Ж.Баярцэцэг: Гурван багийн төсөл шалгарч, санхүүжилт авсан
Хүүхдийг Ивээх Сан “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийг 2020 оноос Ховд, Завхан, Өвөрхангай, Говьсүмбэр, Сүхбаатар аймгийн 25 суманд дөрвөн жилийн хугацаатай хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл нь өнөөгийн хөдөлмөрийн зах зээлд хамгийн их шаардагдаж буй хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсролыг зорилтот орон нутгийн өсвөр үеийн хүүхэд, залуучуудад олгосноор тэдний сурлагын үр дүнг нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэлтэд бэлдэх зорилготой юм. Бид төслийн зөвлөх багш, төгсөгчид, бизнес коуч зэрэг оролцогчдын амжилтыг цувралаар хүргэх болно. Энэ удаа зөвлөх багш Ж.Баярцэцэгийн амжилтын түүхийг танилцуулья.
Орон нутгаас зөвлөх багшаар сонгогдов
Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд 2020 оноос “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төсөл хэрэгжиж байна. Төсөл хэрэгжиж эхэлсний дараа сургалт явуулах дөрвөн зөвлөх багшийг тухайн орон нутгаас сонгон шалгаруулж, бэлтгэсэн бөгөөд тэдний нэг Ж.Баярцэцэг юм. Түүний хувьд МУБИС-ийг мэдээлэл зүй, математикийн багш мэргэжлээр төгсөж, одоо Шивээговь сумын Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сургалтын менежерээр ажиллаж байна. Тэрээр яагаад зөвлөх багш болсон талаараа “Би төслийн талаарх мэдээлэл авч, сургалтын агуулга нь өнөөгийн нийгмийн эрэлт, хэрэгцээ, шаардлагад тохирсон, суралцагчдыг чадваржуулах явцдаа өөрөө хамт суралцах, хөгжих боломж хэмээн харсан. Зөвлөх багш болсондоо баяртай байдаг” хэмээн ярилаа. Зөвлөх багш нар хүүхэд залуусын далд авьяас, ур чадварыг илрүүлэх, зорилгоо тодорхойлох, бие дааж ажиллах энтрепренерийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг ур чадвар эзэмшүүлэх арга барилд суралцжээ.
Танхимын болон цахим сургалтыг хослуулав
“Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн сургалтууд Шивээговь суманд эхлэх үед тохиолдсон хамгийн том сорилт бэрхшээл бол дэлхий даяар гарсан Ковид-19 цар тахал байлаа. Сургалт эхлээд 10 хоног өнгөрсний дараа цар тахлын нөлөөгөөр орон нутгаас хөл хорио тогтоож, цаашид хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болов. Үүний дараа 9 цагийн сургалтаа цахимаар явуулж, суралцагчдаасаа энэ хэлбэрээр үргэлжлүүлэх боломжтой эсэх талаар асуусан байна. Ингээд суралцагчдын 65 хувийн саналаар үлдсэн 36 цагийн сургалтаа сургалтаа цахимаар явуулжээ. Нийт 66 цагийн сургалтын 21 цагийг танхимаар, 45 цагийг цахимаар зохион байгуулж, суралцагчид амжилттай төгссөн байна. Аливаа зүйл хоёр талтай тул цахим сургалтад ч давуу болон сул талууд гарав. Давуу тал нь суралцагчид сургалтын шинэ арга, технологи ашиглаж, шийдэл гаргаж сурчээ. Энэ үед Ж.Баярцэцэгийн мэдээлэлзүйн багшийн мэргэжил мөн л давуу тал болов. Тэрээр цахим сургалт явуулах оновчтой программ хангамжуудыг судлан, суралцагчдадаа ашиглахад тусалж байлаа. Түүнчлэн 10-12-р ангийн сурагчид мэдээллийн технологи, платформ ашиглах, суралцах чадвар сайтай байсан нь сургалтаа цахимаар явуулахад ямар нэгэн бэрхшээл болсонгүй. Ж.Баярцэцэг “Төсөл амжилттай хэрэгжихэд Шивээговь сумын Засаг дарга, төслийн сумын зөвлөлийн гишүүд болон Ерөнхий боловсролын сургуулийн захирал Д.Буяндэлгэр нар олон талаар тусалж, тулгарсан бэрхшээл, асуудлуудыг шийдэхэд хамтран ажилласан” хэмээн ярилаа.
Төгсөгчид амжилт, бүтээл ихтэй байна
Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадвар хөгжүүлэх сургалт (ESEL)-ын анхны 23 төгсөгч амжилт, ололтоор арвин байна. Тэд 2021-2022 оны хичээлийн жилд өөрсдийн санаачилгаар гурван баг болон “Хүүхэд хөгжлийн танхим”, “Хос бичигтэн”, “Та бидний урлан” гэсэн төслүүд бичиж тэтгэлэгт уралдаанд оролцжээ. Эдгээр төслүүд бүгд тэтгэлэгт уралдаанд (Pitch day) шалгарч тус бүрдээ 2.8 сая төгрөгийн санхүүжилт авсан байна. Ж.Баярцэцэг “Манай гурван багийн төсөл шалгарч, санхүүжилт авсан нь сургалтын үр дүнгүүдийн нэг байлаа” хэмээн танилцууллаа. “Хүүхэд хөгжлийн танхим” төсөл өнгөрсөн 12 дугаар сард санхүүжилтээ авч, багийн гишүүд болон сургуулийн захиргааны дэмжлэгтэйгээр танхимаа байгуулж, төсөл хэрэгжүүлэхэд бэлэн болжээ. Харин “Хос бичигтэн”, “Та бидний урлан” төслүүд удахгүй санхүүжилтээ авах аж. Үүнээс гадна сурагч А.Светлана ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахад ESEL сургалтаа амжилттай төгсөж, хувь хүний оролцоо, хичээлээс гадуурх үйл ажиллагаанд оролцсон байдал нь давуу тал болжээ. Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэн С.Маралтуяа “Сургалтаас маш их зүйлсийг сурсан. Төсөл бичих, төлөвлөх, хэрэгжүүлэх, мөнгөө зарцуулах, багаар хамтарч ажиллахаас гадна бусдын өмнө санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, баримт бичгийн боловсруулалт, бүрдүүлэлт гэх мэт. Багш хичээлээ сонирхолтой, ойлгомжтой зааж, хүүхэд, залуусын онцлог, сонирхолд нийцүүлж ажилласан. Мөн багаар ажиллуулахдаа хүүхэд бүрийн албан тушаал, үүрэг хариуцлагыг нь мэдрүүлж, бие дааж, эсвэл багаар хөгжих боломжуудыг нээж өгсөн байгаа. Манай баг тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэж, санхүүжилтээ аваад “Хүүхэд хөгжлийн танхим”-аа өөрсдийн гараар хамтран тохижуулж, засварын ажлыг хийсэн нь хамгийн гайхалтай, дурсамжтай мөч байсан” гэж ярилаа.
Ийнхүү Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд 2020 оноос “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төсөл амжилттай хэрэгжиж, суралцагч төгсөгчид амжилтаар дүүрэн байна. Бид цаашид бусад аймгуудын амжилтын талаар цувралаар хүргэх болно.