Сургуулийн багш, ажилтнууд Хүүхдийг Ивээх Сангийн олон улсын эвслийн “Багшийн ёс зүй” хөтөлбөрт суралцлаа

Хүүхдийг Ивээх Сан “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийг 2023 оноос гурван жилийн хугацаатайгаар, Улаанбаатар хотын Хан-Уул, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүрэг болон Говь-Алтай, Ховд аймгийн нийт 14 сургууль, 14 хамтарсан багийг тус тус хамруулан хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд Хүүхдийг Ивээх Сангийн Олон Улсын Эвслийн хөтөлбөрүүдийг нэвтрүүлэх ба төслийг “Хүүхдийн аюулгүй байдлыг хангах бодлого, журам” сургалтаар эхлүүлсэн бол 2023 оны 4, 5 дугаар саруудад “Хүүхдийн сурч, хөгжих үйл явцыг хүний эрхэд суурилсан арга зүйгээр дэмжих нь” сэдвээр сургагч багш нараа бэлтгэсэн юм.

Бэлтгэгдсэн сургагч багш нар “Багшийн ёс зүй” сэдэвт сургалтыг 2023 оны 9 дүгээр сарын 08-29-ний өдрүүдэд тус тусын сургууль дээрээ төслийн багийн чиглүүлснээр зохион байгуулж, төслийн зорилтот 14 сургуулийн нийт 700 багш, ажилтан хамрагдлаа.

Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхэд хамгаалал, Хүүхдийн эрхийн засаглалын хөтөлбөрүүдийн менежер Э.Цолмон хэлэхдээ, “Хүүхдийг Ивээх Сан хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах чиглэлээр голлон анхаарч, тогтолцооны чухал бүрэлдэхүүн болох үүрэг хүлээгчдийг чадавхжуулж ажилладаг. Ерөнхий боловсролын сургууль бол нэгдүгээрт, хүчирхийлэлд өртсөн хүүхдэд шуурхай тусламж үзүүлэх, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эрсдэлт нөхцөл байдалд байгаа хүүхдийг эрт илрүүлэх, хамгааллын үйлчилгээ шаардлагатай хүүхдийг хариу үйлчилгээнд холбох чухал түшиц газар, хамтрагч баг хамт олон, хоёрдугаарт, шинжлэх ухааны нотолгоонд суурилсан мэдлэг болоод насан туршдаа аливаа зүйлийг бэрхшээхгүй сурах арга барилыг эзэмшдэг газар, гуравдугаарт, хүүхдийн амьдралын өдрийн урт хугацаа өнгөрдөг, сурч хөгжиж, хүмүүс хийгээд амьдралын талаар өргөн ойлголт авдаг, насан туршдаа биеэ авч явах хэм хэмжээнд суралцдаг газар. Сургуулийн багш ажилтнуудын зүгээс хүүхэд төдийгүй эцэг эхийг соён гэгээрүүлэх, хүүхдийг энэрэн анхаарч, хүчирхийллийн бус аргаар хүмүүжүүлэх үүрэг хүүхэд хамгаалалд нэн чухал ач холбогдолтой. Иймд бид хүний эрхэд суурилсан арга зүйгээр хүүхдийн сурч хөгжих үйл явцыг дэмжих Хүүхдийг Ивээх Сангийн Олон Улсын Эвслийн “Багшийн ёс зүй” багц сургалтыг зохион байгууллаа” хэмээн тэмдэглэлээ.

Оролцогчид сургуулийн цогц аюулгүй байдлыг үнэлж, эрсдэлийг бууруулах, хүмүүжлийн эерэг аргаар хүүхдэд хандаж, хүчирхийлэл, айдасгүй орчныг бий болгох зэрэг сургалтын багц арга зүйд суралцав.