мэдэх биз ээ.
Нэг. Багаа удирдан чиглүүлж, чадваржуулна
Б.Гантуяа 2013 оноос 3000 орчим өрхтэй, 10 гаруй мянган хүн амтай “өнөр айл”-ыг тэргүүлж, Засаг даргаар ажиллаж байгаа юм. Хотын захын энэ хороо хүн ам ихтэй болохоор шийдэх асуудал, сорилт бэрхшээл байнга гарна. Үүний дотроос гэр бүл, хүүхэд хамгааллын асуудалд анхаарлаа илүү хандуулах шаардлага тулгардаг. Шийдэхэд адармаатай, энэ хэцүү ажлыг хамтарсан багийнхан хариуцна. Энэ багийн бүрэлдэхүүнд хорооны Засаг дарга, нийгмийн ажилтан, хорооны хэсгийн байцаагч, халамжийн ажилтан, өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч, өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтан, сургуулийн нийгмийн ажилтан гэсэн долоон хүн албан ёсоор багтдаг. Б.Гантуяагийн хувьд багаа олон жил удирдан чиглүүлж, чадваржуулж байгаа нэгэн. Энэ хорооныхон Хүүхдийг Ивээх Сангаас Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын дэмжлэгтэйгээр ХЗДХЯ-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төсөлд 2015 онд анх хамрагдаж, 2018 оноос хоёр дахь шатаа хэрэгжүүлж явна. Хамтарсан багийнхан төсөлд хамрагдсанаар хүүхэд хамгааллын кейс (хүүхдийн эрх зөрчигдсөн тохиолдол) дээр ажиллах арга зүйн туршлага хуримтлуулж, ур чадвар эзэмшиж байна. Эдгээр мэдлэг, ур чадвараа бодит амьдрал дээр хэрэгжүүлдэг. Хүүхдийг Ивээх Сангаас арга зүйгээр дэмжиж, сар бүр хамтарсан багийнханд ажлын байран дээр зөвлөгөө өгч байгаа юм. Б.Гантуяа энэ талаараа “Хүүхдийг Ивээх Сангийн хүүхэд хамгааллын ажилтнууд арга зүйн зөвлөгөө өгч, хүнд кейсүүдийг хамтдаа шийдсэнээр нэгдүгээрт, туршлага, ур чадвар, хоёрдугаарт, арга зүйн дэмжлэг, зөвлөгөө болдог. Тиймээс манайд хүүхэд хамгаалал, хамтарсан багийн ажил бусад хороодыг бодвол илүү үр дүнтэй явагдаж байна” хэмээн ярилаа.
Хоёр. Асуудал бүрийг хамтдаа хэлэлцэж, шийдвэрлэнэ
Хамтарсан баг албан ёсны 7 хүнээс бүрдэх ч шаардлагатай үед өөр хүмүүс нэмэгдэнэ. Тухайлбал, бага насны хүүхдийн асуудал байвал ангийн багш, бага ангийн менежер, нийгмийн ажилтан нэмэгддэг аж. Хамтарсан багийнхан кейс гарах бүрт хуралдана. Зарим сард хуралгүй, заримдаа 7 хоног бүр ч хуралдах тохиолдол ч бий. Эдний хувьд кейсээ богино хугацаанд шийдвэрлэхийг хичээдэг. Түүнээс гадна кейсээ хаагаад 3-6 сар хяналт хийнэ. Эдний багийнхны нэг давуу тал бол хэн ямар үүрэгтэй гэдгээ мэдэж, атгасан гар шиг нягтарч ажилладаг. Хүн бүр өөр шийд гаргавал тухайн хүндээ хүрэх үйлчилгээ саарна. Тиймээс хуралдаа хүн бүр өөрийн биеэр оролцож саналаа хэлж, ярилцана. Хүний асуудал яригдах учраас ажилдаа сэтгэлээсээ хандаж, шийдэл гаргаж чаддаг. Багт нь шинэ хүн ирвэл сургаж, дадлагажуулна.
Гурав. Сургалтын өөрчлөлтөө дүгнэж, зөвлөж ярилцана
Хүүхдээ хүмүүжүүлэх эерэг арга эцэг, эхчүүдэд хэрэгтэй. Тиймээс 2-р хорооныхон хүүхэд хүмүүжлийн эерэг аргад суралцаж, иргэдээ сургалтанд хамруулдаг. Зүгээр хамруулаад орхихгүй. Ямар өөрчлөлт гарч байгаа талаар ярилцаж, зөвлөнө, судалгаа авна, үр дүнгээ харна. Б.Гантуяа хүүхдийн хүмүүжил, гэр бүлийн асуудлаар зөвлөгөө авч, сургалтанд суусан айлуудаар очиж, өөрчлөлтийг нь хардаг. Гэхдээ түрүүлж хэл дуулгахгүй, шууд яваад очно. Гэрт нь очихоор тэр айлын уур амьсгал мэдэгдэж, өөрчлөлт нь харагдана. Явахдаа дахиад ирнэ гэж хэлдэг. Бид ингэж амьдарч болохгүй юм байна гээд засардаг айлууд олон. Сайн харилцаагаар үр дүн гардаг аж. Тэрээр хүмүүжлийн аргын нэгэн сайн жишээг “Манай хороонд гурван хүүхэдтэй, нөхөр нь архины хамааралтай, том охин нь эцэг, эхийнхээ үгийг тоодоггүй, заримдаа тэнээд явчихдаг гэр бүл байсан. Эхнэр нь хүмүүжлийн эерэг аргын сургалтанд сууж, мэдсэн зүйлүүдээ гэр бүлдээ туршиж, хэрэгжүүлсэн байдаг. Мөн нөхрөө сургалтанд суулгаж, мэдээлэлтэй болгож, буруу зуршлыг нь өөрчилсөн. Тэр гэр бүлийнхэн одоо хүүхдүүдээ ойлгож, харилцан ярилцдаг, халуун дулаан уур амьсгалтай болсон” хэмээн тайлбарласан юм. Хороонд 2013 оны үед сургалтанд хүн цөөхөн ирдэг байжээ. Харин одоо хүмүүс идэвхтэй ирж, оролцдог болсон байна. Энэ бол хүнтэй ажиллах арга барилд суралцсаны баталгаа хэмээн Б.Гантуяа өгүүлсэн.
Дөрөв. Хамтарсан багаа Засаг дарга нь ахалж, удирдана
Засаг дарга Б.Гантуяагийн хамтарсан багийн тухай, хүүхэд хамгааллын тухай өгүүлэх явцад нэг зүйлийг тодруулах шаардлагатай мэт. Хамтарсан багийн талаар нэлээд олонтаа өгүүлсэн тул хүмүүст илүү тодорхой ойлголт өгөхөөр шийдсэн юм. Хамтарсан баг гэж юуг хэлдэг вэ? Яагаад хэрэгтэй байдаг вэ? Тэгвэл “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан баг” гэж хохирогч, түүний гэр бүлийн гишүүнд “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийн 37, 38.1.1, 40, 41, 42 дугаар зүйлд заасан үйлчилгээг хамтран үзүүлэх сум, хорооны Засаг даргаар ахлуулсан зохион байгуулалтын хэлбэрийг хэлдэг. Хамтарсан баг нь өрхийн эмч, сум, хороо, сургуулийн, халамжийн, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн нийгмийн ажилтан, цагдаагийн алба хаагч, энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдэх бөгөөд хамтарсан багийг тухайн сум, хорооны Засаг дарга ахална. Албан ёсны тодорхойлолт нь ийм. Харин иргэдийн хувьд гэр бүл, хүүхэд хамгааллын асуудлаар хандах хамгийн ойрын хүмүүс байх нь ээ.
5. Сурсан мэдлэг, хуримтлуулсан туршлагаа хуваалцана
Сонгинохайрхан дүүргийн 2-р хорооны хамтарсан багийнхан бид л сайн байвал боллоо гэдэггүй. Мэдлэг, мэдээллээ бусдад хуваалцдаг. Эднийхээс Төв, Говьсүмбэр, Говь-Алтай, Архангай, Дорнод аймгийн хамтарсан багийнхан туршлага судалж байв. Үүнээс гадна нийслэлийн Хан-Уул, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн хороодоос ч ирсэн байна. Эднийх “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг өдөр”-т зориулсан өдөрлөгийг Толгойт бүсийнхээ 12 хороонд өртөөчилсөн хэлбэрээр зохион байгуулжээ. Үр дүнтэй ажил болсон болж, хүмүүс нэг доороос цогц мэдээлэл авсан байна. Түүнээс хойш хүмүүсийн идэвх жил бүр нэмэгдэж, сонирхон оролцох болжээ. Харин өнгөрсөн 2020 онд харин цахимаа зохион байгуулсан аж.
Сонгинохайрхан дүүргийн 2-р хорооны хамтарсан багийн ололт, амжилтаас дурдаад байвал нэлээд урт түүх болно. Багийн ахлагч Б.Гантуяа хүүхдийн эрхийг хамгаалж, хүүхдийн хөгжил, хүмүүжлийн анхдагч орчин болсон гэр бүлийн сайн сайхны төлөө хичээл зүтгэлээ зориулж явна. Тэрээр энэ бүх амжилтаа төсөлтэй холбон “Хамтарсан баг маань нийслэлийн аварга болж, дүүрэгтээ олон удаа шилдгээр шалгарсан нь Хүүхдийг Ивээх Сантай хамтарч ажилласны үр дүн” хэмээн сэтгэл хангалуун ярьж байна билээ.