Завсардсан боловсрол, өгсөн боломж
Завсардсан боловсрол, өгсөн боломж
-Малчин эцэг, эхчүүд бичиг үсгийн чадвараа дээшлүүлж байна-
Орхигдсон боловсролоос үүдсэн бэрхшээлүүд
Манай оронд 1990-ээд оны зах зээлийн шилжилтийн үеэр олон хүүхэд сургууль завсардан, хөдөлмөр эрхэлж, зарим нь мал дээр гарч аав ээждээ туслах болсноор тэдний хувьд зарим сөрөг үр дагавар гарчээ. Үүний нэг жишээ нь эдгээр хүүхдүүд өнөөдөр өөрсдөө эцэг, эх болж үр хүүхдүүдээ өсгөх, эрдэм боловсролд нь анхаарахад олон бэрхшээл тулгарч байгаа юм. Наад зах нь бичиг үсгийн боловсрол тааруугаас хүүхдийнхээ хичээл номыг хийлгэх, хөгжил боловсролд туслахад хүндрэл гарч байна. Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй бол эцэг, эхийн зүгээс илүү дэмжлэг үзүүлэх шаардлагатай байдаг. Хөдөө орон нутагт ийм олон аав, ээжүүд бага насны эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэйгээ хэрхэн зөв харилцаж, яаж хөгжүүлэхээ мэдэхгүй, хаанаас ямар тусламж авах учраа олохгүй амьдарч байна. Түүнчлэн төрсөн caр өдрөө мэддэггүй, бусадтай харилцахдаа ичиж, санаа зовдог, банк, дэлгүүр, эмнэлэг зэрэг олон нийтийн газраас үйлчилгээ авахаас аль болох зайлсхийдэг иргэд цөөнгүй.
Боловсролын түвшинг сайжруулах хэрэгцээ
Хүүхдийг Ивээх Сангаас 2018-2021 онд “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь” төслийг хэрэгжүүлэхдээ зорилтот орон нутагт боловсролд хамрагдсан болон хамрагдаагүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн судалгаа хийсэн. Эдгээр хүүхдийг илрүүлэх судалгааны явцад бичиг үсэг мэддэггүй, нийгэмшээгүй эцэг эхчүүдтэй таарсан юм. Энэ асуудлын мөрөөр 2021 онд дахин судалгаа хийж Өвөрхангай аймгийн Арвайхээр, Хархорин, Уянга сумын 143 иргэдийг хамруулж, 0-16 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй малчин, ажил хөдөлмөр эрхэлдэггүй эцэг эх, асран хамгаалагчдыг илрүүлснээр олон сонирхолтой дүн гарчээ. Тухайлбал, судалгаанд хамрагдсан 134 аавын 35% нь бага боловсролтой, огт боловсрол эзэмшээгүй бол 26.9% нь суурь боловсролын аль нэг түвшинд суралцсан байв. Эдгээр иргэдийн 54.1% нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй эсвэл малчин хүмүүс байжээ. Мөн судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 65% нь 0-11 насны бага насны хүүхэд байна. Хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаанд байдаг хүүхэдтэй, хөдөө алслагдсан нутагт амьдардаг, ажилгүй иргэдийн боловсролын түвшинд анхаарах шаардлагатайг судалгаанд дурджээ.
Боловсролын тэгш боломжийг бүрдүүлсэн төсөл
Дээрх судалгаагаар илрүүлсэн иргэдийг дэмжих зорилгоор Австралийн Сайн дурын хөтөлбөрийн Нөлөөллийн сангийн санхүүжилттэй “Боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхэдтэй малчин эцэг эхийн бичиг үсгийн боловсролыг сайжруулах нь“ төслийг Хүүхдийг Ивээх Сан 2021 оны 6 дугаар сараас 2022 оны 4 дүгээр сар хүртэл Өвөрхангай аймагт амжилттай хэрэгжүүллээ. Боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхэдтэй 60 малчныг сонгож, аймгийн Насан туршийн боловсролын төв, Арвайхээр, Хархорин болон Уянга сумдын Насан туршийн боловсролын нэгжүүдтэй хамтран тусгайлан бэлтгэсэн цогц хөтөлбөрийн дагуу сургалтуудаа зохион байгуулсан юм. Хөтөлбөр нь эдгээр малчин эцэг эхчүүдийн унших, бичих, тоо бодох чадварыг зайн болон явуулын сургалтаар дамжуулан дээшлүүлэхийн зэрэгцээ хүүхэдтэйгээ ажиллах арга барилыг сайжруулахад чиглэсэн байлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн боловсролыг дэмжиж байгаа нь орон нутагтаа шинэлэг бөгөөд анхдагч санаачилга болж байгаагаараа онцлог.
Боловсролд шамдан суралцагч эцэг эхчүүд
Төсөлд хамрагдсан суралцагчдын тоо бодох, уншиж, бичих чадвар сайжрахаас гадна тусгай хэрэгцээтэй хүүхдийн бие даах, суралцах, хөгжихөд гэр бүлийн орчинд дэмжих арга барилд суралцсаар байна. Мөн сургалтын хөтөлбөрийн нэг хэсэг болох амьдрах ухааны мэдлэг чадварыг нэмэгдүүлэх хичээлүүд нь аймгийн төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн гэсэн олон талын оролцоотой хэрэгжсэн юм.
Арвайхээр сумын иргэн Б.Рэнцэн “Манайх 5 хүүхэдтэй. Отгон хүү маань төрөх үедээ тархиндаа харвалт өгсний улмаас тархины эдийн үрэвслийн үлдэц (эпилепси)-тэй болсон. Би 3-р ангиасаа сургууль завсардаж мал дээр гарсан учраас сайн уншиж, бичиж сураагүй. Хүүхдийг Ивээх Сангийн хөтөлбөрт хамрагдаж эхэлснээсээ хойш шамдан суралцаж байгаа. Хичээлдээ дуртай, хүүхдүүдтэйгээ зэрэгцээд бичиг үсэг сурч байгаа гэхээр эвгүй ч би хичээж байгаа” хэмээн яриад нямбай гэгч нь бичсэн дэвтрээ үзүүлсэн нь төсөл хэрэгтэй хүндээ хүрч байгаагийн илрэл юм. Тэрээр “Олны дотор ороод сурах гоё юм. Гэртээ хэдэн хүүхдүүдтэйгээ үлдэж хоол цайг нь хийж өгөөд, хичээлд нь явуулж, гэрийн ажлаа хийдэг байсан бол одоо анги хамт олонтой болж, 3-4 цаг хичээлээ хийж, инээж хөхөрч байгаад ирэхээр толгой сэргээд сайхан болдог. Заримдаа нөхөр ажилтай, хүүгээ хараад үлдэх үед багш нар гэрээр ирж хичээлээ заана. Энэ бүхэн надад маш их дэмжлэг болдог. Хүүхдээ хаана үлдээж, хэнээр харуулах вэ гэх мэтийн асуудлууд гардаг ч гэртээ хичээлээ заалгаснаар эдгээрийг шийдэж өгдөг. Хүн гэртээ үргэлж байвал гуньж гутардаг юм билээ. Өөрийгөө хаяж, би одоо сурахаасаа өнгөрсөн гэж бодох хэрэггүй гэдгийг ойлгож, урам зоригтой, зорилготой болсон. Нийгмийн харилцаанд орж, хүмүүстэй харилцаж сурна гэдэг өөрөө чухал асуудал юм байна. Бид хүүхдээ хараад гэртээ суухаас өөрөөр харилцаанд ордоггүй, хүнд санаагаа ойлгуулж чаддаггүй гээд асуудал ихтэй байж” гэлээ.
Хархорин сумын малчин Ц.Мөнхбаяр төсөлд хамрагдсан иргэдийн нэг. Тэрээр “Би өмнө нь өдий насанд бичиг үсэг сурна гэдгийг хэзээ ч боломжгүй зүйл гэж боддог байлаа. Сураад дэмий гээд тоохгүй. Сумын төвд банк, эмнэлэг орох, хүүхдээ үзүүлэх гээд олон тохиолдолд бичиг үсэг сурах хэрэгтэй гэсэн бодол төрдөг ч сурах аргаа мэдэхгүй байсан. Орон нутгаас манай гэр бүлд тусалж, төсөлд хамруулан багштай болж, багш гэрээр ирж хичээл зааж, заримдаа би өөрөө сумын төв орж хичээлдээ суудаг. Одоо үеэр холбон уншиж, гарын үсгээ зурж, тоо бодож сурсан” хэмээн ярилаа. Ц.Мөнхбаярын эхнэр Н.Дуламсүрэн “Би хүүхдээ хараад гэртээ байдаг. Сумын төв хааяа ордог ч мөнгө сайн тоолж сураагүй, гарын үсгээ зурж чаддаггүйгээсээ болж банк, дэлгүүрт ордоггүй. Төсөлд хамрагдаад нөхөртэйгөө хамт сураад явж байна. Одоо бичиг үсэг сураад, хүүгээ эмчлүүлээд, сургуульд явуулж, хүүдээ үсэг зааж өгнө гэж бодохоор өөртөө нэг л итгэж өгөхгүй, гоё байгаа” хэмээн баярласан сэтгэгдлээ илэрхийлсэн юм.
“Боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхэдтэй малчин эцэг эхийн бичиг үсгийн боловсролыг сайжруулах нь” төсөл ийнхүү Б.Рэнцэн, Ц. Мөнхбаяр, Н.Дуламсүрэн нар шиг олон хүнд үр өгөөжөө өгч байна. Төслийн үйл ажиллагааг бусад орон нутагт хэрэгжүүлж, олон хүүхэд, эцэг эхчүүд үр шимийг нь хүртээхийн төлөө ХИС орон нутгийн хамтрагч талуудтайгаа хичээн ажиллаж байна.