“Та бидний урлан”-гийн цор ганц, дахин давтагдашгүй бүтээлүүд

Хүүхдийг Ивээх Сан “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийг 2020 оноос Ховд, Завхан, Өвөрхангай, Говьсүмбэр, Сүхбаатар аймагт хэрэгжүүлж байна. Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд төслийн хүрээнд ESEL сургалтууд амжилттай явагдаж, төгсөгчид 12 төсөл хэрэгжүүлж байгаа юм. Тэдгээрийн нэг болох “Та бидний урлан” төслийн амжилтын түүхийг танилцуулья.

Төслийн санаа хэрхэн гарсан бэ? 

Өнөө үед хүүхдүүд цахим орчинд ихэнх цагаа өнгөрөөж, чөлөөтэй сэтгэх, бүтээлч хандлага, бие даах чадварууд буурсан бөгөөд хөдөө орон нутгийн хүүхэд, багачууд хотын хүүхдүүдийг бодвол хөгжих боломж багатай. Учир нь хөдөө орон нутагт тогтмол үйл ажиллагаа явуулдаг секц дугуйлан бага, хамт олон найз нөхдөөрөө хамтдаа хөгжих орчин дутмаг байгаа нь энэ бүхний суурь, үндэс болж байгааг Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ЕБС-ийн Conquer багийн гишүүд олж харжээ. Тиймээс зураг зурангаа баруун, зүүн тархиа хөгжүүлэх, аливаад төвлөрч сууж бие даан суралцах, урлагийн олон талын мэдрэмжийг шинээр нээж, өөрийн гараар бүтээл урлан, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх орчинг ах эгч нар, үеийн найзууд, бяцхан дүү нартаа бүрдүүлэхээр төслөө бичжээ.

Гэвч тэд зорилгодоо шууд хүрч чадсангүй. Эхний удаа 2021 оны Питч өдөрлөгөөс амжилтгүй хариу сонсов. Тэд зорилгодоо үнэнч байж, судалгаа, санхүү, бизнесээ илүү сайн төлөвлөж, багаараа тууштай зүтгэсний үр дүнд 2022 онд төслийн тэтгэлэгт тэнцэж, үйл ажиллагаагаа эхлэх санхүүжилтээ авч чадсан байна. Тэд төслийн санаагаа сум орон нутгийн эрэлт, хэрэгцээнээс гадна багийн гишүүн Идэржавхлан, Сэргэлэн нарын авьяас, сонирхол, ур чадварт тулгуурлан гаргаснаараа төслийг хэрэгжүүлэхэд илүү дөхөм байжээ.

Төслөөр ямар бүтээгдэхүүнүүд урлав?

Идэржавхлан, Сэргэлэн нар өөрсдийн сонирхлоороо хар зураг, хөрөг зураг, гоёмсог бичвэр зэргийн гэр бүлийн гишүүд, мэргэжлийн багш нар мөн YouTube сувгаас хичээл үзэж бие даан суралцах байдлаар олон олон бүтээлүүд урласан, авъяаслаг сурагчид. Багийн гишүүн Эрхэмжаргал баримт бичиг боловсруулалт, багийн үйл ажиллагааны төлөвлөлт зохион байгуулалтыг гүйцэтгэдэг бол Уянга цахим технологи ашиглан видео контентууд, постер зэргийг гарамгай сайн бэлтгэж, зар сурталчилгаа хийх, багаа удирдан зохион байгуулан ажиллах ур чадварт илүү суралцсан чадварлаг баг юм.

Тэд төслөө эхлээд “Америк барааны дэлгүүр”-ийн хаяг хийх анхны захиалгаа авчээ. Тухайн ажлыг хийж гүйцэтгэхэд тэдний ур чадварыг шалгахаас гадна баяр, догдлол, айдас зэрэгцсэн гайхалтай мэдрэмж төрүүлсэн үйл явдал болсон аж. Багаараа хамтран захиалгаа бэлэн болгоход захиалагч тал сэтгэл өндөр хүлээн авч, анхны орлого болох 40,000 төгрөгийг хүлээн авсан тэр үеийн мэдрэмж хэзээ ч мартагдахааргүй, нандин дурсамж болон үлджээ.

Та бидний урлан” төслийн багийн гишүүд Питч тэмцээний үеэр

“Та бидний урлан” төслийн багийн гишүүд ESEL хөтөлбөрийн чиглүүлэгч багшийн хамт

Тэдний хувьд Баярцэцэг багш, зөвлөхөөр удирдуулсан “Хүүхэд хөгжлийн танхим”, “Хос бичигтэн гэсэн бусад багуудтайгаа хамтран, бие биенээсээ суралцан, зөвлөлдөж, багахан өрсөлдөөн үүсгэн ажиллаж байсан нь олон ур чадварууд эзэмших, суралцах, өсөн дэвжих боломжийг нээсэн байна.

“Та бидний урлан” төсөл хар зураг, уран зураг төрлүүдээр ЕБС-ийн суралцагчдад дугуйлан хичээллүүлэхээс гадна гэр бүлийн, найз нөхөд, хамт олны өдөрлөг зохион байгуулах, үзэсгэлэн гаргах зэрэг арга хэмжээнүүдийг санаачлан хэрэгжүүлдэг. Энэхүү өдөрлөгөөр хамтын бүтээл гаргах, зураг зурах талаар анхан шатны ойлголтыг авч болно. Тухайлбал, гэр бүлээрээ хамтын бүтээл гаргаж, амьд харилцааг бий болгох, цагийг хөгжилтэй өнгөрүүлэх, гэр бүлийн нандин дурсамж бүтээх боломжтой юм.

Төсөл цаашаа хэрхэн үргэлжлэв? 

Төслийг санаачлан хэрэгжүүлэгч багийн гишүүд 2022 оны 6 сард Ерөнхий боловсролын сургуулиа төгссөн ч “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн ESEL хөтөлбөрийн төгсөгч дүү нартаа төслөө өвлүүлэн үлдээж, 2022-2023 оны хичээлийн жилд сурагч Халиунбаяр, Бөртэ-Үжин, Батжаргал нар үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулж байна. Тэд өөрсдөө зураг зурах авьяас сонирхолтой бөгөөд 9-р ангийн сурагчид тул цаашид тогтвортой 4 жил ажиллах боломжтой учраас төслөө ийнхүү хариуцуулан үлдээжээ.

Тэдний хувьд төсөл хэрэгжүүлэх цагаа зохицуулах, хуваарь гаргах, түүнийгээ тууштай мөрдөх нь хамгийн чухал бөгөөд зарим дугуйланд хамрагдаж байгаа суралцагчид сарын төгсгөлд төлбөрөө төлөхгүй орхих нь маш том асуудал болж байв. Тиймээс дугуйланд бүртгүүлж буй суралцагчдын эцэг эх, асран хамгаалагчидтай харилцан тохиролцож, төлбөрөө урьдчилан авч сургалтаа явуулж эхэлсэн байна.

Ийнхүү “Та бидний урлан” төсөл анхны багаас дараагийн үе рүү шилжиж, илүү өргөн хүрээнд олон суралцагчдад өөрсдийн санаагаа бодит ажил болгох, хамтдаа суралцах, хөгжих шинэ боломжууд нээсээр байна.