Алтайн хүүхдүүд төслөө танилцуулж, санхүүжилт авлаа

“Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, Энтрепренершип боловсрол олгох” төслийн санхүүжилтийн тэтгэлэгт уралдаан 2021 оны 11 дүгээр сараас эхлэн зорилтот таван аймагт зохион байгуулагдаж байна. Энэхүү уралдаанд хувь хүний ур чадвар, энтрепренершипийн боловсрол олгох ESEL хөтөлбөрт хамрагдсан зорилтот орон нутгийн хүүхэд, залуучууд баг бүрдүүлэн бичил төслөөр оролцсон юм. Бичил төслийг санхүүжүүлэх энэхүү уралдааны хоёр дахь шатны арга хэмжээ болох Пич өдөрлөг Ховд аймгийн Алтай суманд зохион байгуулагдсан ба Хүүхдийг Ивээх Сангийн ажилтнуудын энэхүү арга хэмжээнээс хийсэн сурвалжилгыг уншигчдадаа хүргэж байна.

Сонирхолтой нээлтээр эхэлсэн Пич өдөрлөг 200 гаруй хүнд хүрлээ …

Манай баг Ховд аймгийн төвөөс өглөө эртлэн Алтай сум руу хөдөллөө. Алтай сум нь Улаанбаатар хотоос 1465 километр зайтай, өмнө талаараа БНХАУ-тай хиллэдэг алслагдсан сумдын нэг юм. Зам зуураа Алтайн сүрлэг уулс, Бодончийн хавцлын байгалийн үзэсгэлэнг биширч явсаар товлосон газартаа очив.

Биднийг очиход Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийн урлагийн зааланд Питч өдөрлөг эхлэхэд бэлэн болжээ. Зааланд ESEL хөтөлбөрт хамрагдаж, сурсан мэдсэнээ бичил төслөөр дамжуулан танилцуулахаар ирсэн сурагчид, тэднийг дэмжихээр ирсэн эцэг эх, найз нөхөд, түүнчлэн “Сумын шарк танк” гэж нэрлэгдэх болсон энэхүү шинэлэг арга хэмжээг үзэж сонирхох хүсэлтэй хүүхэд залуучууд, сумын иргэд, арга хэмжээг хамтран зохион байгуулагч Сумын Тамгын газрын ажилтнууд суудлаа эзэлсэн байв. Урлагийн заалны хаалгаар ороход сурагчийн ширээ дүүргэн өрсөн өнгөлөг чамин лаанууд, хичээнгүйлэн урласан цэцгэн хэлбэртэй үсний боолтууд, гэрэл зургууд, урьд нь хаана ч олж харж байгаагүй загварлаг шилэн стаканууд гээд яг л уран бүтээлийн үзэсгэлэн гэмээр орчин биднийг угтсан юм.

Төслийн сумын зөвлөлийн дарга, сумын Засаг даргын тамгын газрын дарга Д.Баатарсүрэн, төслийн аймгийн зөвлөлийг төлөөлөн шүүгчээр ажиллаж буй Хүнс, хөдөө аж ахуйн газрын Худалдаа үйлдвэрлэлийн албаны дарга Д.Эрдэнэдорж, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Д.Түнжээ, Боловсрол шинжлэх ухааны газрын мэргэжилтэн Ц.Гантуяа нар арга хэмжээг нээж үг хэлэн, уралдаанд оролцож буй хүүхэд, залуучуудад амжилт хүсэв. Нээлтийн арга хэмжээний үеэр авьяаслаг сурагчдын тоглолт болсон нь үзэгчдийг давхар баясгасан юм.

Пич өдөрлөгт Алтай сумаас 12 баг төслөө танилцууллаа …

“Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, Энтрепренершип боловсрол олгох” төслийн хүрээнд зарласан энэ удаагийн санхүүгийн тэтгэлэгт хөтөлбөрийн уралдаанд Ховд аймгийн Алтай сумын хүүхэд, залуучуудаас бүрдсэн 13 баг оролцож, төслийн саналаа ирүүлсэн юм. Үүнээс энэ 12 багийн сурагчид Пич өдөрлөгт оролцож, төслөө биечлэн танилцуулсан юм. Баг тус бүр таних тэмдэг, хувцсаар ижилссэн нь тэдний хичээл зүтгэлийг харуулж байлаа.

Хоёр зуу орчим хүний өмнө тайзан дээр зогсоод, 5 минутад төслөө бүтээлч аргууд ашиглан итгэл дүүрэн танилцуулах сурагчдыг харахад урамтай байв. Тухайлбал, “Азын дөрвөн бэрх” багийнхан тайзан дээр өөрсдийн хийсэн эдийн савангаар алчуур угааж, үр дүнг нь үзэгчдэд харуулсан юм. Багийн ахлагч Б.Хонгорзул “Ихэнх хүмүүс байгалийн гаралтай саван муу хөөсөрдөг, бохирдлыг сайн арилгадаггүй гэдэг. Харин энэ саван хэрхэн хөөсөрч, бохирдлыг арилгаж байгааг харуулъя” хэмээн тайзан дээр алчуур угааж үзүүлэв. Багийн гишүүд савангаа нь хүний биед сөрөг нөлөөгүй байгалийн гаралтай эко бүтээгдэхүүн, сумандаа үйлдвэрлэсэн тул хямдхан хэмээн тайлбарлаж, малчдаас өөхөн тос аваад оронд нь савангаа өгч болно гэх зэргээр шүүгчдийн асуултад хариуллаа.

Сурагчдын олонх нь сургууль дээр эсвэл дотны хүмүүстээ тулгардаг асуудлаас төслийн санаагаа олсон хэмээн ярьж байв. “Ирээдүй” багийн ахлагч хэвлүүхэн бор хүү “Ээж маань энэ сургуульд үйлчлэгч. Хүүхдүүд ихэнхдээ гутлынхаа тоосыг арчилгүй сургуульдаа орж, ээжийн минь ажлыг хүндрүүлдэг. Би ээж шигээ олон үйлчлэгчийн ажлыг хөнгөвчлөх санаагаа багийнхантайгаа ярилцаад боловсруулсан гутал цэвэрлэх төхөөрөмж бүтээх төслөө танилцуулсан.” гэлээ.

Ерөнхий боловсролын сурагчдын зэрэгцээ Насан туршийн боловсролын суралцагчид ч нутагтаа ажлын байр бий болгох тэмүүлэлтэй байгаа нь тэдний танилцуулсан үсчин гоо сайхан ажиллуулах, гэр ахуйн тавилгын засвар хийх, аюулгүй, эрүүл хүнс үйлдвэрлэх төслүүдээс харагдлаа. Гэвч шүүгчдээс зах зээлийн судалгаа, тооцоогоо сайн хийх, илтгэх чадвараа нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн зөвлөгөөнүүд авч, эхний шатанд хараахан тэнцсэнгүй.Шүүгчид төсөл бүр дээр зөвлөгөө өгч, тэнцээгүй төслүүдийг хэрхэн сайжруулах, тэнцсэн бичил төслүүдийг хоорондоо уялдаатай, бие биенээ дэмжих хэлбэрээр ажиллах аргууд санал болгож, туршлагатай энтрепренер, зах зээлтэй холбох, илүү тогтвортой ажиллахад нь санаа авах үнэтэй зөвлөгөөнүүд өглөө. Пич өдөрлөг дууссаны дараа сурагчид үлдэж зөвлөх багш нартайгаа хамт шүүгчидтэй уулзаж, зөвлөгөө авч байсан нь тэдний хийх бүтээх хүсэл тэмүүлэл ямар өндөр байгааг харуулж байв.

Өрсөлдсөн 12 багаас 2 нь төслийн санхүүжилтээ авлаа

Бичил төсөл санхүүжүүлэх тэтгэлгийн уралдаанд эхний шатанд шүүгчдийн дундаж оноогоор“Олны хүч оломгүй далай” багийн “Хоёрдагч түүхий эд шил, хуванцар саваар бүтээгдэхүүн үйлдвэрлэх” төсөл, “Азын дөрвөн бэрх” багийн “Бяцхан үйлдвэрлэгчид” төсөл, “Ирээдүй” багийн “Цэвэрхэн гутал” гэсэн 3 төсөл тэнцсэнээс “Олны хүч оломгүй далай”, “Азын дөрвөн бэрх” багууд төслийн шалгуураа бүрэн хангаж, санхүүжилтээ авахаар болов.

Дараагийн Питч өдөрлөг 2022 оны 5 дугаар сард болох бөгөөд Алтай сумаас гадна Ховд, Завхан, Сүхбаатар, Өвөрхангай, Говьсүмбэр аймгийн зорилтот 25 суманд ESEL хөтөлбөрт хамрагдсан хүүхэд, залуучуудын дунд дахин зохион байгуулагдана.

Алтай сумаас оролцсон төслүүдийг танилцуулбал:

  • Гэрэлт ирээдүй багийн “Гэрэлт зургийн студи” төсөл
  • Олны хүч оломгүй далай багийн “Хоёрдагч түүхий эд шил болон хуванцар саваар бүтээгдэхүүн үйлдвэрлэх” төсөл
  • Нарны гэрэл багийн “Сурагчийн караоке” төсөл
  • Азын 4 бэрх багийн “Бяцхан үйлдвэрлэгчид”
  • Luxury feeling багийн “Кофе шоп” төсөл
  • Ирээдүй багийн “Цэвэрхэн гутал” төсөл
  • Хамтдаа хөгжүүлье багийн “Эв зүй-Элдэв оролдлого” төсөл
  • Чадварлаг охид багийн “Охидын өрөө” төсөл
  • Тэмүүлэл багийн “Үсний боолт” төсөл
  • Хязгааргүй сэтгэ багийн “Дэлхийн хүнсийг дэргэдээсээ”
  • “Аюулгүй хүнс” төсөл
  • “Үсчин гоо сайхны газар” төсөл
  • “Гэр ахуйн тавилга” төсөл

Сурвалжилга бэлтгэсэн:

Хүүхдийг Ивээх Сангийн Ховд аймаг дахь салбарын ажилтан Н.Бадамцэцэг, П.Бямбазаяа

Ховд аймагт хэрэгжиж буй төслийн талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл badamtsetseg.namsrai@savethechildren.org, byambazaya.purevsuren@savethechildren.org 98119575, 89181183 дугаараар холбогдоорой.