Тусгай хэрэгцээтэй хүүхдийг тэгш хамруулан сургаж буй арга туршлагаа хуваалцлаа

ТӨСЛИЙН ЗОРИЛТОТ СУРГУУЛИУД БОЛОН ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТЭЙ ХҮҮХДИЙГ ТЭГШ ХАМРУУЛАН СУРГАЖ БУЙ АРГА ТУРШЛАГАА ХУВААЛЦЛАА

“Тэгш хамруулах боловсрол” – туршлага солилцох уулзалт” 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа. Энэхүү уулзалт нь Хүүхдийг Ивээх Сангийн хэрэгжүүлдэг “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-2” төслийн хоёрдахь жилийн үйл ажиллагааны үр дүнг танилцуулах, хуримтлуулсан туршлагаа хуваалцах, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцох зорилготой юм. Уулзалтад төслийн зорилтот 16 сургууль, боловсролын төрийн захиргааны болон мэргэжлийн байгууллага, орон нутгийн боловсролын газар болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл 70 гаруй хүн оролцож харилцан туршлага судаллаа.

БШУЯ-ны Тэгш хамран сургалт, бодлогын удирдлага, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн А.Саруул тус яамнаас хэрэгжүүлж байгаа тэгш хамруулах боловсролын бодлого, хэрэгжүүлж буй ажлын талаар танилцууллаа. Төслийг санхүүжүүлэгч талаас Япон Улсын Элчин сайдын яамны нарийн бичгийн дарга Юкино Ямаками туршлага солилцох уулзалтад хүрэлцэн ирж, төслийн хоёрдахь жилийн үйл ажиллагаа амжилттай хэрэгжүүлж дуусгасанд талархал илэрхийлж, дараагийн жилийн үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэхэд олон талт хамтын ажиллагаа чухал болохыг онцлов.

 

 

Япон Улсын Элчин сайдын яамны нарийн бичгийн дарга Юкино Ямаками

 

БШУЯ-ны Тэгш хамран сургалт, бодлогын удирдлага, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн А.Саруул

“Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-2″ төслийн менежер Фуми Мацумото төслийн хоёрдахь жилийн үйл ажиллагааны үр дүн, сургамжийг танилцууллаа. Төслийн дөрвөн бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд олон үр дүн бий болсноос онцолбол, тэгш хамруулан сургах сургалтын арга зүйн модуль сургалтад дунд ангийн 55 сургагч багш, 759 багш хамрагджээ. Түүнчлэн, эхний жилийн зорилтот сургуулиудад хамрагдаж буй тусгай хэрэгцээтэй хүүхдийн тоо 1,5 дахин өссөн байна. Мөн төслийн зорилтот 7 сургуульд тусгай хэрэгцээтэй хүүхдэд зориулсан хүртээмжтэй дэмжих орчныг бий болгох зорилгоор дэд бүтцийн засварын ажлууд хийгджээ. Зорилтот сургуулиуд сургуулиас гадуур байсан 18 хүүхдийг илрүүлж, боловсролын үйлчилгээнд хамруулсанаас одоо 9 хүүхэд ердийн сургуульд, 1 хүүхэд цэцэрлэгт тус тус суралцаж байна. Сургууль, багш, эцэг эхчүүдийн хамтын ажиллагааны үр дүнд хуримтлуулсан эдгээр туршлага нь Монгол Улсад тэгш хамруулах боловсролыг өргөжүүлэх, хүүхдүүд боловсролд тэгш хамрагдах зарчим, үнэт зүйлийг бий болгоход хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байгаагаа төслийн менежер Фуми Мацумото илэрхийллээ.

Төсөл хэрэгжиж байгаа сургуулиудын төлөөлөл онцлох сайн туршлага, сургамжуудаа хуваалцлаа. Тухайлбал, тусгай хэрэгцээт хүүхэдтэй ажиллах багшийн арга зүйг мэргэжил дээшлүүлэх, хүүхдийн хөгжилд эцэг эхийн оролцоо дэмжлэгийг бий болгох, ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөгөөр хичээллэж буй суралцагчийн ахиц амжилт, хүүхэд хөгжлийн танхимыг үр дүнтэй зохион байгуулах практик туршлагуудаа танилцуулав.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургуулийн захирал Ч.Хишигмаа хүүхэд үе тэнгийнхний оролцоонд суурилсан тусгай хэрэгцээт боловсролыг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулсан туршлагаа хуваалцлаа. Тус сургууль нь 2022 онд дүүргийн “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй байгууллага”-аар шалгарсан ба энэ амжилтыг гаргахад төслийн үйл ажиллагаа, сургалтууд маш их дэм болсоныг Ч.Хишигмаа онцлоод: “Бид сурагчдын өөрөө удирдах зөвлөл болон үе тэнгийн хүүхдүүдээр дамжуулан тусгай хэрэгцээт хүүхдүүддээ дэмжлэг үзүүлэхэд анхаардаг. Манай сургуульд тусгай хэрэгцээтэй 16 хүүхэд (аутимз, хэл яриа, хөдөлгөөний бэрхшээл гэх мэт) суралцаж байгаагаас зургаа нь дунд ангийн сурагчид юм. Танхимын сургалтад ирэх боломжгүй үед эдгээр сурагчиддаа зайнаас сурах боломжийг бүрдүүлсэн. Ингэхдээ ангийн сурагчид нь тэдний даалгаврыг ээлжлэн хүргэж өгөх, хичээл хийхэд нь тусалснаар тэдний сурах бэрхшээл багасч, сэтгэл дүүрэн суралцаж байна. Мөн сурагчдын өөрөө удирдах зөвлөлийн ахлагчаар тусгай хэрэгцээт сурагч Х-г томилон ажиллуулж байна. Багш, эцэг эх, хүүхэд оролцсон төрөл бүрийн тэмцээн, тоглоомын арга хэмжээнд тусгай хэрэгцээт хүүхдүүдээ оролцуулснаар ялгаатай хэрэгцээтэй сурагчид хамтран ажиллах, анги хамт олны дунд ялгаатай байдлыг хүндэтгэх, үе тэнгийнхний харилцаа хандлага эерэг болоход нөлөөлж байна.” гэсэн юм.

Ховд аймгийн 3 дугаар сургуулийн багш М.Цэцэгсүрэн

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургуулийн захирал Ч.Хишигмаа

Ховд аймгийн 3 дугаар сургуулийн сургалтын менежер М.Цэцэгсүрэн сургуулийн багш нарын мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагааны хүрээнд тусгай хэрэгцээт хүүхэдтэй ажиллах багшийн арга зүйг дээшлүүлсэн туршлагаасаа танилцууллаа. “Багшийн хөгжил тухайн сургалтын амин сүнс юм. Бид багшийн хөгжил, тэгш хамруулах чиглэлийн үйл ажиллагаа, түүнтэй холбогдох төсвийг хичээлийн жилийн эхэнд сургуулийн бодлого төлөвлөлтдөө тусгаж оруулдаг. Модуль 1,2,3 чадавхжуулах сургалтаас гадна сургууль дээрх мэргэжлийн хөгжлийн бүлэг, дэмжлэгийн багийн тусламжтай багш нарын мэдлэг, аргазүй, хандлагыг өөрчилж байна. Эдгээр сургалтын дүнд багш нарын хандлага эерэг болж, бэрхшээлийг давахыг эрмэлзэх болсон. Жишээ нь өнгөрсөн хичээлийн жилд бага ангиас дунд ангид бүрэн сонсголгүй хүүхэд орж ирсэн. Энэ үед нэг багшийг дохионы хэлний сургалтад хамруулж, тухайн сурагчдаа дэмжлэг үзүүлж байна. Дунд ангид багшлахаар сонгогдсон багш нарыг бага ангийн багштай уулзуулж, тухайн ангид суралцдаг тусгай хэрэгцээт хүүхдийн талаар мэдээлэл солилцон, тухайн хүүхэдтэй ажиллаж эхлэх суурийг нь урьдчилан бэлтгэдэг туршлага манай сургуульд бий. Ялангуяа залуу багш нартаа үе шаттай хэлэлцүүлэгт оруулж, аргазүйн зөвлөгөө өгдөг. Мөн тэргүүлэх зэргийн багш нарын уралдаан болох үед тусгай хэрэгцээт хүүхэдтэй ажилласан туршлага дээр нэмэлт оноо тооцох зэргээр багш нарыг идэвхжүүлдэг.” гэсэн юм.

“Монгол Улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-2” төсөл нь Япон Улсын Гадаад Харилцааны Яамны санхүүжилтээр 2021 оноос эхлэн нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, Өвөрхангай болон Ховд аймгийн зорилтот 16 сургууль дээр хэрэгжиж байна. Гурван жилийн хугацаатай энэхүү төслийн хүрээнд дунд ангийн багш нарыг тэгш хамруулах сургалтын арга зүйн чиглэлээр сургаж бэлтгэх,хэрэгжсэн загвар, үйл ажиллагааг орон нутагт түгээн дэлгэрүүлэх, төрийн бодлогод тусгах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Төслийн хэрэгжилтийн дараагийн жилд загвар сургуулиудын чадавхийг бэхжүүлэх, туршин хэрэгжүүлсэн загвар, туршлагыг түнш сургуулиудад түгээх, тогтвортой байдлыг хангах чиглэлээр ажиллана.