Бүтээлч сэтгэлгээтэй хүүхдүүд
“Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн зорилтот бүлгийн төлөөлөл болох Өвөрхангай аймгийн Хархорин сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн “Радио электроник” төслийн үйл ажиллагаа, сайн туршлагыг танилцуулъя. Уг төсөл нь 2022 оны 5 дугаар сард зохион байгуулагдсан “Энтрепренер Seeds” тэтгэлэгт уралдаан буюу “Пич-3” арга хэмжээнд амжилттай оролцон гурван шатны шалгаруулалтад тэнцэж гарааны санхүүжилт авсан юм.
Сурагчдын техник сэтгэлгээг хөгжүүлж байна
Өвөрхангай аймгийн Хархорин сум нь Улаанбаатар хотоос 430 километр зайтай, жилдээ нийт 15,000 хүнд нийгэм, эдийн засгийн үйлчилгээ үзүүлдэг, шилжих хөдөлгөөн ихтэй, төвийн болон орон нутгийн томоохон замууд дамжин өнгөрдөг, аялал жуулчлалын бүс нутаг юм. Тус суманд ерөнхий боловсролын 4 сургууль үйл ажиллагаа явуулж, 3,000 орчим хүүхдийг сургаж байгаа ба бүс нутгийн онцлогийн хувьд байнгын шилжилт хөдөлгөөн, олон төрлийн харилцаа холбоо дунд оршдог, дэд бүтцийн хувьд мөн хөгжил сайн учраас хүүхдүүдийг тал бүрээс хөгжүүлэх хэрэгцээ тулгарч байна. Өнөө цагт бид өдөр тутамдаа техник технологийн хэрэглээ, дэвшилтэт бүтээгдэхүүний тусламжтай бусадтай илүү ухаалгаар харилцаж ойлголцох нөхцөл үүссэн байна. Тийм учраас “Радио электроник” төслийн “Elite team” багийнхан болох О.Тэмүүжин, Ш.Гомбодорж, С.Алтанцэцэг нар техник технологийн өндөр хурдацтай энэ цаг үед сурагчдын техник сэтгэлгээ, сонирхлыг хөгжүүлэх, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх замаар бүтээлч, ирээдүйн инженер болж төлөвших суурийг тавих томоохон зорилгыг өвөртлөн технологийн багш Цэндээхүүгээс арга зүйн дэмжлэг авч чиглүүлэгч багшаар Д.Мягмарсүрэн ажиллаж эхэлжээ.

Питч шүүгчдэд радио электроник загвараа танилцуулж байгаа нь
Өвөрхангай аймгийн Хархорин сум Улаанбаатар хотоос 430 км зайтай, жилдээ нийт 15,000 хүнд нийгэм, эдийн засгийн үйлчилгээ үзүүлдэг, шилжих хөдөлгөөн ихтэй, төвийн болон орон нутгийн томоохон авто зам дамжин өнгөрдөг, аялал жуулчлалын бүс нутаг юм. Тус суманд ерөнхий боловсролын дөрвөн сургуульд 3,000 орчим хүүхэд суралцаж байна. Бүс нутгийн онцлог гэвэл, байнгын шилжилт хөдөлгөөнтэй, олон төрлийн харилцаа холбоотой, дэд бүтцийн хөгжил сайн учир хүүхдүүдийг тал бүрээс хөгжүүлэх хэрэгцээ тулгарч байна. Өнөө цагт бид өдөр тутамдаа техник, технологийн хэрэглээ, дэвшилтэт бүтээгдэхүүний тусламжтай бусадтай илүү ухаалгаар харилцаж, ойлголцох нөхцөл үүссэн байна. “Радио электроник” төслийн “Elite team” багийн гишүүд О.Тэмүүжин, Ш.Гомбодорж, С.Алтанцэцэг нар техник, технологийн өндөр хурдацтай энэ цаг үед сурагчдын техник сэтгэлгээ, сонирхлыг хөгжүүлэх, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх замаар бүтээлч, ирээдүйн инженер болж төлөвших суурийг тавих томоохон зорилго өвөртөлжээ. Тэд технологийн багш Цэндээхүүгээс арга зүйн дэмжлэг авч, чиглүүлэгч багшаар Д.Мягмарсүрэн ажиллаж байна.
Робот угсрах аргачлал шинэлэг, үр дүнтэй
Сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх чиглэлээр тодорхой агуулга ерөнхий боловсролын сургуулийн сургалтад багтсан байдаг ч хэрэглэгдэхүүний үнэ өндөр, орон нутагт олдоц ховор. Тиймээс агуулгыг илүү дэлгэрэнгүй судлах нөөц боломж, дугуйлан, сургалт байхгүй юм. Энэ хоосон орон зайг нөхөж чадсан нь “Радио электроник” төслийн шинэлэг санаа байв. Төслийн багаас аль болох уян хатан, үр дүнтэй байх нөхцөлийг хангаж ажилладаг нь гол зорилгоо биелүүлэхэд үр дүнтэй байж чаддаг. “Elite team” баг хэрэглэгчдэдээ аргачлал заах сургалт (электрон тоглоом угсрах аргачлал, техникийг заана), практиктай хосолсон сургалт (электрон тоглоом угсрах аргачлалыг туршилттай хослуулан заана)-ын үйлчилгээ санал болгодог. Үүнээс гадна суралцагч төгсөхдөө өөрийн гэсэн тоглоомтой болсон байх юм. 2022 оны 9 дүгээр сард гарааны санхүүжилт авч, шаардлагатай хэрэглэгдэхүүнээ худалдаж авснаар 10 дугаар сард “РЭД” төслийн үйл ажиллагаа албан ёсоор эхэлсэн байна. О.Тэмүүжин, Ш.Гомбодорж нар үндсэн сургалтын үйл ажиллагааг, Э.Ундрах сургалтын хөтөлбөр боловсруулах, хуваарь гаргах, С.Алтанцэцэг маркетинг, сурталчилгааны ажлыг хариуцан ажилладаг ажээ.
Гурван удаагийн элсэлтээр 42 сурагч төгсөв
Ерөнхий боловсролын бусад сургуулийн технологийн багш нар “Elite team” багийн гишүүдтэй хамтран ажиллах хүсэлт гаргадаг бөгөөд зочин багшаар уригдаж, хамтдаа суралцаж байгаа юм. Тэд “Бид өөрсдийн мэдлэг чадвараа түгээхдээ харилцан суралцах байдлыг эрхэмлэн, үе тэнгийхэн, ах эгч, дүү нартайгаа хамт хөгжиж байгаадаа талархалтай байдаг” хэмээн ярьсан. Үйл ажиллагааны үр дүн, ахиц амжилтыг дүгнэх чухал зүйлсийн нэг нь “Радио электроник” төслөөс үр шим хүртэгч болон сонирхогчдын сэтгэгдэл, урам зориг юм.
Төсөл хэрэгжүүлэгч багийн гишүүн О.Тэмүүжиний аав Оюунболд: Төслийн ажилтай, төсөл бичиж байгаа, сургууль дээр ажилтай гээд гэртээ ч ирэх завгүй байсан хүү маань санаанд багтамгүй зүйлийг хийсэн байгаа нь үнэхээр бахархалтай байна. Роботыг зөвхөн мундаг техник сэтгэлгээтэй, тусгайлан сурч боловсорсон хүний хийдэг зүйл л гэж боддог байлаа. Гэтэл миний хүү ийм зүйл хийж байгаад баяртай байна. Цаашид бүхий л боломжоороо хүүгээ, багийнхныг нь дэмжинэ. Сургалтад хамрагдсан сурагч О.Жавхлан: Би сонирхлоо хөгжүүлэхийн тулд заавал хотод очиж сургалтад хамрагдах, эсвэл хэдэн цагаар ч хамаагүй YouTube бичлэг үзэж суухаас өөр сонголт байдаггүй байсан. Харин одоо хоббитойгоо ойрхон байна гэдэг үнэхээр гоё байна.
Тогтвортой, ахисан түвшний хөгжил чухал
Төслийн багийнхан үндсэн хичээл сургалтын зэрэгцээ төслийн үйл ажиллагааг төлөвлөн, цагийн хуваариа маш нарийн гаргаж, сургалтад хэрэгцээтэй хэрэглэгдэхүүнийг урьдчилан бэлтгэх, сургалт, маркетингийн ажлыг тогтмол зохион байгуулах гэх мэт өндөр түвшний хувийн болон багийн зохион байгуулалт хийснээр өөрсдийн хувийн ажлаа амжуулж, гэрийн даалгавраа хийх зэргээр цагийг бүтээмжтэй өнгөрүүлэх, сурагчдын ахицыг үнэлэх, сонирхолтой аргазүйг судлах, бусадтай хамтран ажиллах, арга туршлагаа хуваалцах ур чадваруудаа нэмэгдүүлж олон талт байдлаар бүгд хөгжиж байна. Төслийн санхүүжилтээр сургалтад хэрэглэгдэх хэрэглэгдэхүүн (робот тоглоом угсрахад шаардлагатай хэрэглэгдэхүүн)-ийг худалдан авсан нь сургуулийн орчинд шинэлэг сургалтын хэрэглэгдэхүүн ашиглах боломж бүрдүүлж чаджээ.“Радио электроник” төсөл нь зөвхөн сургуулийн төдийгүй сум, аймгийн нүүр царай болохуйц, онцлох сайн туршлага бүхий төсөл болсонд гишүүд нь баяртай байдаг. Нөгөө талаас маш том үүрэг хариуцлага учир илүү их хичээх хэрэгтэй гэж хүүхдүүд ярив.
Багийн ахлагч О.Тэмүүжин аймгийн технологийн олимпиадад сургуулиа төлөөлөн амжилттай оролцож, МУБИС, ДУТС-д элсэн орох хоёр ч урилгыг зэрэг хүлээн авчээ.

“Радио электроник” төслийн багийн гишүүд