Алтайн малчныд очсон хүмүүнлэгийн тусламж

– Япон Платформ Сангийн санхүүжилтээр төсөл хэрэгжүүлэв-

Монгол орны 16 аймаг, 154 сумыг хамарсан хүчтэй шороон шуурга 2021 оны 3 дугаар сарын дундуур болж, 706 хүн төөрч, сураггүй болсноос 10 хүн нас барж, 531 гэр, 2244 хашаа саравч нурж, 134.266 толгой мал хорогджээ. Өмнө нь болж байгаагүй хүчтэй шуурганд олон айл өрх гэргүй болж, мал, хөрөнгөө алдан хохирчээ.

Тэдний нэг бол Улаанбаатар хотоос 1200 км алс орших Говь-Алтай аймгийн Дарив сумын малчин Б.Ганнямынх юм. Тэр өдөр гэрийн эзэн малаа хариулахаар явж, эхнэр Б.Шүрэнхорол нь 6-10 насны гурван хүүхэдтэйгээ гэртээ үлджээ. Б.Ганням гэнэтийнхүчтэй шуурганд малаа арай гэж тууж ирэхэд гэр нь унаад эхнэр нь айчихсан, хүүхдүүд нь уйлчихсан угтжээ. Тэрээр энэ талаараа “Ойр орчимд юу ч харагдахгүй, зөвхөн малын чимээ л сонсогдоод байсан. Нэлээд хэдэн цаг тасралтгүй шуурсан байх. Би тэр шөнө айлын ишиг, хургаа хийдэг байсан жижиг гэрийг нь түр авч, хаалга, тооныг засаж барьсан. Одоо ч тэр гэртээ амьдарч байна. Хавартаа салхи нэвт үлээгээд хүйтэн, зундаа халуун, зай багатай болохоор хүүхдүүд тав тухтай байж чадахгүй юм” хэмээн ярилаа. Түүний эхнэр Б.Шүрэнхорол “Би өмнө нь тийм хүчтэй шуурга харж байгаагүй. Тухайн үед үнэхээр их айсан. Амьдардаг ганц гэрээ шуурганд унагаах хэцүү юм байна билээ” гэв. Тэднийх Хүүхдийг Ивээх Сангаас хэрэгжүүлсэн “Шороон шуурганд өртсөн хүүхэд, малчин өрхийн амьжиргааг дэмжих” төсөлд хамрагдаж, таван ханатай гэр авсан юм. Б.Ганням “Биднийг хүнд хэцүү байх үед гэр өгч тусалсан Японы ард түмэндээ баярлалаа. Бид нар энэ гэртээ үр хүүхдээ өсгөж сайхан амьдарна” хэмээн гэр бүлийнхээ өмнөөс баярлаж талархсан сэтгэлээ илэрхийллээ.

Эднийх шиг шороон шуурганд өртсөн олон малчин өрхүүдийг Хүүхдийг Ивээх Сангаас дэмжих, учирсан хохирлыг нь арилгахад туслах, шуурганы гамшигт өртсөн хүүхдүүдэд сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх зорилгоор “Шороон шуурганд өртсөн хүүхэд, малчин өрхийн амьжиргааг дэмжих” төслийг 2021 оны 7 дугаар сарын 5-наас 10 дугаар сарын 4 хүртэл хэрэгжүүлсэн юм. Япон Платформ Сангаас санхүүжүүлж Хүүхдийг Ивээх Сангийн хэрэгжүүлсэн энэхүү төслөөр Дундговь, Говь-Алтай, Өвөрхангай аймгийн 69 малчин өрхөд таван ханатай гэр, 300 малчин өрхөд эрүүл ахуйн багц, 310 малчин өрхөд мөнгөн тусламж үзүүллээ.

Малчдад өгөх тусламжийг шороон шуурганд гэр нь бүрэн эвдэрсэн, мал болон бусад эд зүйлийн хохирол амссан, хүүхэдтэй, амьжиргааны төвшин доогуур зэрэг байдлыг харгалзан олгосон юм. Эрүүл ахуйн багцад оо, саван, угаалгын нунтаг, ариун цэврийн хэрэгсэлүүд, хүүхдэд сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх зөвлөмж зэргийг багтаасан бөгөөд нэг багцын үнэ 50 ам.доллартай тэнцэх хэмжээтэй байлаа. Нэг өрхөд өгсөн мөнгөн тусламж нь 100 ам.доллартай тэнцэх Монгол төгрөг байсан юм.

“Шороон шуурганд өртсөн хүүхэд, малчин өрхийн амьжиргааг дэмжих” төслийн тусламжууд Говь-Алтай аймагт очлоо. 2021.08.26

Говь-Алтай аймгийн Дарив сумын малчин Б.Ганням хүмүүнлэгийн тусламжийн гэрээ хүлээн авав. 2021.08.26

Хүүхдийг Ивээх Сангийн Хүмүүнлэгийн тусламжийн эрүүл ахуйн багц, сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх гарын авлагатай танилцав. 2021.08.27

Б.Ганнямынх “Шороон шуурганд өртсөн хүүхэд, малчин өрхийн амьжиргааг дэмжих” төслийн тусламжийн гэрээ авч, нутаг руугаа явлаа. 2021.08.27