Сүхбаатар аймгийн сурагчид бичил төсөл хэрэгжүүлж буй туршлагаа солилцлоо
“Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн хүрээнд Сүхбаатар аймгийн зорилтот таван суманд бичил төсөл хэрэгжүүлж буй сурагчдын туршлага солилцох уулзалт 2023 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 1-ний өдрүүдэд Баруун-Урт суманд боллоо.
Энэхүү уулзалтад Сүхбаатар аймгийн зорилтот таван сургуулийн бичил төсөл хэрэгжүүлж буй 85 сурагч оролцож сайн туршлагаа хуваалцахын зэрэгцээ тулгарсан саад бэрхшээлээ даван туулах арга замууд, бизнесээ сурталчлах стратегийн талаар хэлэлцэв. Түүнчлэн “Энтрепренер клуб”-ын багш нар уулзалтад оролцогчдод бичил төслийн үйл ажиллагаагаа өргөтгөх, борлуулалтын сувгаа нэмэгдүүлэх арга зүйн талаар мэдээлэл өгч, дэмжлэг үзүүллээ. Туршлага солилцох уулзалтын нэг сонирхолтой хэсэг нь энтрепренер сурагчид Сүхбаатар аймгийн бизнес коуч Т.Шинэхүүгээр ахлуулан үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцсан аялал байв. Танилцах аяллын явцад сурагчид орон нутгийн бизнес эрхлэгчидтэй уулзаж, бодит орчинд бизнес эрхлэхэд тулгарч буй асуудлууд, шийдлүүдийг харилцан ярилцаж, зөвлөгөө авсан юм.
Сурагчид үргэлжлүүлэн Сүхбаатар аймгийн боловсролын үзэсгэлэн худалдаанд биечлэн оролцож, бичил төсөл, бизнесүүдээ сурталчлан бараа бүтээгдэхүүнээ нутгийн иргэдэд борлуулсан. Төслийн зорилтот сумд болох Баяндэлгэр, Онгон, Эрдэнэцагаан Мөнххаан сумын ЕБС болон Баруун-Урт сумын Мэргэжлийн боловсролын сургуулийн бичил төсөл хэрэгжүүлэгч сурагчид үзэсгэлэн худалдааны үеэр боломжийн орлого олсондоо сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа. Үзэсгэлэн худалдааны үеэр “Сургуульд суурилсан Энтерпрайз” төслийг хэрэгжүүлэгч Эрдэнэцагаан сумын ЕБС-ийн багш, сурагчдын хамтран дэлгэсэн бүтээлийн үзэсгэлэн иргэдийн сонирхлыг ихээхэн татаж байв. Тус сургуулийн хамт олон төслийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж, технологийн хичээлээр дамжуулан сурагчдын энтерпренер сэтгэлгээг хөгжүүлэн орлого олж байгаа нь энэ юм.
Хүүхдийг Ивээх Сангийн Сүхбаатар аймгийн салбарын зохицуулагч Ө.Марал уулзалт зорилгодоо хүрч, олон талын өгөөжтэй арга хэмжээ болж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд, “Манай аймгийн энтрепренер сурагчид хүсэж мөрөөдөл төдийхөн байсан зүйлүүдээ цаасан дээр буулгаж, бүр бизнес болгон хөгжүүлж, түүнээсээ суралцан чадваржиж, улмаар орлого олж байгаа онцгой хүүхдүүд. Тэдний минь нүд гялалзаж байхыг харах үнэхээр сайхан байдаг.” гэсэн юм.
Энтрепренер сурагчдын төлөөлөн Эрдэнэцагаан суманд “Дэгжин болог” бичил төсөл хэрэгжүүлэгч М.Даваадулам сэтгэгдлээ хуваалцаж: “Манай төсөл оёмол бүтээгдэхүүн дээрх хэвлэл хийдэг төсөл. Бид Хүүхдийг Ивээх Сангаас бичил төслийн санхүүжилтээ аваад, долоо хоногийн өмнө хотоос тоног төхөөрөмжөө худалдан авсан. Мөн ажиллуулах арга техникт нь суралцаад ирсэн. Маш богино хугацаанд олон бүтээгдэхүүн гаргаж чадсандаа баяртай байна. Манай бичил төсөл сургуулийнхаа “Сургуульд Суурилсан Энтерпрайз” төсөлтэйгөө хамтарч бэлгийн уут, хувцасны уут, гутлын уут хийж үзэсгэлэнд оролцож байна. Бид энэ үзэсгэлэнгээс олон захиалга аваад буцаж байна. Очоод захиалгуудаа хурдан гаргаж өгнө гээд яарч байна.” гэлээ.
Хүүхдийг Ивээх Сан “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийг 2020 оноос эхлэн Ховд, Завхан, Өвөрхангай, Говьсүмбэр, Сүхбаатар аймгийн 25 суманд хэрэгжүүлж байна. Дөрвөн жилийн хугацаатай энэхүү төслөөр орон нутгийн 14-24 насны 6,000 хүүхэд залуучуудад хувь хүний ур чадвар, энтрепренершипийн боловсрол олгож, ESEL сургалтын хөтөлбөрөөс олж авсан мэдлэг чадвараа бодитоор туршихад нь дэмжлэг үзүүлэн, хүүхэд, залуучуудын боловсруулсан бичил төслийг санхүүжүүлж байна. Түүнчлэн тэдэнд зөвлөн туслах дэмжлэг үзүүлж, туршлага солилцох уулзалтуудыг Улаанбаатар хот болон орон нутгуудад зохион байгуулж байгаа юм. Эдгээр үйл ажиллагаагаар дамжуулан орон нутгийн өсвөр үеийн хүүхэд, залуучуудад хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгосноор тэдний сурлагын амжилт дээшилж, хөдөлмөр эрхлэлтэд бэлтгэгдэх юм.