Хүүхдийг Ивээх сан үерийн гамшигт өртсөн гэр бүл, хүүхдүүдэд туслаж байна
Хүүхдийг Ивээх Сан үерийн гамшигт өртсөн нийслэлийн Баянзүрх дүүргийн 21, 27 болон 29-р хорооны гэр бүл, хүүхдүүдэд туслах төсөл хэрэгжүүлж байна. Төсөл 2023 оны 8 дугаар сарын 31-нд Баянзүрх дүүргийн 29-р хорооны Иргэний танхимд нээлтээ хийж, тусламжийн эхний хэсгээ хүргэж эхэллээ. Хүүхдийг Ивээх Сангийн менежер, суурин төлөөлөгч Л.Баян-Алтай “Хүүхдийг Ивээх Сан нь нийслэлийн Баянзүрх дүүргийн үeрт өртсөн өрхийн хүүхдүүдэд тусламж өгч байгаадаа баяртай байна. Бидний тус эдгээр хүүхдүүд,тэдний эцэг эхэд бага ч атугай сэтгэлийн дэм болж, сургуульдаа сэтгэл амар очих боломж олгоно гэж найдаж байна. Бидэнтэй хамтран ажиллаж эдгээр тусламжийг санхүүжилсэн Олон улсын Хүүхдийг Ивээх Сангийн “СИЙД” хүмүүнлэгийн сан, БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сан, Японы Хүүхдийг Ивээх Сангийн санхүүжүүлэгчдэдээ гүн талархал дэвшүүлье” гэлээ.
Энэхүү тусламжийн төслөөр сургуулийн насны хүүхдүүдэд сурагчийн дүрэмт хувцас, биеийн тамирын спорт гутал, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд цүнх, хичээлийн хэрэгсэл, гутал, гэртээ хүмүүжиж буй сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд төрөл бүрийн тоглоомууд болон үлгэрийн ном, гутал, гэр бүлүүдэд зарим төрлийн тусламжийн зүйлүүд өгч байгаа юм. Хүүхдийг Ивээх Сан нь аливаа гамшиг, онцгой байдлын нөхцөлд ч хүүхдийн сурч боловсрох үйл явц тасралтгүй олгогдох ёстой гэж үздэг.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21-р хорооны иргэн Ч.Батчимэг “Манай хашаа, байшин маш хүчтэй үерт өртсөн. Байшин маань амьдрах боломжгүй болсон. Одоо дахин барьж байна. Бид ам бүл зургуулаа. Дөрвөн хүүхэдтэй. Өнөөдөр хүүхдүүдэд хичээлийн хэрэгслэл, сурагчийн дүрэмт хувцас, гутал өглөө. Бидэнд маш том дэмжлэг болж байна. Хүүхдийг Ивээх Сангийнханд баярлалаа” хэмээн хэллээ.
Хүүхдийг Ивээх Сан хүмүүнлэгийн тусламжийн хөтөлбөр хэрэгжүүлж гамшиг, хямралд өртсөн эмзэг бүлгийн хүүхэд, гэр бүл, малчдад чанартай хүмүүнлэгийн тусламжийг цаг алдалгүй хүргэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байх, эрсдэлийг даван туулахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой үйл ажиллагаа явуулдаг.