Энтрепренер сурагчдын туршлага солилцох үндэсний уулзалт амжилттай болж өндөрлөлөө

Энтрепренер сурагчдын туршлага солилцох үндэсний уулзалт амжилттай болж өндөрлөлөө

Хүүхдийг Ивээх Сангийн хэрэгжүүлж буй “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох төсөл”-ийн бичил төсөл хэрэгжүүлж буй сурагчдын туршлага солилцох үндэсний уулзалт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт 8 дугаар сарын 14-21-ний өдрүүдэд болж өндөрлөлөө. Энэхүү арга хэмжээнд төсөл хэрэгжиж буй зорилтот сумдын 39 сургууль бүрээс 2 төлөөлөл, нийт 78 хүүхэд, 8 багш оролцсон юм.

Бичил төсөл хэрэгжүүлэгч сурагчид дүгнэлт уулзалтаа 8 дугаар сарын 20-нд зохион байгуулж, төслийн зүгээс зохион байгуулсан нэмэлт арга хэмжээнүүд болон “Найрамдал” цогцолборын 9-р ээлжийн хөтөлбөрт хамрагдсанаар сурсан зүйлсээ нэгтгэн дүгнэж цаашид орон нутагтаа очоод хэрхэн бусдадаа туршлагаа хуваалцах төлөвлөгөөгөө боловсрууллаа.

Дүгнэлт уулзалтаар хүүхдүүд зусланд амарсан сэтгэгдэл, дурсамжаа хуваалцахаас гадна “Энрепренер клуб”-н үйл ажиллагаагаар дамжуулан үндэсний хэмжээний туршлага солилцох уулзалтад оролцон суралцсан сайн туршлагаа сургуулийнхаа “ESEL” сургалтад хамрагдсан хүүхдүүдэд хэрхэн хуваалцах төлөвлөгөөг аймаг тус бүрээрээ гаргасан юм. Үүнээс гадна 10 суралцагч хэрэгжүүлж буй бичил төслөө танилцуулсан ба зочинтой уулзалтын үеэр ойлгосон туршлага, сэтгэгдлээ хуваалцлаа.

Тус уулзалтад “Найрамдал” цогцолборын ахлах аргазүйч Т.Тунгалаг оролцон орон нутгийн хүүхдүүд төслийн хүрээнд Найрамдалд амарч бүхий л хөтөлбөрүүдэд идэвхтэй хамрагдан амжилт гаргасанд баяртай байгаагаа илэрхийлэн, тэдний цаашдын сурлага, хөдөлмөрт амжилт хүслээ.

Үүнээс гадна Туршлага солилцох уулзалтад хамрагдаж буй 78 суралцагч бүлгийн бусад амрагч хүүхдүүдэд ESEL хөтөлбөрийн тухай ерөнхий мэдээлэл болон хэрэгжүүлж буй бичил төслийнхөө талаар танилцуулга хийж, төслийн хүрээнд хийсэн зарим бүтээлээ сонирхууллаа.

Ийнхүү зуслангийн зугаатай өдрүүд дуусаж олон сайн туршлагатай танилцан, ихийг хийж бүтээх дэврүүн хүслийг тээн, ээнэгшин дассан найз нөхөд, бүлгийн багш нараасаа салж ядан гэрийн зүг хүлгийн жолоо заллаа.

Ихийг сурах, хийж бүтээх хүсэл тэмүүлэл дүүрэн тэдний ирээдүй гэрэлтэй байна.

Зочинтой уулзалтын цагаар нийгмийн нөлөө бүхий энтрепренерүүд туршлага, зөвлөгөө хуваалцлаа.

“Найрамдал” цогцолборын ахлах аргазүйч Т.Тунгалаг хүүхдүүдийн сурлага, хөдөлмөрт амжилт хүслээ.

Хүүхдийг Ивээх Сан Японы Нийгмийн хөгжлийн сангийн санхүүгийн буцалтгүй тусламж, Дэлхийн банкны менежментээр “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох төсөл”-ийг 2020 оноос Ховд, Завхан, Өвөрхангай, Говьсүмбэр, Сүхбаатар аймгийн 25 суманд хэрэгжүүлж байна.