Б.Рэнцэн: Хүүхдүүдтэйгээ зэрэгцээд бичиг үсэг сурч байгаа гэхээр эвгүй байдаг ч би хичээж байгаа
Хүүхдийг Ивээх Сан 2021-2022 онд “Боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийн малчин эцэг, эхчүүдийн бичиг үсгийн боловсролыг сайжруулах нь” төслийг Австралийн Сайн дурын хөтөлбөрийн Нөлөөллийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл нь зайн болон явуулын сургалтаар дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй, бичиг үсэггүй малчин эцэг, эхчүүдийн унших, бичих, тоо бодох чадварыг дээшлүүлэхээс гадна хүүхэдтэйгээ ажиллах арга барилыг сайжруулах зорилготой юм. Төсөлд 1990-ээд онд сургууль завсардсан одоо бичиг үсэг мэдэхгүй, эсвэл бага мэддэг, төрсөн caр өдрөө мэддэггүй, бусадтай ярихдаа ичиж, санаа зовдог, бичиг үсэггүй учраас банк зэрэг газраас үйлчилгээ авахаас аль болох зайлсхийдэг эмзэг бүлгийн болон малчин 60 насанд хүрэгчид энэхүү бичиг үсгийн боловсролын төсөлд хамрагдаж байна.
“Боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхэдтэй малчин эцэг эхийн бичиг үсгийн боловсролыг сайжруулах нь“ төслийн үр шимийг хүртэгчдийн нэг нь Б.Рэнцэн юм. Тэрээр эдүгээ 38 настай бөгөөд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд гэр бүлийн хамт амьдарч байна. Рэнцэнгийн гэр бүлийн хүн Сандаг нь аймгийн махны үйлдвэрт хамгаалалтын албанд ажилладаг ажээ. Тэд 5-21 насны таван хүүхэдтэй. Ууган хүү нь Улаанбаатар хотод ажилладаг, удаах хүү нь ХААИС-д оюутан, дараагийн хүү нь аймгийнхаа МСҮТ-д барилгын мэргэжлээр суралцдаг. Бага хүү 13 настай, хөгжлийн бэрхшээлтэй тул Арвайхээр сумын ерөнхий боловсролын 2-р сургуулийн тусгай бүлэгт суралцдаг. Харин отгон охин нь гэртээ хүмүүждэг бөгөөд ахдаа туслах нь түүний үүрэг ажээ. Рэнцэн төсөлд хамрагдан Арвайхээр сумынхаа Насан туршийн боловсролын нэгжид сургалтад хамрагдаж, бичиг үсгийн болон тоо бодох чадварт суралцаж байна.
Тэрээр яагаад төсөлд хамрагдах болсон шалтгаанаа “Миний ээж аав Зүүнбаян-Улаан суманд мал маллаж байсан. Намайг сургуульд ороход 1-р ангиас монгол бичиг зааж байсан. Би тааруу сурч байсан болохоор 3-р ангид байхдаа сургуулиас гарч ээж, аавдаа мал ахуйд тусалдаг болсон юм. Гэр бүлийн хүнтэйгээ суугаад 5 хүүхэд гаргаж, отгон хүү маань төрөх үедээ тархиндаа харвалт өгсний улмаас тархины эдийн үрэвслийн үлдэц (эпилепси)-тэй болсон” хэмээн тайлбар ярилаа. Рэнцэн хүүгээ төрүүлсний дараа нуруу нь өвдөж, хөдөлмөрийн чадвар алдсаны улмаас группт оржээ. Тиймээс гэртээ голдуу байдаг бөгөөд хөтөлбөрт хамрагдаж эхэлснээсээ хойш сургалтандаа шамдан оролцож байгаа аж. Тэрээр “Хичээлдээ маш дуртай, хүүхдүүдтэйгээ зэрэгцээд бичиг үсэг сурч байгаа гэхээр эвгүй байдаг ч би хичээж байгаа” гээд нямбай гэгч нь бичсэн дэвтрээ дэлгэн үзүүлсэн нь төсөл хэрэгтэй хүндээ хүрч байгаагийн илрэл юм. “Хүн амьтантай уулзаж, ярилцаад бусадтай харилцаж, нийгэмшиж байгаа нь энэ хөтөлбөрт хамрагдаж байгаагийн хамгийн сайхан зүйл” гэж Рэнцэн хэлсэн бөгөөд цаашдаа оёдол эсгүүрийн сургалтад суухыг хүсэж байгаа гэдгээ ярилаа.
Нөхөр Сандаг нь түүнийг суралцахад дэмждэг гол хүн юм. Тэднийх Арвайхээрийн төвөөс нэлээн зайдуу амьдардаг тул нөхөр нь хичээлдээ явахад нь унаагаараа зөөж, нөхрийгөө ээлжинд гарсан үед өөрөө аргалаад хичээлдээ явдаг байна. Сандаг боловсролыг маш чухалчилдаг бөгөөд хүүгээ нийгэмшиж, бусадтай суралцаж, хөгжихөд бүхий л чадлаараа дэмждэг. Отгон хүү Буянзаяагаа хөгжлийн бэрхшээлтэй гээд гэрт нь үлдээлгүй, сургуульд сургадаг бөгөөд аймаг дахь Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхэдтэй Эцэг Эхийн Холбооны идэвхтэй гишүүн болжээ. Одоо тэрээр гэртээ бас нэгэн сурагчтай болсон нь түүний эхнэр юм. Сандагийн хувьд “Боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхэдтэй малчин эцэг эхийн бичиг үсгийн боловсролыг сайжруулах нь” төсөлд хамрагдах иргэдийн судалгаанд эхнэрийгээ хамруулж, сургалтанд оролцуулсан байна.
Ийнхүү Рэнцэн төслийн дэмжлэг болон гэр бүлийн дэмжлэгээр унших, бодох, түүнчлэн хүүхэдтэйгээ ажиллах арга барилд суралцаж байна. Хүүхдийг Ивээх Сангийн зүгээс ч түүний хүүхдүүдэд мөн боловсролын дэмжлэг үзүүлж байна. Рэнцэнгийн 5 настай охин нь цэцэрлэгт хамрагддаг боловч гэр нь хол учраас хүргэж өгөхөд хүндрэлтэй байгаа тул гэртээ түр байгаа юм. Хүүхдийг Ивээх Сангийн хэрэгжүүлж буй “Зурагт номын төсөл”-д Арвайхээр сумын 8-р цэцэрлэг хамрагдсан бөгөөд тус цэцэрлэгээс санаачлан хэрэгжүүлж буй гэрээр аялуулах номын богц үйл ажиллагаанд охиныг ахынх нь хамт хамруулахыг төслийн ажилтнууд цэцэрлэгт санал болгожээ.
“Бид боломжтой үедээ насан туршийн төвдөө танхимаар хичээллүүлж, боловсруулсан хөтөлбөрийн дагуу суралцагчдынхаа түвшинд тохируулан бэлтгэсэн даалгаврын багцаараа зайны сургалтад хамруулна. Аймгийн удирдлагууд, төсөлд хамрагдаж байгаа 3 сумын болон багийн Засаг дарга нар маш их уриалгахан хүлээн авч иргэдээ дэмжин сургалтад зарим нь өөрсдийн унаагаар хүргэж ирж оролцуулж байна” хэмээн Арвайхээр сумын НБТН-ийн багш Б.Норовсүрэн ярьсан юм.
Төсөлд хамрагдсан суралцагчдын бичиг үсгийн чадварыг сайжруулахаас гадна тусгай хэрэгцээтэй хүүхдийн бие даах, суралцах, хөгжихөд гэр бүлийн орчинд хэрхэн дэмжих арга барилын талаар мөн ойлголт зөвлөгөө өгөх юм. Мөн сургалтын хөтөлбөртөө аймгийн төрийн болон төрийн бус байгууллагууд, бизнесийн оролцоотойгоор амьдрах ухааны мэдлэг чадварыг нэмэгдүүлэх хичээлүүдийг багтаажээ.
“Боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхэдтэй малчин эцэг эхийн бичиг үсгийн боловсролыг сайжруулах нь“ төсөл Б.Рэнцэн шиг олон хүнд үр нөлөөгөө үзүүлж байна. Цаашид олон эерэг үр дүн гарч төслийн үр шимийг хүртэгчдэд ач тусаа өгнө хэмээн төслийг хэрэгжүүлэгчид найдаж байна. Бичиг үсгийн боловсролыг нь дээшлүүлэх хэрэгцээ шаардлага бүхий хүмүүсийг цаашид ч олж илрүүлэн, насан туршдаа суралцахыг дэмжих үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг оролцогч талууд мөн хүсэж байна.