“Чи ганцаараа биш: Бүү өнгөрөө, хүүхэдтэйгээ ярилцаарай!” нөлөөллийн аян нээлтээ хийлээ
Хүүхдийг Ивээх Сан, НҮБ-ын Итгэлцлийн Сангийн хамтарсан санхүүжилттэй “Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төсөл 2021-2024 оны хооронд Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэгт хэрэгжиж байна.
Тус төслөөр хэрэгжүүлж буй “Чи ганцаараа биш” цуврал аяны хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Цагдаагийн ерөнхий газартай хамтран “Бүү өнгөрөө, хүүхэдтэйгээ ярилцаарай” сэдэвт нөлөөллийн ажлыг эхлүүллээ. Энэхүү цуврал нөлөөллийн ажлын хүрээнд охидын эсрэг бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах мэдээллийг хүргэж байна. Нөлөөллийн ажлын 1 дүгээр үе шат өсвөр насны охидод чиглэн, 2023 оны 3, 4 дүгээр сард зохион байгуулагдсан. Харин 2 дугаар үе шат болох эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан нөлөөллийн ажил “Бүү өнгөрөө, хүүхэдтэйгээ ярилцаарай” уриан дор 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гэр бүлийн марафон гүйлтээр нээлтээ хийлээ. Тус нөлөөллийн ажлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүүхдийг Ивээх Сан зохион байгуулж, хамтран зохион байгуулагчаар Цагдаагийн ерөнхий газар ажиллаж байна.
Нээлтийн үеэр Хүүхдийг Ивээх Сангийн суурин төлөөлөгч Л.Баян-Алтай “Бидний зорилго бол охид, хүүхдүүдийг аливаа хүчирхийлэл, мөлжлөгөөс сэргийлэхэд эцэг эх, асран хамгаалагчдын оролцоог чухалчлах, болзошгүй эрсдэлээс хүүхдүүдээ хэрхэн хамгаалах чиглэлээр мэдлэг мэдээлэл өгөх юм” гэж ярилаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга М.Цогтбаатар “Өнөөдрийн үйл ажиллагаанд гэр бүлээрээ ирж оролцож байгаа та бүхэндээ чин сэтгэлээсээ талархъя. Энэхүү аян маань улс орон даяар явагдана. Та бүхэн ч мөн өөрсдийн байгууллага дээр, мөн өөрсдийн сошиал орчинд аяныг түгээхэд туслаарай” хэмээн уриаллаа.
Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд дарга, хурандаа Б.Оюутболд “Хүүхдийг Ивээх Сангаас хэрэгжүүлж буй энэ төсөл болон нөлөөллийн ажлууд бодит үр дүн өгч байна. 2022 оны байдлаар охид бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгт өртсөн нийт 153 гэмт хэрэг бүртгэгдсэн бол 2023 оны эхний 8 сарын байдлаар 19 хувиар буурсан байна. Энэ бол олон байгууллагын хамтын хүчин чармайлтын үр дүн юм” хэмээн онцоллоо.
Тус нөлөөллийн ажил 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сургалт, уулзалт зэрэг олон нийтийг хамарсан үйл ажиллагаагаар дамжуулан улс орон даяар хэрэгжих юм.