Хүүхдийг Ивээх Сан дохионы хэлний анхан шатны сургалт зохион байгууллаа

Хүүхдийг Ивээх Сан “Монгол Улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь 2” төслийг Япон Улсын Гадаад Хэргийн яамны санхүүжилтээр 2021-2024 онд Улаанбаатар хотын Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэг, Ховд, Өвөрхангай аймгийн ерөнхий боловсролын нийт 16 сургуульд хэрэгжүүлж байна.

Төслийн зорилтот сургуулиудын бага, суурь боловсролын түвшинд хэл ярианы болон сонсголын бэрхшээлтэй нийт 50 орчим хүүхэд суралцаж байгаа тул эдгээр хүүхэдтэй ажиллаж, боловсролын тусгай хэрэгцээг нь хангахын тулд багш нарт дохионы хэл эзэмших зайлшгүй шаардлага гарч байна. Энэ бэрхшээлийг тодорхой хэмжээнд шийдвэрлэхийн тулд “Сонсголгүйн боловсрол” ТББ-тай хамтран харилцааны анхан шатны дохионы хэлний гурван өдрийн сургалтыг 2023 оны 10 дугаар сарын 9-нөөс 11-ний хооронд Улаанбаатар хотод зохион байгуулж байна.

Сургалтад зорилтот сургуулиудаас нийт 32 багш оролцож байгаагаас гадна ХНХЯ-аас тавьсан хүсэлтийн дагуу Архангай, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Ховд, Хөвсгөл аймагт шинэ тутам байгуулагдаж буй “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв” тус бүрээс нэг мэргэжилтнийг хамруулж байгаа юм.

 

Хүүхдийг Ивээх Сангийн боловсролын төслийн ажилтан Г.Уянга

Хүүхдийг Ивээх Сангийн боловсролын төслийн ажилтан Г.Уянга: “Дунд ангийн багш нарт дохионы хэлний анхан шатны мэдлэг, хэл яриа, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдтэй өдөр тутам харилцах аргазүйг олгосон маш хэрэгцээтэй сургалт болж байна. Сурагчид төдийгүй хэл, яриа, сонсголын бэрхшээлтэй эцэг эхтэй харилцаж ойлголцоход ч чухал дэмжлэг болно гэж харж байна.” хэмээн ярилаа.

Харилцааны анхан шатны дохионы хэлний гурван өдрийн сургалтын хүрээнд багш нар монгол дохионы хэлний тухай ойлголтыг авч, хурууны үсэг, тоо тоолол, мэндчилгээ, сэтгэл хөдлөл, нүүрний хувирлаар илэрхийлэх аргад суралцаж байна. Мөн дохионы хэлний багш нар болон өөр хоорондоо дохионы хэлээр харилцан ярилцаж байгаа юм. Сургалтад хамрагдсан багш, мэргэжилтнүүд гурван өдрийн сургалтын эцэст дохионы хэлний анхан шатны мэдлэг, чадвар эзэмшсэн гэрчилгээтэй болсноор цаашид боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхэдтэй ажиллахад үр дүнгээ өгөх, бусад багш ажилтнуудад зааж сургах ач холбогдолтой болно.

Өвөрхангай аймгийн Уянга сумын ЕБС-ийн Нэгдүгээр сургуулийн Орос хэлний багш Нямзул

Өвөрхангай аймгийн Уянга сумын ЕБС-ийн Нэгдүгээр сургуулийн Орос хэлний багш Нямзул: “Манай сургуульд тусгай хэрэгцээтэй 5 сурагч суралцдаг. Энэ дунд дохионы хэлээр харилцах шаардлагатай нэг сурагч дөрөвдүгээр ангид байдаг. Гэхдээ тэр хүүхэд маань дохионы хэл мэддэггүй, багш бид нар бас мэддэггүй учраас энгийн дохио зангаа, бичиг, зурган тайлбараар харилцдаг. Тийм учраас энэ сургалтад би идэвхтэй хамрагдаж, mухайн хүүхдэдээ дохионы хэлийг яаж сургах вэ гэдэг аргазүйг илүү анхаарч байна. Үүний зэрэгцээ бид өмнө нь дохионы хэлийг яагаад сурч болоогүй юм бол гэж өөртөө дүгнэлт хийж байна. Хэрвээ сурсан байсан бол орон нутагт байгаа хүүхдүүд хоцрогдохгүй байсан байх.”

Баянзүрх дүүргийн 79-р сургуулийн Дизайн, технологийн багш Б.Бадамгарав

“Энэхүү сургалтаар, дохионы хэлний цагаан толгой, биеийн хэлэмжээр өөрийгөө илэрхийлэх, танилцуулах зэрэг сонсголын бэрхшээлтэй сурагчидтайгаа харилцах суурь ойлголтоо авч байна. Ингэснээр хэл яриа, сонсголын бэрхшээлтэй хүүхдэд энэ зураг, дүрсийг ингэж зураарай, ингэж илэрхийлээрэй гэдгээ ойлгомжтой илэрхийлж чаддаг болно. Мөн дохионы хэлээр мэндчилээд, чамд туслах уу, бие чинь сайн уу гэх зэргээр харилцан ярилцсанаар сурагч маань багшийгаа илүү халуун дотно хүлээн авч, багшдаа итгэх итгэл нь илүү нэмэгдэнэ гэж бодож байна.” хэмээн сургалтын талаарх сэтгэгдлээ тус тус хуваалцлаа.

Төслийн тухай товч мэдээлэл: 

Хүүхдийг Ивээх Сан нь “Монгол Улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-II” төслийг Япон Улсын Гадаад Хэргийн Яамны санхүүжилтээр 2021-2023 онд хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, Өвөрхангай, Ховд аймгийн зорилтот сургуулиудын бага, дунд ангийн хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулахад дэмжлэг үзүүлж байна.