Р.Нарантуяа:Төслийн үр дүнг аймгийн бүх сумдад түгээн дэлгэрүүлнэ

Намайг Рэнцэндоржийн Нарантуяа гэдэг. Би 2012 онд Хүүхдийг Ивээх Сангийн салбар Архангай аймагт нээгдсэнээс хойш 9 дэх жилдээ хүүхэд хамгааллын салбарт ажиллаж байна. Энэ хугацаанд боловсрол, гамшгийн үеийн хүүхэд хамгаалал, хүүхдийн эрүүл мэнд, хүүхэд хамгааллын чиглэлийн төслүүдийг Архангай аймгийн олон суманд хэрэгжүүлсэн. Эдгээр төслийг орон нутагтаа удирдан чиглүүлэх, уялдуулан холбох, амжилттай хэрэгжүүлэх замаар орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулахад өөрийн мэдлэг чадварыг дайчлан ажиллаж байна.

Боловсролын төслөөс хүүхэд хамгааллын төсөл рүү

Хүүхдийг Ивээх Сан 2012-2017 онд алслагдсан хөдөөгийн малчдын бага насны хүүхдийн хөгжил болон хүүхдэд үзүүлэх боловсролын үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр төслийг Архангай аймгийн 10 суманд хэрэгжүүлсэн юм. Бид төсөл хэрэгжүүлэх явцад хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын асуудалд анхаарал хандуулах хэрэгцээ байгааг олж харснаар хүүхэд хамгааллын төслийг 2015 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм. Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын дэмжлэгтэйгээр ХЗДХЯ-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран “Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийг өнөөдрийг хүртэл Архангай аймгийн Батцэнгэл, Хайрхан, Чулуут, Эрдэнэбулган сумын 4-р багт хэрэгжүүлж байна. Манай төсөл хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор хүүхэд, гэр бүлүүдэд үйлчилгээ үзүүлж байгаа ажилтнуудад зөвлөх, дэмжлэг үзүүлэх, тэднийг ажлын байранд нь чадавхжуулах, хүүхэд хүмүүжлийн эерэг аргад эцэг эхийг сургахад чиглэн ажиллаж байна.

Бэрхшээлийг боломж болгосон нь

2016 онд Хүүхэд хамгааллын хууль батлагдаж, хамтарсан багууд үйл ажиллагаа эхлүүлсэн боловч анхан шатанд ажиллахад мэргэжил арга зүй дутмаг, үйл ажиллагаа жигдрэхэд алхам тутамд бэрхшээл тулгарч байсан.

Тухайлбал, нэгж дээр ажиллаж буй нийгмийн ажилтнууд мэргэжлийн бус байх, хамтарсан багийн гишүүд ажлын байран дээрээ ойр ойрхон солигдох нь төслийн үр дүн, хэрэгжилтийн явцад ахиц гарахгүй, шинэ хүмүүсийг сургах үйл явц зэрэг бэрхшээлтэй тулгарч байсан. Эхэндээ шинээр томилогдсон хүмүүсийг давтан сургах арга барилаар ажиллаж байсан бол дараа нь томилгоо хийдэг эрх бүхий албан тушаалтнуудад нөхцөл байдлыг ойлгуулж, мэргэжилтний тогтвортой байдлыг хангаж ажиллахыг хүссэн алхам хийсэн. Мөн нийгмийн ажилтны орон тоонд ажиллаж буй хүнийг мэргэжлийн сургуульд сургахад нь дэмжиж, төслийн зүгээс ажлын байран дээр нь бодит кейстэй ажиллах явцад тасралтгүй чадавхжуулж ажилласан. Ингэснээр нэгж дээр хамтарсан багаар ажиллах чадваржсан багийг бэлтгэж байна. Аливаа ажлыг хийхэд бэрхшээлүүд тулгардаг ч бэрхшээлийг боломж болгож харж ажиллах нь миний хувьд сорилт ч, сургамж ч болж байна.

Сум бүр сайн туршлага хуримтлуулав

“Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төсөл маань анх хэрэгжиж эхлэхэд сумдад хүүхэд хамгааллын хамтарсан баг цаасан дээр гарсан захирамж төдий байсан бол өнөөдөр үйл ажиллагаа нь тогтворжсон, сум бүр өөр өөрийн сайн туршлагаа хуримтлуулж, бусдадаа түгээн дэлгэрүүлж байна. Түүнчлэн, хамтарсан багийн ажлын төлөвлөлт, салбар дундын хамтын ажиллагаа, гишүүдийн жигд оролцоонд илүүтэй анхаарах, кейс нээж түүнийг бүрэн шийдвэрлэх хүртэлх хугацаанд багаараа ажиллах, төслийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр ажиллаж байна. Тухайлбал, багийн Засаг дарга, багийн эмч нартай ажил гүйцэтгэх гэрээнд хамтарсан багт ажиллах талаар тусгах, орон нутгийн төсөвт зардал тусгах, хүмүүжлийн эерэг аргын сургалтыг үе шаттайгаар сумын хэмжээнд зохион байгуулах зэрэг ахиц гарсаар байна.

Төгсгөлийн оронд

Хүүхдийн эсрэг болон гэр бүлийн хүчирхийллийн асуудал дээр ажиллах нь тухайн ажилтнаас маш их ур чадвар, хичээл зүтгэл шаарддаг. Тиймээс, ажилтныг дэмжих, урамшуулах систем нэвтрүүлбэл хүүхэд, гэр бүлд үйлчилгээ үзүүлэх, нөхөн сэргээх үйлчилгээг сайжруулахад бодит дэмжлэг болж чадна гэж миний хувьд дүгнэдэг. Мөн хамтарсан багийн гишүүдийг ажлын байрнаас нь хөндийрүүлэхгүйгээр үйлчилгээний арга зүй, удирдамжаар хангаж, зөвлөн туслах үйл ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх хэрэгцээ байгаа юм. Энэ үйл явцыг орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэхэд төрийн байгууллагатай хамтран ажиллах, удирдлагуудад нөлөөлөх, төслийн үр дүнг аймгийн бүх сумдад түгээн дэлгэрүүлэх чиглэлээр ажиллаж байна. Хүүхдийн сайн сайхны төлөө хамтран ажилладаг бүх хүнд ажлын өндөр ажилт хүсье. Та бүхний хүүхдийн төлөө гэсэн сэтгэл, хүрэх зам үргэлж гэрэлтэх болтугай.