Эрвээхий “нисэлдсэн” хүслийн өргөө

Зургийн тайлбар:“Номын кафе”-д сурагчид цагт 800 төгрөг төлж, хичээлээ хийх, халуун цай үнэгүй уух, найзуудтайгаа ярилцах боломжтой.
Эрх чөлөөт орчин, хүсэл мөрөөдөл мэдрүүлнэ
Завхан аймгийн Тэс суманд хаврын урин цагтай зэрэгцэн үйлчилгээний нэгэн шинэ газар үүдээ нээсэн нь “Номын кафе” байв. Сурагч Г.Цэнгүүн, Б.Нандин-Эрдэнэ, Д.Чингүүн, А.Азжаргал, Э.Тэмүүлэн нар “Butterfly” төсөл бичсэн нь шалгарч энэхүү кафег байгуулжээ. Эдгээр сурагчид “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн ESEL сургалтад хамрагдан, нэг баг болж, бичил төслийн уралдаанд бизнесийн санаагаа танилцуулан санхүүжилт авсан байна.
Тэд хэрхэн судалгаа хийж, төслөө бичиж, санхүүжилтээ авсан, ямар сорилт давсан талаар өгүүлье.
Хөдөөгийн алслагдсан сумын сурагчдад чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хичээлээ хамтран давтах тохилог газар ховор гэдгийг багийн сурагчид анзаарч, судалгаа явуулжээ. Судалгаанд оролцсон олонхи сурагч тав тухтай орчинд цагийг үр бүтээлтэй ашиглаж, хөгжих газар хэрэгтэй гэж хариулснаар “Butterfly” баг бизнес санаагаа хэрэгжүүлэх боломжтой гэдгийг мэдэрч, нэгэн зорилго дор нэгджээ. Тэд сурагчдад хувийн, чөлөөт орон зай өгснөөр хувь хүний хөгжилд нь тусалж чадна гэж итгэжээ. Энэ шийдвэр нь зөв байв. “Butterfly” багийнхан бичил бизнесээр ашиг олохоос илүүтэй найз нөхдөдөө тав тух, эерэг мэдрэмж төрүүлж байгаадаа баяртай байдаг юм.
Төслийн сумын зөвлөлөөс эдгээр сурагчдад ахуйн үйлчилгээний хэсгийн зай талбай сайтай өрөөг ашиглах боломж олгосноор бичил бизнесийн суурь тавигджээ. Сурагчид төслөөс авсан эхний санхүүжилтээр өрөөгөө тохижуулж, кафед уншуулах номуудаа худалдаж авчээ. Орчноо тохижуулах ажилд үйлчлүүлэгчдээ татан оролцуулах идэвхжүүлэлтийн арга нэвтрүүлсэн байна. Үйлчлүүлэгчид хүсвэл хана, таазнаас унжуулж, байршуулсан том, жижиг эрвээхийн дүрсийг будаж, тохижилтод хувь нэмрээ оруулах боломжоор хангасан нь өвөрмөц байв. Энэ санаачилга нь орчны тохижилтод тустайгаас гадна хамгийн гол нь эрвээхийнүүд хүүхдүүдэд эрх чөлөөг мэдрүүлж, сурч хөгжих хүсэл мөрөөдөл төрүүлдэг ажээ.
“Номын кафе”-д сурагчид цагт 800 төгрөг төлж, хичээлээ давтах, халуун цай үнэгүй уух, найзуудтайгаа ярилцах, ном унших боломжтой. Шинэ ном унших хүсэлтэй бол тухайн цагтаа авах эрхтэй. Түүнчлэн хичээлээ давтаж буй сурагчдын дэвтэр, үзэг бал зэрэг дуусвал тус кафед байрлах бичиг хэргийн булангаас худалдан авах боломжтой юм. Тус кафе байнгын үйлчлүүлэгчтэй болох зорилгоор урамшуулалт үнийн санал нэвтрүүлсэн бөгөөд 2 цаг нь 1500 төгрөг, 3 цаг нь 2200 төгрөг, 4 цаг нь 2900 төгрөг байхаар тариф боловсруулснаар үйл ажиллагаа явуулагч, үйлчлүүлэгч хоёр талдаа сэтгэл хангалуун болжээ.
2023 оны 3 дугаар сарын 9-ний өдрөөс хойш нийт 205 хүнд тус үйлчилгээ хүрсэн байна.
Тэд “Бид ESEL сургалтаас олон талын мэдлэг олж авсан. Өөрсдийн цагийн менежментийг зөв төлөвлөх, багаар ажиллах, урьдчилан харах боломжгүй сорилтыг олон талаас нь харах ур чадварт суралцсан” хэмээн ярилаа. Тэднийг төслөө хэрэгжүүлэх явцад худалдаж авах бараа бүтээгдэхүүний санхүүгийн тооцоонд үнийн өөрчлөлт гарч, тоо ширхигээ багасгах зэрэг асуудлууд тулгарчээ. Мөн дотоод засал чимэглэлд төлөвлөөгүй зардал нэмэгдэв. Гэвч тэд багаараа ярилцаж, тулгарсан сорилтыг ухаалгаар шийдсэн аж. Сурагчид бичил төсөл бичихдээ санхүүгийн тооцоогоо маш бодитой гаргаж, багийн гишүүдийн саналыг сонсож, сайтар зөвлөж ярилцсанаар ямар ч бэрхшээлийг даван туулах боломжтой гэдгийг бусдад үлгэрлэсэн юм. Butterfly багийнхан мөн фэйсбүүк хуудас ажиллуулдаг бөгөөд тэдний үйл ажиллагааг нь Завхан аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн төв тэднийг урам зоригоор дэмжиж, номын хандив цуглуулж илгээсэнд баярлан хүлээн авч, аливааг хийхээр зоригловол дэмжих, ойлгох хүн олон байдаг, гагцхүү зогсолтгүй л хүсэж тэмүүлэх ёстой юм байна гэдгийг ойлгожээ.
Butterfly багийнхан ESEL сургалтаас бичил төсөл хэрэгжүүлэх, багаар ажиллах, ногдсон үүргээ ухамсарлах, бусдыг сонсож сурах, санаагаа илэрхийлэх, аливаад нээлттэй хандах зэрэг олон чадварт суралцаж, их ч зүйлийг сурч мэджээ. Энэ бүх чадвар тэднийг насанд хүрсэн хойно ч, ажил амьдралд гарсан ч оюуны томоохон хөрөнгө оруулалт болон үлдэх биз ээ.
Амжилтын түүхийг бичсэн Хүүхдийг Ивээх Сангийн Завхан салбарын зохицуулагч П.Дөлгөөн