Сургуулийнхаа нийт сурагчдад тулгарч байгаа асуудлаа шийдэхийн тулд “Сурагчийн шүүгээ” төслөө бичсэн

Асуудал шийдэж, амжилттай эхэлсэн “Сурагчийн шүүгээ” төсөл

Хүүхдийг Ивээх Сангаас Дэлхийн Банк, Японы Нийгмийн Хөгжлийн Сангийн дэмжлэгээр хэрэгжүүлж байгаа “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершипийн боловсрол олгох төсөл”-ийн хүрээнд орон нутгийн хүүхэд, залуучуудад бий болсон амжилт ололтын үр дүнгийн нэг нь “Амжилтын солонго” баг юм. Тус багийнхан Ховд аймгийн Булган суманд явагдсан хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох ESEL хөтөлбөрөөс сурсан мэдлэг, чадвараа ашиглан “Сурагчийн шүүгээ” төслөө бичсэн нь амжилттай болж, санхүүжилт авч чаджээ. “Амжилтын солонго” багийн гишүүдтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.

-Та бүхэн өөрсдийгөө болон хэрэгжүүлж байгаа төслийнхөө талаар танилцуулна уу?

Бид 2021 оны 12 дугаар сард болсон бичил төслийн тэтгэлгийн уралдаанд “Сурагчийн шүүгээ” төслөөрөө оролцож тэнцсэн. Манай багийн гишүүд Ховд аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн 11а ангид суралцдаг. Ахлагч Э.Анужин, гишүүн Э.Халиун, Б.Уянга, 12а ангийн сурагч У.Болд. Манай сум нийтийн тээвэргүй тул сурагчдын 25-30 хувь нь хичээлдээ 2.5-4.5 км зайнаас алхаж ирдэг. Стандартад зааснаар 14-18 насны хүүхдийн үүрэх ёстой цүнхний жин 4 кг ч сурагчдын цүнх ойролцоогоор 5-7 кг. Бид төслөө эхлэхээс өмнө хүнд жинтэй цүнх нурууны дискийг байнга дарж, ирээдүйд нурууны суулттай болох эрсдэлтэйг судалж мэдсэн. Тиймээс үүнийг шийдэхээр “Сурагчийн шүүгээ” төсөл бичсэн. Сурагчдад шүүгээг жилийн хугацаатай бага мөнгөөр түрээсэлж, орлогоороо тоог нь нэмснээр сурагчдыг бүгд өөр өөрийн шүүгээтэй болгох зорилготой юм.

-Сургалтын тухай анх хаанаас мэдсэн бэ? Сургалтаас өмнө ямар хүлээлттэй байв?

Б.Уянга: Анх ангийнхаа чат дотроос хувь хүний ур чадварыг хөгжүүлэх сургалтад бүртгэж байгаа мэдээллийг уншсан. Эхлээд учрыг нь сайн ойлгоогүй, цагаан сарын бэлтгэлийн үе байсан болохоор ээж, аавтайгаа сум рүү орж бүртгүүлсэн. Би өөрөө бүрэг ичимхий, бусдад өөрийгөө ойлгуулж чаддаггүй байсан болохоор сургалтын нэрийг уншаад хувь хүний ур чадвараа хөгжүүлж өөрийгөө өөрчилж болох юм шиг санагдаж байлаа. Дараа нь багшаасаа дэлгэрэнгүй мэдээлэл аваад, The Apprentice show-тай төстэй юм байна даа гэж бодсон. Тэгсэн чинь Шарк танк шоутай төстэй байсан./инээв/

Э.Халиун: Би тэр үед өвдөөд эмнэлэгт байсан тул аав миний өмнөөс очиж анкет бөглөсөн. Дараа нь багш сонгогдсон хүүхдүүдийн нэрсийг зарлахдаа миний нэрийг дуудахад их баярласан. Хувь хүний ур чадварыг хөгжүүлэх сургалт гэхээр өөрийгөө илүү хөгжүүлэх боломж гэж харсан.

Э.Халиун

Сургалтад хамрагдах үедээ цагаа хэрхэн зохицуулдаг байв?

Э.Халиун: Анужин бид хоёр заримдаа ээлжилж суугаад, бас суугаагүй хичээлээ нэгэндээ хэлж өгөөд танхимын бус цагаар бие даалтаа хамт хийдэг байлаа.

Э.Анужин: Гэрийнхэн яагаад өдөр болгон буцаад байна гэхэд ээждээ төслийнхөө тухай тайлбарлаж хэлсэн. Түүнээс хойш дэмждэг болсон. Хичээлийн дараа гэрийнхээ ажлыг хийчихэд ESEL-ийн хичээлдээ сууна. Зохицуулж чадвал ямар ч ажил амждаг юм билээ.

-Төслийнхөө санааг хэрхэн олсон бэ. Төслөө хэрхэн бичсэн түүхээсээ хуваалцах уу?

Сургалтын үеэр бид өөр багуудад байсан. Тухайн үед сурагчийн шүүгээнээс гадна төслийн олон санаа байсан. Төсөл бичихээр нэг баг болсныхоо дараа багшдаа санаануудаа хуваалцахад сурагчийн шүүгээний чинь тулгамдсан асуудал байна хэмээн дэмжсэн юм. Тэгээд сурах бичгээ хараад төсөл бичих дарааллын дагуу мэдээллээ 7 хоног хайж байгаад бичсэн. Бизнес төлөвлөгөө гаргах гэж шүүгээ борлуулдаг олон компаниуд руу утасдаж, нэгжээ их үрсэн. /инээв/ Ахлах ангийн хүүхдүүдээс та нарт шүүгээ хэрэгтэй юу, хүнд цүнх үүрэх хэцүү байдаг уу гэсэн асуулгуудтай судалгаа авахад цаг их зарцуулсан ч зөв алхам байсан. Хуваагдаад ахлах ангийнхнаас судалгаа авсан. Пич өдөрлөгөөр манай багийнхан хамтдаа гарч ахлагч Э.Анужин төслөө танилцуулсан. Шүүгчид “Өнөөдөр үүрч ирсэн цүнхээ үзүүлж болох уу?” гэхэд ангийнхныхаа цүнхийг өгч өргөж үзүүлэн тайзан дээр үүрч гараад “Ахлах ангийнхан өдөрт 5-6 цагийн хичээлтэй. Биеийн тамирын хичээл орвол бэлтгэлийн хувцас, пүүзээ нэмж, эсвэл тусдаа уутанд хийгээд барьдаг”гэхэд зааланд суусан хүүхдүүд бүгд алга ташиж дэмжсэн. Тэгээд төсөл маань шалгарч санхүүжилтээ авсан байгаа.

-Тулгарсан саад бэрхшээл юу байсан бэ?

Сургалтын үеэр хичээлийн 5 өдөр буцах ажилтай байсан. Сонгон хичээлүүд, ESEL хичээл гээд өдөр бүр сургууль руугаа буцаад байсан нь жаахан хэцүү. Төсөл сорилт ихтэй байлаа. Эхлээд гэрээгээ өөрсдөө бэлдээд түрээслэх хүүхдүүд ирж уулзмагц гэрээг нь уншуулж, гарын үсэг зуруулаад түлхүүрээ өгөөд явуулаад байсан чинь сүүлд нь аль анги, ямар дугаарын шүүгээ эзэмшихээр болсон гэх мэтийн мэдээллүүдийг тэмдэглээгүй байсан. Багаараа анги болгоноор хэсэж, тэр овогтой тэр хэний анги вэ, эрэгтэй юу, эмэгтэй юу гэж асууж байгаад олсон. Дараа нь багаараа өдөржин сууж, түрээсэлсэн шүүгээний бүртгэлээ цэгцэлж, гэрээн дээрээ мэдээллүүдийг нэмсэн. Том туршлага болсон доо.

Сургалтад хамрагдаад шинээр юу юу суралцсан бэ?

Э.Анужин: Өөрийн үзэл бодол, санаагаа зөв илэрхийлж сурлаа. Шинэ ном өгч, шинэ арга зүйгээр сургалт явагдаж байгаа нь их таалагдсан. Зураглал хийх, багаар ажиллах, илтгэх гээд бүх хэсэг нь надад шинэлэг санагдсан. Цагийн менежмент хичээл маш их таалагдсан. Зочин багш өөрийн цагийн төлөвлөлт хийдэг Бужо тэмдэглэлийн дэвтрээ үзүүлсэн юм. Би одоо цагаа төлөвлөдөг болсон.

Э.Халиун: Сургуулийн хүүхдүүдийн царайг таньдаг байсан ч нээлттэй харилцаж чаддаггүй байлаа. Одоо бусдын талаар илүү ихийг мэдэн, ярилцаж, суралцахыг хүсдэг болсон. Компьютерын лабораторийг урьд нь хичээлээс бусад үед ашиглаж байгаагүй. Төсөл бичих үедээ зураг татах, мэдээлэл хайх зэргээр цахим орчинд ажиллаж сурсан. Мөн багаар ажиллаж сурч байна. Багийн ахлагч Анужин бусдадаа сайнаар нөлөөлж, сайн удирддаг. Бид өөрсдийгөө нээхээс гадна бие биеэсээ суралцаж байгаа.

Б.Уянга: Өмнө нь намайг таньдаг хүүхдүүд цөөн байсан бол одоо “Сайн уу?” гэж мэндэлж, намайг хүндэлж, найз болохыг хүсдэг. ЕБС-ийн хичээлд ордоггүй шинэлэг сургалт байлаа. Хэрэгцээтэй бүх зүйлсээр хангаж байгаа нь урам өгсөн. Зураг зурах хэсэг ч их таалагдсан.

Ирээдүйд ямар хүн болохыг хүсэж байна вэ. Зорилгоосоо хуваалцах уу?

Б.Уянга: Санхүү, бизнесийн чиглэлээр суралцана гэж боддог. Төсөл бичих явц их гоё. Шалгарсанд бүр ч гоё санагдсан. Миний бизнесийн салбар дахь карьерын эхний шат тавигдаж, амжилт эхэлж байгаа юм шиг санагдсан шүү. Төсөл шалгарахад миний хувь нэмэр бага орсон гэж бодож, өөртөө чамлалттай хандаж байгаа. Гэхдээ хэрэгжүүлэх явцад төслөө танилцуулах, шүүгээний түлхүүр хуваарилан өгөх зэргээр хувь нэмрээ оруулж байгаадаа баярладаг. Олон түлхүүр ялгаж, гэрээ хийхэд ажил ихтэй. Төсөл хэрэгжүүлсний дараа энэ салбар надад тохирох эсэхэд жаахан эргэлзэж, бусад салбарыг сонирхмоор санагдсан. Мэргэжлээ сонгохоосоо өмнө бизнесийн талаар туршлага, мэдлэгтэй болсондоо баяртай байгаа.

Э.Анужин: Ирээдүйд ийм төрлийн төслийн уралдаан, хөтөлбөрт идэвхтэй оролцоно. Яагаад гэвэл дэвшүүлж гаргаж ирж байгаа асуудал нь надаас гадна өөр хүмүүст тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэх учраас маш зөв, чухал гэдгийг ойлгосон.

Э.Халиун: Анагаахын чиглэлээр суралцах хүсэлтэй. Гадаад руу тэтгэлгээр суралцахаар анкет бөглөхөд сургуулиас гадна өөр ямар нэгэн хөтөлбөрт хамрагдаж байсан гэрчилгээ байгаа юу гэж их асуудаг юм билээ. Энэ төсөлд хамрагдсан гэрчилгээгээ үзүүлээд материалдаа хавсаргасан нь тэтгэлэгт тэнцэхэд маш том давуу тал болж өгсөн. Аль улсад сурахаа сонгоод 12-р ангиа төгсөөд хэлний бэлтгэлдээ сууна. Миний ирээдүйд том хөрөнгө оруулалт болсон.

Э.Анужин: Төсөл бичиж байхад дэмжиж зөвлөгөө өгсөн сургуулийнхаа багш нарт, ойлгож дэмжин гэрийн ажлаас чөлөөлж өгч байсан гэрийнхэндээ, бидэнд боломж олгосон Хүүхдийг Ивээх Сан, Дэлхийн Банк, Японы Нийгмийн Хөгжлийн Сангийн ах, эгч нартаа баярлаж, талархсанаа илэрхийлье.

Цаг гаргаж ярилцсанд баярлалаа. Танай багийнханд амжилт хүсье.

Ярилцлага бэлтгэсэн:

Хүүхдийг Ивээх Сангийн Ховд аймгийн салбарын ажилтан П.Бямбазаяа