Сургуульд суурилж, сурагчдадаа түшиглэсэн энтерпрайзууд

-Бүтээлч хийгээд завгүй хоногууд-

Наран мандах нутгийн зүг

Энэ есдүгээр сарын дундуур нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй баг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумыг зорилоо. “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн сургуульд суурилсан энтерпрайз (ССЭ) хэрэгжүүлж байгаа сургуулиуд өөрсдийн туршлага, сургамжаа нэгтгэн дүгнэж, харилцан суралцах, энэ төслийн хэрэгжилтэд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, цаашдын төлөвлөгөөг гаргах, энэхүү шинэлэг санаачилгын талаарх нэгдсэн ойлголтыг оролцогч талуудад хүргэх, олон нийтэд түгээх, тогтвортой байдлыг хангахад талуудын оролцоог нэмэгдүүлэх зорилготой семинарт оролцохоор явж байгаа нь энэ. Эрдэнэцагаан сумыг сонгосон нь тохиолдлынх биш. Тус сургууль бол сургуульд суурилсан энтерпрайз хэрэгжүүлэгчдийн нэг. Семинарт Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газрын төлөөлөл, зорилтот 5 аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга нар, Хүүхдийг Ивээх Сангийн суурин төлөөлөгч, төслийн багийнхан, сургуульд суурилсан энтерпрайз хэрэгжиж байгаа таван сургуулийн захирал, энтерпрайз хариуцсан багш, бизнес коучүүд, төслийн зөвлөхүүд зэрэг нийт оролцогчид 40 гаруй хүн оролцлоо.

Сургуульд суурилсан энтерпрайз хэрэгжүүлэгчид

Ховд аймгийн Зэрэг, Завхан аймгийн Тэлмэн, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Ерөнхий боловсролын сургуулиуд, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын 1-р сургууль, Өвөрхангай аймгийн Богд сумын Ерөнхий боловсролын 1-р сургууль дээр сургуульд суурилсан энтерпрайз (ССЭ) хэрэгжиж байгаа юм. Энэ үеэр туршлагаа хуваалцах семинарыг хүлээн авч, зохион байгуулж буй Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ЕБС-ийн захирал Д.Нандинцэцэг “Манай сургууль технологийн хичээлээр сурагчдад болон өсвөр үеийнхэнд энтрепренершип боловсрол олгох сургуульд суурилсан энтерпрайз хэрэгжүүлж байна. Энэ туршлагыг маань судалж бусдад түгээгээсэй, сургууль дээрээ туршиж үзээсэй гэж бодож байна” хэмээн ярьж байлаа. Тус сургуулийн сурагчид өнөөдөр технологийн хичээлээрээ 70 гаруй төрлийн бүтээгдэхүүн урлаж, орон нутгийн зах зээлд борлуулж байгаа аж. Оролцогчид тэдгээр бүтээгдэхүүн, урлалтай танилцаж, сонирхсон асуултууддаа хариулт авлаа. Семинарын үеэр сургуульд суурилсан энтерпрайз хэрэгжүүлэгч сургуулиудын захирал өөрсдийн туршлагаа хуваалцсаны нэг нь Завхан аймгийн Тэлмэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Г.Байгалмаа юм. Тэрээр Сургуульд суурилсан энтерпрайсийн хүрээнд зарласан төслийн уралдаанд шалгарч “Хөгжлийн хөтөч” төв нээсэн талаараа танилцуулан, энэ төвөөрөө дамжуулж сурагчдад мэдээллийн технологийн ур чадвар олгож байгаа талаараа ярьж байв. Харин Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн захирал Г.Сонинбат тулгарч байсан санхүүгийн асуудлаа хэрхэн шийдсэн туршлагаа хуваалцав. Эднийх орлогоо сургуулийнхаа дансанд төвлөрүүлж, сургууль хөгжүүлэх сангийн журмаа хамт олноороо хэлэлцэж баталсан байна. Тэрхүү журмаар үйл ажиллагаагаа төлөвлөж, Сангийн сайдын 74-р тушаалыг баримтлан нэмэлт орлогоо олж, аймгийнхаа Төрийн сан болон Боловсрол шинжлэх ухааны газраар дамжуулан зарцуулах эрхээ хүсэж, түүнийгээ үйл ажиллагаандаа тогтмол зарцуулаад явж байгаа аж. Түүнчлэн Ховд аймгийн Зэрэг сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ч.Төмөрмөнх “Эко хүнс” ССЭ-ийн хүрээнд цөлд хүнсний ногоо хэрхэн ургуулж байгаа, Өвөрхангай аймгийн Богд сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн захирал Л.Гантулга “Өглөөний цайг өөртөө” ССЭ-аараа өглөөний цай уух соёлыг түгээж байгаа туршлагуудаасаа хуваалцлаа.

Хүүхдийг Ивээх Сангийн менежер, суурин төлөөлөгч Л.Баян-Алтай таван аймгийн 5 сургууль дээр хэрэгжиж байгаа “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн хүрээнд “Сургуульд суурилсан энтерпрайз” санаачилга Монголд амжилттай хэрэгжиж байна. Эдгээр энтерпрайзууд амжилттай болж, ирээдүйд Монголын олон сургуульд хэрэгжих болов уу гэж найдаж буйгаа хэлж байна билээ.

ESEL xөтөлбөрийн үр дүнгүүд

Семинарт оролцогчид Улаанбаатар хот руу буцах замдаа Сүхбаатар аймгийн Онгон сумын Ерөнхий боловсролын сургууль дээр хэрэгжиж буй ESEL xөтөлбөртэй танилцлаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Эрүүл биед саруул ухаан оршино”, Creative girls, Насан туршийн боловсролын төвийн “Залуус” багийн “Уран шаглаа” төслүүд санхүүжилтээ авч амжилттай хэрэгжиж байна. Харин 2021 оны төгсөгчдийн Alpha багийнхан I love English төсөл хэрэгжүүлж, хүүхдүүдийг номын багцаар дамжуулан англи хэл сурахад нь тусалжээ. “Ялалт” багийн “Эрүүл биед саруул ухаан оршино” төслийн гишүүн Ц.Ариунсанаа “Бид сургуулиараа эрүүл зөв хооллолттой болох, багш сурагчдад хүнсний эрүүл бүтээгдэхүүнээр үйлчилж, тэдний эрэлт хэрэгцээг хангах” хэмээн төслийнхөө эрхэм зорилго, алсын хараагаа дурдаад, үйл ажиллагаагаа дэлгэрэнгүй танилцуулж, хүмүүсийн сонирхсон асуултуудад хариулав. Мөн “Уран шаглаа” төслийнхөн цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд, насанд хүрэгчдэд зориулсан төрөл бүрийн даавуун хувцас урлаж байгаагаа танилцуулав. Үүний дараа зочид тус төслийн оёдлын газартай очиж танилцсан юм.

Туршлага цуглуулж бас хуваалцав

Сургуульд суурилсан энтерпрайз хэрэгжүүлэгчид энэ семинараас сэтгэл хангалуун, сурсан мэдсэн зүйл ихтэй буцлаа. Учир нь тэдэнд бусдад хуваалцах шинэлэг санаа ч байлаа, бусдаас суралцах туршлагууд ч байлаа. Сүхбаатар аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Л.Байгалмаа “Сургуульд суурилсан энтерпрайз нь сургуулиудад өөрийн орлогыг бий болгох, хүүхэд, залуучуудад ажил хөдөлмөрийн гараагаа эхлэх, мэргэжлийн чиг баримжаа олгоход хэрэгтэй гэдгийг үзүүлэх, туршлагаа бодитоор түгээн дэлгэрүүлэх боломж олгосон” гэж ярьж байсан юм. Семинарын дүгнэлтийн уулзалтаар Боловсролын ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Д.Энхтулга сургуульд суурилсан энтерпрайз нь сургуулийн менежментийн хүрээнд хэрэгжих бүрэн боломжтой хэмээн ярьж байлаа.

Ийнхүү сургуульд суурилсан энтерпрайз хэрэгжүүлэгч таван аймгийн 5 сургуулийнхан болон бусад талын төлөөллүүд 9 дүгээр сарын 16-21-нд болсон туршлага солилцох семинар, хөтөлбөрийн үр дүнтэй танилцах аяллаа өндөрлүүлж, шинэ санаа өвөрлөн нутаг нутгаа зорилоо.