Хүүхэд хамгааллын үйлчилгээнд нийгмийн ажилтан, хэсгийн байцаагчийн үүрэг, оролцоо их юм
Хүүхдийг Ивээх Сангаас Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын дэмжлэгтэйгээр ХЗДХЯ-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран “Монгол Улсад Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийг нийслэлийн гурван дүүргийн есөн хороо, Архангай аймгийн дөрвөн сум, нэг баг, Дорнод аймгийн гурван сум, нэг багт хэрэгжүүлж байна. Эдгээрийн нэг бол нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо юм. Тус хорооны Хамтарсан багийн гишүүн, Хөгжлийн нийгмийн ажилтан Т.Энх-Амгалан, Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны хэсгийн байцаагч, ахлах дэслэгч Ц.Лхагва-Очир нартай хүүхэд хамгааллын үйлчилгээг багаараа хэрхэн хүргэж байгаа, гэр бүлийн хүчирхийллийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажил дээр гарч байгаа ололт амжилт, бэрхшээлийн талаар ярилцлаа.
Т.Энх-Амгалан: Хамтарсан багийн үүрэг, оролцоог танилцуулах сургалтууд явуулдаг
Манай хороо албан ёсны тоогоор 8,200 хүн амтай. Гэхдээ хотын төвд ойр учраас нийтийн байрууд олон, түр оршин суугчид нэмэгддэг. Бид 2018 оноос Хүүхдийг Ивээх Сантай хамтран ажиллаж байна. Би тухайн үед төсөлд хамрагдах хүсэлтээ гаргаж, бичиг баримтаа өөрөө бүрдүүлсэн. Өнгөрсөн хугацаанд Хамтарсан багийг чадавхжуулах сургалтуудад Хамтсан багийн бүх гишүүн хамрагдсан. Нэлээд үр дүнтэй сургалтууд болсон гэж боддог. Миний хувьд сургалтаас олон зүйлийг мэдэж авсан, маш их туршлага хуримтлуулсан, үүнийгээ ч бусад хороодын нийгмийн ажилтнууддаа туршлагаа хуваалцдаг. Шаардлагатай мэдээллээ Хүүхдийг Ивээх Сангийн ажилтнуудаас асууж, тодруулан арга зүйн дэмжлэгээ авч чаддаг. Хорооныхоо Хамтарсан багийн нарийн бичгийн үүрэг гүйцэтгэдгийн хувьд хүүхэд хамгааллын гол ажлуудаа би хариуцаж явдаг. Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага өгсөн айлд очихдоо өөрсдийн аюулгүй байдлаа хангаж, эрсдэлээ тооцдож ажилладаг.
Хамтарсан багаараа гэр бүлийн хүчирхийллийн кейс дээр ажилладаг. Үүн дээр багийн гишүүн бүрийн үүрэг, оролцоо өөр өөр. Гэхдээ гол ажлыг нийгмийн ажилтан, хэсгийн байцаагч хоёр л түлхүү гүйцэтгэдэг. Архины хамааралтай, асуудал нь давтагдаад байдаг гэр бүлүүд хороонд бий. Хүүхдүүдийг нь тусгаарлаж болохгүй, гэр бүлтэйгээ зохицоод явдаг. Арга хэмжээ авдаг ч өөрчлөлт гардаггүй. Гэмт хэрэгт өртөж болзошгүй хүмүүсийг сургалтад илүү хамруулахыг оролддог. Тиймэрхүү хүмүүс их идэвхгүй л дээ. Хороонд сургалт явуулах төсөв хүрэлцээгүй учраас мэргэжлийн хүмүүс авчрах боломж бага. Өөрсдийн нөөц, боломжид тулгуурлан аль болох олон иргэд, хүүхдэд хүрч ажиллахаар чармайн ажиллаж байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлуудыг Ковид 19-ийн цар тахлын үед голдуу цахимаар, фэйсбүүкээр дамжуулан явуулсан. Одоо эцэг эхчүүдэд хүмүүжлийн эерэг арга сургалтыг танхимын хэлбэрээр явуулж байна. Бид хорооныхоо харьяа сургууль, цэцэрлэгүүдэд Хамтарсан багийн үүрэг, оролцоог танилцуулах сургалтуудыг мөн явуулж байна.
Ц.Лхагва-Очир: Иргэдийн ухамсар нэмэгдэж байна
Миний бие Цагдаагийн байгууллагад 6 дахь жилдээ, 2021 оноос хорооны хэсгийн байцаагчаар ажиллаж байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага, мэдээлэл нэлээд ирдэг. Ахуйн хүрээний архидалт, ажилгүйдэл, хардалт, гэр бүлийн салалт гэх мэтийн олон шалтгаантайгаар дуудлага мэдээлэл тасрахгүй. Гэр бүлийн хүчирхийллийг цаашид даамжруулахгүйн тулд гэмт хэргийн шинжтэй бол зөрчлийн хуулиар арга хэмжээ авдаг. Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага ирэхэд гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтооно. Хоорондоо маргасан болон бусад үл ойлголцлын улмаас дуудлага өгөх тохиолдол ч бий. Гэр бүлийн хүчирхийлэл далд үйлддэг, давтагддаг, даамжирдаг учраас мэдэгдэхгүй байх, эсвэл хөрш айлын мэдээллээр илрэх тохиолдол бий. Түр оршин суугчидтай холбоотой хүндрэлүүд ч бас гардаг. Манай зүгээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны ажлууд хийж байгаа. Бүртгэлд байгаа архины хамааралтай, өрх толгойлсон гэх мэтийн гэмт хэрэгт өртөж болзошгүй, өртөж байсан хүмүүсийг илүү хамруулдаг. Энэ ажлууд нь хүүхдүүдийг хамгаалах, амьдрах орчныг нь сайжруулах, сургууль, ажилд хамруулах талаас нь дэмжих зорилготой.
Хорооныхоо Хамтарсан багийн гишүүдтэй хамтран сургалт, сурталчилгаа хийхээс гадна мэргэжил, ур чадвартай нь холбож ажилд зуучлах, халамжид хамруулах зэрэг ажлууд хийдэг. Сүүлийн үед хажуу хашааны айл, хөршүүдээс гэр бүлийн хүчирхийлэл гарч болзошгүй байна гэсэн дуудлага өгөх болсон. Энэ нь иргэдийн ухамсар нэмэгдсэн, хууль, дүрмийн сурталчилгаа сайн хийгдэж, иргэд энэ талын мэдлэг, ойлголттой болсонтой холбоотой. Хорооны хамтарсан багаараа хүргэж байгаа мэдээлэл, сурталчилгааны ажлуудын үр дүн юм гэж харж байна. Хамгийн гол нь хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн хэрэг гарахаас урьдчилан сэргийлж, илрүүлэлтийг сайжруулан, нэгэнт гарсан тохиолдолд хамтарсан багаараа цогц үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж, хамгаалах шаардлагатай байна.