“Сурагчийн шүүгээ” төсөл хүнд ачаанаас салгав

“Амжилтын солонго” баг Хүүхдийг Ивээх Сангаас хэрэгжүүлж байгаа “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох төсөл”-ийн ололт, амжилтын бодит жишээ юм. Ховд аймгийн Булган сумын ESEL хөтөлбөрийн төгсөгч, 11-12 дугаар ангийн сурагчид нэгэн баг болж,  2021 оны 12 дугаар сард болсон бичил төслийн тэтгэлгийн уралдаанд “Сурагчийн шүүгээ” төсөл бичсэн нь шалгарч, санхүүжилт авчээ.

Бид “Амжилтын солонго” баг ахлагч Ховд аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн 11а ангийн сурагч Э.Анужин, гишүүн Э.Халиун, Б.Уянга, 12а ангийн сурагч У.Болд нарыг онцлон танилцуулъя.

Багийн ахлагч Э.Анужин: Манай суманд нийтийн тээвэр явдаггүй. Сурагчдын 25-30 хувь нь хичээлдээ 2.5-4.5 км алсаас алхаж ирдэг. Тэр холоос хүнд цүнх үүрч алхах нь сурагчийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг бид ажиглаж, судалсан юм. Стандартад зааснаар 14-18 насны хүүхдийн үүрэх ёстой цүнхний жин дөрвөн кг-аас хэтрэхгүй байх ёстой ч манай сургуулийн нэг сурагчдын цүнх ойролцоогоор 5-7 кг байсан. Бид төслөө эхлэхээс өмнө хүнд жинтэй цүнх хүүхдийг нурууны суулттай болгох эрсдэлтэйг судалж мэдсэн. Тиймээс “Сурагчийн шүүгээ” төсөл бичсэн. Сурагчдад шүүгээг жилийн хугацаатай, бага мөнгөөр түрээсэлж, орлогоороо шүүгээний тоог нэмэн бүх  сурагчийг шүүгээтэй болгох зорилготой.

“Амжилтын солонго” багийн гишүүдтэй уулзаж, ярилцлаа.

-Сургалтын тухай анх хаанаас мэдсэн бэ? Сургалтаас өмнө ямар хүлээлттэй байв?

Б.Уянга:Анх ангийнхаа чат дотроос хувь хүний ур чадварыг хөгжүүлэх сургалтад бүртгэж байгаа тухай мэдээллийг уншсан. Эхлээд учрыг нь сайн ойлгоогүй, цагаан сарын өмнөхөн байсан болохоор зав муутайхан, гэвч ээж, аавтайгаа хамт очиж бүртгүүлсэн. Би бүрэг ичимхий, бусдад санаагаа ойлгуулж чаддаггүй байсан юм. Хувь хүн ур чадвараа хөгжүүлж, өөрийгөө өөрчилж болно бодохоор сайхан санагдаж байлаа. Дараа нь багшаасаа дэлгэрэнгүй мэдээлэл аваад “The Apprentice show”-тай төстэй юм байна даа гэж бодсон. Тэгсэн чинь “Шарк танк” шоутай төстэй байсан./инээв/

Э.Халиун:Би тэр үед өвдөөд эмнэлэгт байсан тул аав миний өмнөөс очиж анкет бөглөсөн. Дараа нь багш сонгогдсон хүүхдүүдийн нэрсийг зарлахад тэр дунд миний нэр байсанд их баярласан. Хувь хүний ур чадварыг хөгжүүлэх сургалт надад их боломж гэж бодсон л доо.

-Сургалтад хамрагдах үед цагаа хэрхэн зохицуулдаг байв?

Э.Халиун:Анужин бид хоёр заримдаа ээлжилж суугаад, суугаагүй хичээлээ нэгэндээ хэлж өгдөг, танхимын бус цагаар бие даалтаа хамт хийдэг байлаа.

Э.Анужин: Гэрийнхэн эхэндээ яагаад өдөр болгон сургууль руугаа буцаж яваад байдаг юм бэ гэж гайхаж байсан. Учрыг нь тайлбарлаж төслийнхөө тухай хэлснээр дэмждэг болсон. Хичээлийн дараа гэрийнхээ ажлыг хийчихэд ESEL-ийн сургалтад сууна. Цагаа зохицуулж чадвал ямар ч ажил амждаг юм билээ.

-Төслийнхөө санааг хэрхэн олсон бэ. Төслөө хэрхэн бичсэн түүхээсээ хуваалцах уу?

Сургалтын үеэр бид өөр багуудад байсан. Тухайн үед сурагчийн шүүгээнээс гадна төслийн олон санаа байлаа. Багш маань “Сурагчийн шүүгээ” төслөө сонго гэж зөвлөсөн юм. Бид сурах бичгээ ашиглан төсөл бичих дарааллын дагуу мэдээллээ долоо хоногийн турш цуглуулж байж бичсэн. Бизнес төлөвлөгөө гаргах гэж шүүгээ борлуулдаг олон компани руу утасдаж, нэгжээ их үрсэн шүү. /инээв/ Ахлах ангийн хүүхдүүдээс та нарт шүүгээ хэрэгтэй юу, хүнд цүнх үүрэх хэцүү байдаг уу гэсэн асуулгаар судалгаа авахад цаг их зарцуулсан ч зөв алхам байсан. Пич өдөрлөгөөр манай багийнхан тайзан дээр хамтдаа гарч, ахлагч Э.Анужин төслөө танилцуулсан. Шүүгчид “Өнөөдөр хичээлдээ үүрч ирсэн цүнхээ үзүүлж болох уу” гэхэд ойр байсан ангийн хүүхдийн цүнхийг өгч үзүүлсэн. Нээрээ л хүнд юм чинь. “Ахлах ангийнхан өдөрт 5-6 цагийн хичээлтэй. Сурах бичиг, дэвтрээ авна. Биеийн тамирын хичээл орвол бэлтгэлийн хувцас, спортын гутал нэмэгдэнэ” гэхэд танхимд байсан хүүхдүүд бүгд алга ташиж дэмжсэн. Тэгээд төсөл маань шалгарч санхүүжилт авсан даа.

-Тулгарсан саад бэрхшээл юу байсан бэ?

Э.Анужин: Сургалтын үеэр хичээлийн таван өдөр сургууль руу буцах ажилтай байсан. Сонгон хичээлүүд, ESEL хичээл гээд өдөр бүр нааш цааш хэдэнтээ явахад жаахан хэцүү. Төсөл сорилт ихтэй байлаа. Эхлээд гэрээгээ бэлдэнэ. Түрээслэх хүүхдүүд ирж уулзмагц гэрээг нь уншуулж, гарын үсэг зуруулж, түлхүүр өгөөд явуулаад байсан чинь сүүлд нь аль анги, ямар дугаарын шүүгээ эзэмших болсон гэх мэт мэдээллүүдийг тэмдэглээгүй байсан. Багаараа анги болгоноор хэсэж, тэр овогтой тэр хэний анги вэ, эрэгтэй юу, эмэгтэй юу гэж асууж байгаад арай гэж энэ мэдээллийг тодруулж байлаа. Дараа нь багаараа өдөржин сууж, түрээсэлсэн шүүгээний бүртгэлээ цэгцэлж авсан. Том туршлага болсон доо.

-Сургалтад хамрагдаад шинээр юу суралцсан бэ?

Э.Анужин: Үзэл бодол, санаагаа зөв илэрхийлж сурлаа. Шинэ сурах бичиг ашиглаж, шинэ арга зүйгээр сургалт явуулсан нь их таалагдсан. Зураглал хийх, багаар ажиллах, илтгэх гээд бүх хэсэг нь шинэлэг санагдсан. “Цагийн менежмент” хичээл маш их таалагдсан. Зочин багш өөрийнхөө цагийн төлөвлөлт хийдэг тэмдэглэлийн дэвтрээ үзүүлсэн юм. Би одоо багш шигээ дэвтэр хөтөлж цаг төлөвлөдөг болсон.

Э.Халиун: Сургуулийн хүүхдүүдийн царайг таньдаг байсан ч нээлттэй харилцаж чаддаггүй байлаа. Одоо бусдын талаар илүү ихийг мэдэн, ярилцаж, суралцахыг хичээдэг болсон. Компьютерын лабораторийг урьд нь хичээлээс бусад үед ашиглаж байгаагүй. Төсөл бичих үедээ зураг татах, мэдээлэл хайх зэргээр илүү үр бүтээлтэй ашиглангаа цахим орчинд ажиллаж сурсан. Мөн багаар ажиллаж сурч байна. Багийн ахлагч Анужин бусдадаа сайнаар нөлөөлж, сайн удирддаг. Бид хувь хүнийхээ хувьд хөгжиж, бие биеэсээ суралцаж байгаа.

Б.Уянга: Өмнө нь намайг таньдаг хүүхдүүд цөөн байсан бол одоо “Сайн уу” гэж мэндэлж,  хүндэлж, найз болохыг хүсдэг болсон. Ерөнхий боловсролын сургуулийн хичээлд ордоггүй шинэлэг сургалт байлаа. Хэрэгцээтэй бүх зүйлээр хангасан нь урам өгсөн. Сургалтын зураг зурах хэсэг их таалагдсан.

-Ирээдүйд ямар хүн болохыг хүсэж байна вэ. Зорилгоосоо хуваалцах уу?

Б.Уянга: Санхүү, бизнесийн чиглэлээр суралцана гэж боддог. Төсөл бичих явц их гоё. Шалгарсан нь бүр ч гоё санагдсан. Энэ төсөл миний бизнесийн салбар дахь карьерийн эхний шат боллоо. Амжилт эхэлж байгаа юм шиг санагдсан шүү. Төсөл шалгарахад миний хувь нэмэр бага орсон гэж бодож, өөртөө чамлалттай хандаж байгаа. Гэхдээ хэрэгжүүлэх явцад төслөө танилцуулах, шүүгээний түлхүүр хуваарилан өгөх зэргээр чадлынхаа хэрээр хувь нэмэр оруулж байгаадаа баярладаг. Олон түлхүүр ялгаж, гэрээ хийхэд ажил ихтэй. Төсөл хэрэгжүүлсний дараа энэ салбар надад тохирох эсэхэд жаахан эргэлзэж, бусад салбарыг сонирхмоор санагдсан. Мэргэжлээ сонгохоосоо өмнө бизнесийн талаар туршлага, мэдлэгтэй болсондоо баяртай байгаа.

Э.Анужин: Ирээдүйд ийм төрлийн төслийн уралдаан, хөтөлбөрт идэвхтэй оролцоно. Яагаад гэвэл дэвшүүлсэн санаа бүр цаанаа заавал ач холбогдолтой байдаг гэдгийг ойлгосон.

Э.Халиун: Анагаахын чиглэлээр суралцах хүсэлтэй. Гадаад руу тэтгэлгээр суралцахаар анкет бөглөхөд сургуулиас гадна өөр ямар нэгэн хөтөлбөрт хамрагдаж байсан гэрчилгээ байгаа юу гэж их асуудаг юм билээ. Энэ төсөлд хамрагдсан гэрчилгээгээ үзүүлээд материалдаа хавсаргасан нь тэтгэлэгт тэнцэхэд маш том давуу тал болж өгсөн. Аль улсад сурахаа сонгоод 12 дугаар ангиа төгсөөд хэлний бэлтгэлд сууна. Миний ирээдүйд том хөрөнгө оруулалт болсон.

Э.Анужин: Төсөл бичиж байхад дэмжиж зөвлөгөө өгсөн сургуулийнхаа багш нарт, ойлгож дэмжин гэрийн ажлаас чөлөөлж өгч байсан гэрийнхэндээ, бидэнд боломж олгосон Монгол дахь Хүүхдийг Ивээх Сан, Дэлхийн Банк, Японы Нийгмийн Хөгжлийн Сангийн ах, эгч нартаа баярлаж, талархсанаа илэрхийлье.

Бэлтгэсэн:

Хүүхдийг Ивээх Сангийн Ховд аймгийн салбарын ажилтан П.Бямбазаяа