“Хүүхдэд үзүүлэх сэтгэлзүйн анхны тусламж” сургалтыг хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэгсдэд болон хүүхдүүдэд зориулан тус тус зохион байгууллаа

– Хүүхдийг Ивээх Сан үерийн гамшигт өртсөн гэр бүл, хүүхдүүдэд туслах төсөл хэрэгжүүлж байна –

Хүүхдийг Ивээх Сан үерийн гамшигт өртсөн нийслэлийн Баянзүрх дүүргийн 21, 27 болон 29-р хорооны гэр бүл, хүүхдүүдэд туслах төсөл хэрэгжүүлж байна. Энэхүү тусламжийн төслөөр сургуулийн насны хүүхдүүдэд сурагчийн дүрэмт хувцас, биеийн тамирын спорт гутал, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд цүнх, хичээлийн хэрэгсэл, гутал, гэртээ хүмүүжиж буй сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд төрөл бүрийн тоглоомууд болон үлгэрийн ном, гутал, гэр бүлүүдэд халдваргүйтгэлийн бодис өгсөн юм.

Хүүхдийг Ивээх Сан хүмүүнлэгийн тусламжийн хөтөлбөрийнхөө хүрээнд хүүхдэд тусламж үзүүлэх мэргэжилтнүүдийн ур чадвар, чадамжийг дээшлүүлэхэд чиглэсэн “Хүүхдэд үзүүлэх сэтгэлзүйн анхны тусламж” сургалтыг Хүүхдийг Ивээх Сангийн олон улсын хөтөлбөрөөр Улаанбаатар хотод Пума зочид буудалд 2023 оны 9 дүгээр сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтыг нээж Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхэд хамгаалал, Хүүхдийн эрхийн засаглал хөтөлбөрүүдийн менежер Э.Цолмон хэлсэн үгэндээ “Хүүхдийн сэтгэлийн зовуурь, гэмтэл нь тэдний өөртөө итгэх, суралцах, хөгжих хийгээд бүх харилцаанд нь сөргөөр нөлөөлж, сэтгэлийн шарх, гэмтэл нь илаарьшихгүй явсаар өнөөгийн болон ирээдүйн амьдралд нь сүүдрээ тусгах тохиолдол олон байдаг. Өөрт нь болон гэр бүлд нь тохиолдсон хүнд үеийг даван туулж буй хүүхдэд энэ байдал илүү их ажиглагддаг. Тэгэхээр хүүхдийн мэдрэмжүүдийн илэрхийллийг ойлгон, хүүхдийн сэтгэлд үүссэн зовуурьт сэрэмжтэй байж, цаг алдалгүй, сэтгэл зүйн анхны тусламжийг зөв, чанартай үзүүлэх арга зүйд суралцах нь үүрэг хүлээгчдэд нэн шаардлагатай” хэмээн онцлов. Гамшгийн хор хохирлыг даван туулах, хүүхдийн дасан зохицох чадварыг дэмжихийн тулд сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх нь сэтгэлийн зовуурь, цочролоос үүдсэн богино болон урт хугацааны сэтгэлзүйн аливаа асуудлаас урьдчилан сэргийлэхэд тусалдаг.