Энтрепренер сурагчдын бүтээсэн мөрөөдлийн танхим
Сүхбаатар аймгийн Онгон сум Монгол орны зүүн хязгаарт оршдог бөгөөд нийт 3.8 мянган хүн амтай. Тус сум нийслэл Улаанбаатар хотоос 720 км зайтай. Ерөнхий боловсролын 12 жилийн сургуультай. Нийт 600 гаруй хүүхэд суралцдаг.
Сүхбаатар аймгийн Онгон сумын ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдад хичээлийн бус цагаар өөрсдийгөө хөгжүүлэх, бусдаас суралцах тав тухтай орчин хэрэгтэй байв. Тиймээс сурагч Э.Ариун-Эрдэнэ, Г.Шинийннэгэн, Б.Эрдэнэсувд, Б.Зулцэцэг, Б.Цогзолмаа, Э.Гансувд нар энэ боломжийг санаа болгон, “Dreamland” төслөө бичин, тэтгэлэгт шалгарчээ. Төсөл нь өөрийгөө нээлттэй илэрхийлэх чадвартай, бие даан бусдаас суралцдаг, мэдлэг хүмүүжлээрээ ялгарах шинэ үеийн сурагчдыг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой юм. Тэдний төслийг сургуулиас нь дэмжин анги гаргаж өгсөн бөгөөд өөрсдөө шинээр тохижуулжээ.
“Dreamland”-ийн санал болгож буй бүтээгдэхүүн үйлчилгээнүүд энгийн атлаа хэрэгцээтэй.
Тухайлбал, дижитал булан нь цахилгаан, интернэт сүлжээгээр бүрэн хангагдсан бөгөөд сурагчид хүссэн үедээ хүссэн хугацаагаар цахим орчинд нэвтрэх боломжтой. Тав тух, эмх цэгцтэй тасалгаа бүхий булан тус бүрдээ ширээ сандал, олон залгуур байрлуулсан байдаг. Мини номын санд орчин үеийн бестселлер, шинэлэг ном зохиолуудыг тохилог орчинд унших боломжтой. Энэ хэсэгт мөн ус цэвэршүүлэгч баллон байршуулжээ. Үйлчлүүлэгчид хүссэн үедээ халуун кофе, аарц уух боломжтой. Харин цугларалтын танхимд төслийн багийнхан хурал цуглаанаа хийхээс гадна сурагчдын өөрөө удирддаг клубүүдэд түрээслэх боломжтой юм. Сурагчдын бүлэг, клубууд нь 7 хоног тутмын үйл ажиллагааныхаа төлөвлөгөө гаргаж, тухайн өрөө заалыг ашиглан сургалт, үйл ажиллагаагаа явуулах болно.
Сурагчид номын сангаас номоо хоногийн 2000 төгрөгөөр авч унших, эсвэл танхимд суугаад цагт 500 төгрөг төлж унших сонголтыг үйлчлүүлэгч нартаа олгож байна. Ахлах ангийн сонгон суралцах хичээлтэй сурагчдын хувьд цонхтой цагаараа танхимаар үйлчлүүлж гэрийн даалгавраа хийх, интернэт орчинд хичээл судлах, хичээлийн дундуур халуун аарц, халуун чацарганаар үйлчлүүлэх зэрэг олон боломжтой. Энэ хичээлийн жилээс эхэлсэн 10 ангийн цахимаар сонгон судлах хичээлтэй сурагчдын үйлчлүүлэх дуртай газар болжээ. Тэд танхимын үйлчлүүлэгч нарыг зөвхөн ахлах ангийн сурагчдаар хязгаарлахгүй дунд ангийн сурагчдын дунд номын хэлэлцүүлэг, сургалтууд, англи хэл дээр хадмал орчуулгатай кино үзүүлэх зэргээр ажилласан байна. Төслийн багийн гишүүд өөрсдөө ачаалал ихтэй байсан ч ESEL сургалтаар олж авсан цаг төлөвлөлт, төлөвлөгөө боловсруулах, бусадтай харилцах, бусдыг сонсох зэрэг зөөлөн ур чадваруудаа ашиглан үйл ажиллагаагаа амжилттай явууллаа. “Dreamland” багийнхны зорилго бол тав тухтай, цэвэр тохилог орчин бий болгох, найрсаг харилцаа, эерэг бүхнийг түгээх, өөрсдөөрөө дамжуулан шинэ хандлага, шинэ мэдлэгийг бусдад түгээх. Тэд багтаа өөр өөрийн үүрэгтэй. Э.Ариун-Эрдэнэ харилцаа холбоо, Г.Шинийннэгэн өдөр бүрийн орлогын тооцоог хөтлөх, Б.Эрдэнэсувд өөрсдийн үйл ажиллагаанд сурагчдыг татан оролцуулах, танхимд үйл ажиллагаа зохион байгуулах, Б.Зулцэцэг, Б.Цогзолмаа нар элэгдэл хорогдлоо хариуцах, Э.Гансувд өрөөний эд зүйлсийг хариуцдаг.
Багийн гишүүд нэг ангийн сурагчид тул саналаа солилцох, ярилцах, бэрхшээлийг даван туулах зэрэгт сайнаар нөлөөлж байсан аж. Энэ талаараа төслийн багийн гишүүн ярьсан юм.
Г.Шинийннэгэн “Бид төсөл бичиж байхдаа хүүхдийн дэврүүн сэтгэлээр бүх зүйлээ хамгийн сайнаар төсөөлж байж. Хэрэгжүүлээд эхлэхээр хэцүү зүйлүүд олон гарсан. Гэхдээ бэрхшээлийг хэрхэн зөв шийдэл гарган даван туулах вэ гэдгийг өдөр бүр ярилцдаг байсан болохоор хүндрэлтэй байгаагүй. Ямар ч үйл ажиллагаанд хамтын санаа, хамтын ажиллагаа маш чухал юм байна гэдгийг ойлгосон.”
Төслийн багийн гишүүд бүгдээрээ төгсөх ангийн сурагчид байсан ч төслөө амжилттай явуулж, үргэлжлүүлэн ажиллуулах хариуцлагаа сургуулийн энтрепренершип клубдээ даатган үлдээсэн байна. Ийнхүү сурагчид төрөлх сургуульдаа мөрөөдлийн орчноо бүрдүүлэн үлдээж, дараа дараагийн энтрепренер сурагчид үргэлжлүүлэн авч явахаар боллоо.