П.Цэдэндамба: Ажлын байран дахь зөвлөгөө үр дүнгээ өгч байна

Намайг Пэлжээ овогтой Цэдэндамба гэдэг. Би их сургуулиа төгссөн цагаасаа хүүхэд хамгааллын салбарт тэр дундаа Хүүхдийг Ивээх Санд ажиллаж байна. Анх 2009 онд Хүүхдийг Ивээх Сангийн “Хүүхэд төв”-д туслах ажилтнаар ажилд орж байлаа. 2009-2011 онд Хүүхэд төвийн туслах ажилтан, 2011- 2015 оноос “Хүүхэд төв”-ийн нийгмийн ажилтан, 2015 оноос өнөөг хүртэл Хүүхэд хамгааллын аргазүйн төвийн ажилтнаар ажиллаж байна.

Хэрэгцээ шаардлагатай гарын авлагууд

Энэ хугацаанд “Нийгэмшүүлэх цирк”, “Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төслүүдэд хамтран ажиллаж байна. Хүүхдийг Ивээх Сан “Нийгэмшүүлэх цирк” хөтөлбөрийг 2015 оноос нийслэлийн Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүрэг болон Насан туршийн боловсролын төвүүд, ерөнхий боловсролын 29 дүгээр дунд сургуульд хэрэгжүүлж нийт давхардсан тоогоор 405 хүүхэд сургалтад хамрагдан, 55 хүн “Нийгэмшүүлэх цирк”- ийн дасгалжуулагч багш, нийгмийн ажилтнаар бэлтгэгдсэн байдаг. Хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн чиглэлээр ажиллаж байгаа ажилтнууд, судлаач, суралцагч оюутнуудад зориулсан “Нийгэмшүүлэх цирк” сургалтын арга зүйг багаараа боловсруулсан юм. “Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн хүрээнд хамтарсан багийн гишүүн бүрд тусгайлан зориулж боловсруулсан гарын авлагын багц гаргасан. Үүнээс нийгмийн ажилтны “Маягт хөтлөх арга зүй” зэрэг гарын авлага боловсруулахад оролцсон. Эдгээр гарын авлагууд хамтарсан багийн гишүүдийн өдөр тутмын хэрэглээ болсонд баяртай байдаг.

Ажлын байран дахь зөвлөгөө үр дүнгээ өгч байна

2015 онд хуучин “Хүүхэд төв” маань үйл ажиллагааны чиглэлээ өөрчилж, Хүүхэд хамгааллын аргазүйн төв болсон. Бид энэ үеэс хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр ажиллаж байгаа ажилтнуудад ажлын байранд зөвлөгөө өгөх ажлыг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү санаачилгыг 100 хувь хэрэгжүүлэх боломжийг “Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төсөл олгосон юм. Миний хувьд төслийн хүрээнд Архангай аймгийн 4 хамтарсан баг, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн 4 хорооны хамтарсан багийн гишүүдэд ажлын байран дахь зөвлөгөөг өгч ажиллаж байна. 2015 оноос хойш давхардсан тоогоор 1000 гаруй хамтарсан багийн мэргэжилтнүүдэд ажлын байранд нь зөвлөгөө өгч, арга зүйн дэмжлэг үзүүлсэн байна. Тухайн үед Ажлын байранд нь зөвлөн туслах, зөвлөгөө өгнө гэхээр ихэнх хүмүүсийн санаанд нэг л сайн бууж өгөхгүй үе байсан.

Энэ үед ажлын байран дахь зөвлөгөөг сард хоёр удаа тогтмол өгсөн нь хамтарсан багуудын хэрэгцээнд нийцэж эхэлсэн. Цар тахлын үед бид хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлж байгаа нийгмийн ажилтнууд, хамтарсан багийн гишүүдэд цахим хэлбэрээр зөвлөгөө өгч ажиллалаа. Хамгийн гол үр нь кейс менежментийн үйлчилгээний зургаан алхмын дагуу үйлчилгээг үзүүлэх арга зүйг түгээн дэлгэрүүлэхэд ажлын байран дахь зөвлөгөө нь тодорхой хувь нэмрээ оруулсан гэж бодож байна.

Хамтарсан багаараа олох гарц шийдэл

Улаанбаатар хотын хороо бүр онцлогтой. Хүн амын тоо, байршил зэргээс хамааран хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэл их гардаг. Эдгээр тохиолдлууд дээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар Засаг даргаар ахлуулсан хамтарсан баг ажиллаж, үйлчилгээ үзүүлдэг. Хүчирхийллийн тохиолдол бүр өөр, ажиллах журам, гарах шийдэл зэрэг нь ялгаатай. Энэ бүх асуудал дээр гарц шийдлийг хорооны хамтарсан багтайгаа олж, үйлчлүүлэгчийн сайн сайхны төлөө хамгааллын үйлчилгээг үзүүлэхэд дэмжлэг үзүүлдэг. Хамтарсан багийн гишүүдэд ажлын байран дахь зөвлөгөө, мэдээлэл өгөхдөө хүчирхийллийг таних, илрүүлэхэд туслах, урьдчилан сэргийлэх үйлчилгээг санал болгох, мэргэжлийн нийгмийн ажлын үйлчилгээг хүртээмжтэй хүргэхэд дэмжих, ажиллахад хүндрэлтэй кейс, асуудлуудад мэргэжлийн гарц гаргалгаа олоход нь дэмжих, кейс файл бүрдүүлэлтийг шаардлагын дагуу бүрдүүлэх, баримтжуулах тухай, хамтарсан багийн үйлчилгээтэй холбоотой журмын дагуу батлагдсан маягтыг зөв бөглөхөд дэмжлэг үзүүлэх, хамтарсан багийн төлөвлөгөөгөө гаргахад дэмжих, хамтарсан багийн үйлчилгээний төлөвлөлт биелэлт, хариу арга хэмжээ авах зэрэгт анхаардаг. Ажлын байрны зөвлөгөө хүүхэд хамгааллын салбарт ажиллаж буй мэргэжилтнүүдийн хэрэгцээнд нийцсэн арга зүй нь байж чадсан юм.

Хүүхэд хамгааллын салбарт ажиллаж буй ажилтнуудад мэргэжлийн удирдлагаар хангах, ажлын байранд нь зөвлөн туслах ажлыг улам сайн түгээн дэлгэрүүлэхийн хичээн ажиллаж байна.