“Харилцан суралцъя, хамтдаа хөгжье” залуучуудын чуулга уулзалтад 300 гаруй залуус оролцлоо

Хүүхдийг Ивээх Сан Өвөрхангай аймгийн Гучин-Ус, Сант, Хужирт сумдад “ХАРИЛЦАН СУРАЛЦЪЯ, ХАМТДАА ХӨГЖЬЕ” залуучуудын чуулга уулзалтыг гуравдугаар сарын 16-21-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Хүүхдийг Ивээх Сангийн Өвөрхангай аймаг дах салбараас санаачлан Аймгийн Насан туршийн боловсролын төв, Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгуулсан энэхүү уулзалт нь

  • “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершипийн боловсрол олгох” төслийн талаарх мэдээллийг орон нутгийн иргэдэд хүргэх,
  • ESEL хөтөлбөрийн хамрагдалтыг нэмэгдүүлэх,
  • Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг орон нутагт сурталчлах,
  • Сумын залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэн зөвлөн туслах,
  • Орон нутгийн залуучуудыг чуулга уулзалтын үйл ажиллагаагаар дамжуулан идэвхжүүлж хамтдаа суралцах хөгжих нөхцөл боломжийг төсөл, төрийн бус байгууллагууд хамтран бүрдүүлэх зорилготой байв.

Чуулга уулзалтын хүрээнд “Хамтдаа ярилцъя” ток шоу, “Нөхөрсөг тэмцэл” хөгжөөнт буухиа, Үдшийн цэнгүүн зэрэг үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. “Хамтдаа ярилцъя” ток шоунд Сумын Төслийн Зөвлөлийн дарга, Сумын бизнес эрхлэгчдийн төлөөлөл, Аймгийн НТБТ-ийн дарга, Аймгийн ГБХЗХГ-ын Залуучуудын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн,ХИС-гийн Өвөрхангай аймаг дахь салбарын зохицуулагч нар оролцож модераторын чиглүүлгээр асуултад хариулах хэлбэрээр төслийн зорилго, явц, хэрэгжилтийн байдал, үр дүнгийн талаар болон Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, бодлого, журам, Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн чиг үүрэг зэргийн тухай мэдээлэл өглөө. Мөн Насан туршдаа суралцахын ач холбогдол, 14-25 насны хүүхэд, залуусыг ESEL хөтөлбөрт хамруулах шалтгаан болон төсөлд хамрагдсан суралцагсдад гарсан үр дүнгийн тухай чуулганы оролцогчдод мэдээлэл өглөө.

Төслийн Сумын Зөвлөлийн дарга чуулганд оролцож буй залуучуудад хандаж төслийн үйл ажиллагаа хэрхэн хэрэгжиж байгаа явц, үр дүн, цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудын талаар мэдээлэл өглөө. Сумын удирдлагууд жижиг, дунд бизнес эрхлэгч нартай холбож өгч зөвлөгөө өгүүлэх, менторуудыг идэвхжүүлж төслийн үйл ажиллагаанд татан оролцуулах, ажлын байраар хангах, орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, сум хөгжүүлэх сангуудаас ESEL хөтөлбөрийн төгсөгчдөд дэмжлэг үзүүлэх зэрэг ажлуудыг төлөвлөж байгаа талаараа дурьдав. Мөн ESEL хөтөлбөрт хамрагдаж төгсөн бичил санхүүжилт олгох төслөө хэрэгжүүлж байгаа багуудад чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх, спорт урлагийн арга хэмжээ зохион байгуулж идэвхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

Мөн залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн 2023 оны төлөвлөгөөнд санал авах зорилгоор “Бидэнд санал байна” үйл ажиллагааг зохион байгуулж залуучуудад тулгараад байгаа асуудлууд, цаашид залуучуудын хувьд хөгжих, суралцах хэрэгцээ шаардлагууд, болон боломжуудын талаар гаргасан саналуудыг цуглуулан сумын удирдлагуудад хүргүүлэн ажиллав.

Аймгийн НТБТ чуулганы үеэр зохион байгуулагдсан буухиа тэмцээний шагналыг ESEL хөтөлбөрт хамрагдаж төслөө хэрэгжүүлж байгаа багуудын бүтээлүүдээс худалдан авч өгсөн нь өөр сумдын хүүхдүүдийн бүтээлийг харилцан сурталчилсан, төслийн талаарх ойлголтыг нэмэгдүүлсэн ажил боллоо.

Чуулган зохион байгуулсны үр дүнд ESEL хөтөлбөрийн 2023 оны хаврын ангид элсэж орохоор нийт 25 залуу анкет бөглөн хүсэлтээ илэрхийллээ. Залуучуудын чуулга уулзалтад дээрх гурван сумаас 300 орчим залуус идэвхтэй оролцлоо.