Өвөрхангай аймгийн энтрепренер сурагчид сайн туршлагуудаа солилцлоо
“Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершипийн боловсрол олгох” төслийн хүрээнд сум орон нутагтаа бичил төсөл санаачлан хэрэгжүүлж байгаа Өвөрхангай аймгийн энтрепренер сурагчид энэ сарын 12-ноос 13-нд Тарагт сумын Өгөөмөр амралтын газарт мэдлэг туршлагаа солилцлоо.
Энэхүү туршлага солилцох уулзалтад төслийн зорилтот сумдаас (Арвайхээр, Богд, Гучин-Ус, Сант, Уянга) 7 сургуулийн 24 багийн 72 сурагч, ESEL хөтөлбөрийн багш нар, нийгмийн ажилтууд, Төслийн Аймгийн Зөвлөлийн (ТАЗ) гишүүд, төслийн менежер, төслийн ажилтан, салбарын ажилтнууд болон бизнес коуч зэрэг 98 хүн оролцлоо. Өвөрхангай аймгийн НБХ-ийн дарга, ТАЗ-ийн гишүүн Б.Сайнжаргал, Төслийн менежер Ё.Нямдаваа, Өвөрхангай аймаг дах Политехникийн коллежийн захирал С.Санчир, Өвөрхангай аймгийн НТБТ-ийн захирал Б.Норовсүрэн нар уулзалтыг зорин ирж, үг хэллээ.
Сурагчид эхний өдөр загасчлах өртөөгөөр аялангаа багуудын бичил төслийн онцлог, давуу тал, тулгарсан бэрхшээл ба түүнийг шийдвэрлэсэн байдал, төслөө өргөжүүлэн тогтвортой байдлыг хангах төлөвлөгөөтэй танилцсан ба сургамж, суралцсан зүйлсээ нэгдсэн хэлэлцүүлгээр хуваалцсан юм. Харин уулзалтын хоёр дахь өдөр маркетинг стратегийн туршлага боломжууд, ментор болон бусдын дэмжлэг авах, төслүүдийн тогтвортой байдлыг хангах зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, сайн туршлагаа нэгтгэн хэлэлцүүлгийн чиглүүлэгч багш нар болон зөвлөхүүдээс санал, зөвлөгөө авсан нь үр дүнтэй байлаа. Үүнтэй зэрэгцэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр үзэсгэлэн гаргасан нь борлуулалт хийх боломжийг бүрдүүлжээ.
Уянга сумын 2-р сургуулийн сурагч “English mini library” төслийн багийн гишүүн Б.Оюумаа: “Би ESEL хөтөлбөрт хамрагдан бичил төсөл хэрэгжүүлж байгаадаа их баяртай байдаг. Энэ уулзалтад оролцож олон найзтай болж, төсөлдөө хэрэгжүүлэх шинэ туршлагуудад суралцлаа. Шинээр төсөл бичих гэж байгаа найзууд, дүү нартаа хандан хэлэхэд төсөл бичих, бичсэн төслөө хэрэгжүүлэх гэдэг их өөр байдаг. Мөн хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол эзэмшсэнээр хувь хүн талаасаа их хөгждөг юм байна шүү.”
Гучин-Ус сумын ЕБС-ийн нийгмийн ажилтан, ESEL хөтөлбөрийн сургагч багш М.Долгорсүрэн: “ESEL хөтөлбөрт хамрагдаж бичил төсөл хэрэгжүүлж байгаа хүүхдүүд сэтгэлгээ нь хөгжихөөс гадна бизнес эрхлэх арга замаа сайн олж байна. Хүүхдүүд өөрийн сонирхдог чиглэлээр, мөн хувийн ур чадваруудаа харгалзаж төслөө бичиж хэрэгжүүлвэл илүү амжилт олдог нь анзаарагдаж байна. Тухайлбал “Гараар урлаж гоёлоо бүтээе” төслийн шүрэн урлал хийдэг сурагчид өөрсдийн сонирхдог чиглэлээрээ бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дугуйлан хичээллүүлж олон найз нөхдөө сургангаа төслөө амжилттай хэрэгжүүлж байна. Энэ туршлага солилцох уулзалт нь хүүхдүүдэд төслөө илүү өргөн хүрээнд хэрэгжүүлэх, цаашид өсөн дэвжих хүсэл тэмүүллийг төрүүлж байна.” гэсэн юм.
Одоогийн байдлаар Өвөрхангай аймгийн хэмжээнд ESEL сургалтад 1,993 хүүхэд суралцсанаас 265 хүүхэд, залуучууд нийт 188 сая төгрөгийн санхүүжилт бүхий 68 бичил төслийг хэрэгжүүлж байна.