ESEL хөтөлбөрийн сурагчид хоцрогдол арилгаж, багш нартаа туслаж байна

БАГШДАА ТУСАЛСАН БҮТЭЭЛЧ САНААЧИЛГА

-ESEL хөтөлбөрийн сурагчид хоцрогдол арилгаж, багш нартаа туслаж байна-

Өвөрхангай аймгийн Суманд хэрэгжиж байгаа сурагчдын бүтээлч төслийн талаар танилцуулья. “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, Энтрепренершип боловсрол олгох” төслөөс бичил төслийн санхүүжилтийн тэтгэлэгт уралдааныг зорилтот 5 аймгийн төслийн сумдад гуравдахь жилдээ зохион байгуулж байна. Орон нутагтаа эерэг өөрчлөлт авчрах энтрепренер сэтгэлгээтэй хүүхэд, залуусыг дэмжих зорилго бүхий энэхүү уралдаанд ESEL хөтөлбөрт хамрагдсан хүүхэд, залуучууд баг бүрдүүлэн оролцдог юм. Өнөөдрийн байдлаар 135 баг уг тэтгэлэгт уралдаанд шалгарч, санхүүжилт аван бичил төслөө хэрэгжүүлж байна. Эдгээр багийн төлөөлөл болох Өвөрхангай аймгийн Сант сумын “Багшдаа тусалъя” төслийн үйл ажиллагааг танилцуулж байна. “Багшдаа тусалъя” төсөл нь 2022 оны гуравдугаар сард болсон “Энтрепренер Seeds” тэтгэлэгт уралдаанд шалгаран гарааны санхүүжилтээ авчээ.

КОВИД-19 ЦАР ТАХАЛ ХИЧЭЭЛИЙН ХОЦРОГДОЛД НӨЛӨӨЛӨВ 

Өвөрхангай аймгийн Сант сум нь Улаанбаатар хотоос 400 км, аймгийн төвөөс 110 км зайд оршдог. Сант сум нь 3,500 гаруй хүн амтайгаас 600 гаруй хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцаж байна. Нийт хүн амын 80 орчим хувь нь уламжлалт мал аж ахуй эрхлэн, нүүдэллэж амьдардаг. Ковид-19 цар тахлын улмаас Ерөнхий боловсролын сургуулийн хичээл 2020 оны хаврын улирлаас цахим хэлбэрт шилжсэн нь төвөөс алс амьдардаг малчин өрхийн хүүхдүүдэд хүнд сорилт болжээ. 2021 оны намраас хичээл танхимаар хичээллэж эхэлсэн. Гэвч малчдын хүүхдүүдийн дунд хичээлийн хоцрогдол өндөр, багш хүүхэд бүрд хүрч ажиллаж амждаггүй талаараа бага ангийн багш Ж.Цэцэгмаа хүүдээ ярьдаг байжээ. Түүний хүү 11а ангийн сурагч М.Пүрэвсамбуу ээжийнхээ ажилд тусалж, бага ангийн сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгахад хувь нэмрээ оруулах юмсан гэсэн хүслээс төслийн санаагаа олжээ. Түүний санааг найзууд нь дэмжсэнээр “Багшдаа тусалъя” төслийг Сант сумын Ерөнхий боловсролын сургуулийн 9-11 дүгээр ангийн сурагч М.Пүрэвсамбуу, Д.Пүрэв-Эрдэнэ, Ц.Занданцэцэг, Э.Номин-Эрдэнэ, Х.Отгонжаргал нар хамтран бичиж, чиглүүлэгч багшаар Т.Цэрмаа ажиллаж эхэлжээ.

МАЛЧИН ЭЦЭГ ЭХЧҮҮД СУРГАЛТЫГ ТАЛАРХАН ХҮЛЭЭН АВЛАА

Сант сумын сургууль 2021 онд бага сургуулийн шинэ хичээлийн байртай болсоноор бага ангиуд нэг ээлжээр хичээллэх боломжтой болжээ. Энэ үед төслийн багийн гишүүд сургуулийн захиргаа, бага ангийн багш нартайгаа зөвлөлдөн 7 хоногт 3 удаа хоцрогдол арилгах сургалт орохоор хуваарь гаргаж, 2-5 дугаар ангийн сурагчдаас элсэлт авч эхэлсэн байна.

2022 оны 10 дугаар сараас хоцрогдол арилгах сургалтад элсэн суралцсан 38 сурагчийн гарааны түвшнийг тодорхойлж, түвшингээр нь бүлгүүдэд хуваарилж Математикийн хичээлийг М.Пүрэвсамбуу, Д.Пүрэв-Эрдэнэ, Монгол хэлний хичээлийг Ц.Занданцэцэг, Э.Номин-Эрдэнэ, Х.Отгонжаргал заахаар дааж авчээ.

Сарын төгсгөлд сургалтад хамрагдсан сурагчдын ахицыг үнэлэн эцэг эхчүүдэд тайлагнадаг болсон байна. Төслийн багийнхан ахиц гарч байгаа дүү нараа хараад урам авч илүү их хичээн, сургалтаа улам сайжруулахаар эрэл хайгуул хийж, сургалтаа хүүхдүүдийг залхаахгүй хөгжилтэй аргаар явуулахаар судалж, туршиж үзсэн нь үр дүнтэй байлаа. Эцэг эхчүүд нэг сарын сургалтын төлбөрт 18,000 төгрөг төлж байгаа юм.

Сургалтад хамрагдсан сурагчдын эцэг эхчүүдийн төлөөлөл 2б ангийн сурагч Анхбаярын ээж Б.Болор-Эрдэнэ: “Манай хүүхэд сумын төвд айлд суудаг, хичээлийг нь давтуулах, зааж өгөх хүн байхгүй тул хичээлийн хоцрогдолтой байсан боловч “Багшдаа тусалъя” хоцрогдол арилгах сургалтад хамрагдсанаар маш хурдан ахиц гарч хүү маань уншиж, бичиж, тоогоо ойлгож, хүрдээ цээжлээд хичээлдээ дуртай болж, урамтай байгаа” гэж хэлэв.

“БАГШ АА” ГЭЖ ДУУДУУЛАХ САЙХАН БАЙДАГ

Төслийн багийнхан хичээлийн төлөвлөлт хийх, хичээлийн бэлтгэл хангаж, тараах материал хэвлэх, люминатордах, цагийн менежментээ сайжруулсанаар өөрсдийн хувийн ажлаа амжуулж, гэрийн даалгавраа хийх зэргээр цагийг бүтээмжтэй өнгөрүүлэх, сурагчдын ахицыг үнэлэх, сонирхолтой аргазүйг судлах, хүүхэдтэй ажиллах ур чадваруудаа нэмж, өөрсдөө маш их хөгжиж чадсан байна. Төслийн санхүүжилтээр тараах материал бэлтгэхэд хэрэглэгдэх принтер, люминаторын машин, цаас зүсэгч худалдан авсан бол сумандаа ховор ярьдаг хүрд, ховилтой дэвтэр, үлгэрийн ном гэх мэт шинэлэг сургалтын хэрэглэгдэхүүнүүдийг ашигласнаар бага насны хүүхдүүдийн сонирхлыг татах шинэлэг сургалт болж чаджээ. “Багшдаа тусалъя” төслийн багийн гишүүд мөн сургалтад хамрагдсан хүүхдүүдийн ангийн багш нартай уулзаж аль хичээл дээр илүү анхаарах хэрэгтэй байгааг асууж, байнга заавар, зөвлөгөө авч ажиллаж байна.

Тэдний тухай тус сургуулийн захирал Ч.Ганчимэг: “Манай сургуулийн сурлага, хүмүүжлээрээ манлайлдаг тэргүүний сурагчид нэгдэн бага ангийн багш нарынхаа ажилд тусалж, бага ангийн сурагчдын хоцрогдол арилгах ажилд маш их дэмжлэг болж байна. Хүүхэд хүүхдээсээ суралцах аргазүйн давуу тал нь хүүхдүүд мэдэхгүй зүйлээ айж эмээлгүй чөлөөтэй асууж чаддаг. Сургуулийн захиргааны зүгээс анги танхим гаргаж өгч дэмжиж ажиллаж байна” хэмээн онцоллоо.

Төслийн багийнхан өөрсдийн хичээл заах, хүүхэдтэй ажиллах аргазүйгээ сайжруулах, илүү туршлагажих шаардлагатай байгаагаа нуугаагүй бөгөөд бага ангийн сурагчид тэднийг таарсан газраа багшаа хэмээн дуудахад сайхан байдаг гэж хэлж байлаа. Төслийн багийн гишүүн Д.Пүрэв-Эрдэнэ математикийн хичээлд сонирхолтой, өөрөө багшилж үзээд математикийн багш болохоор төлөвлөж байгаа гэнэ. “Багшдаа тусалъя” төсөл нь багш нар болон эцэг эхчүүдээс талархал, сайшаал их авч байгаа бөгөөд төслөө өргөжүүлэн 6 дугаар ангийн сурагчдад сургалт авах саналууд ирсээр байгаа юм байна.