Утсаар биш урд урдаасаа харж нөхөрлөе

-Санаачилгаас төсөл рүү, төслөөс амьдрал руу-

Хүүхдийг Ивээх Сан “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийг 2020 оноос Ховд, Завхан, Өвөрхангай, Говьсүмбэр, Сүхбаатар аймагт хэрэгжүүлж байна. Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд төслийн хүрээнд ESEL сургалтууд амжилттай зохион байгуулагдаж, төгсөгчид нь нийт 12 төсөл хэрэгжүүлж байгаа юм. Тэдгээрийн нэг болох “Fun day” төслийн амжилтын түүхийг танилцуулъя.

ESEL сургалтаас их зүйлийг сурсан

Намайг О.Энхбаяр гэдэг. Би 18 настай. ШУТИС-ийн нэгдүгээр дамжааны оюутан. Би 2022 оны хавар “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн ESEL сургалтад хамрагдсан юм. Цагийг зөв зохистой ашиглаж, санхүү тооцоо гаргаж, тайлан бичиж, бусадтай хамтран ажиллах чадваруудаа илүү сайн хөгжүүлсэн. Бас олон найзтай ч болсон. Тэдний зарим нь манай “Fun day” төслийн багийн гишүүд. Бид хүсэл мөрөөдөл, санаачилгаа цаасан дээр буулгаж, төсөл болгон бичиж, түүнийгээ амьдралд хэрэгжүүлсэн азтай хүүхдүүд гэж боддог. Манай багийнхан ESEL сургалтаас харилцаа хандлага, танин мэдэх, шинийг эрэлхийлэх, бусдыг ойлгох зэрэг олон чадвар эзэмшсэн. Сүүлийн жилүүдэд хүүхэд залуучууд бүгд ухаалаг утас барьж, найз нөхөд гэр бүлийн амьд харилцаа өдөр ирэх тусам багассан. Бид ярилцаад сургуулийнхаа суралцагчдын амьд харилцааг бэхжүүлэх замаар, гэр бүл, найз нөхөдтэйгөө хичээлээс гадуурх чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлж, оюуны болон спорт тоглоомоор тоглох орчин нөхцөл бий болгохоор зорьсон. 

Санал, санаачилгаа бодит болгосон нь
Бид эхлээд хэрэгцээ шаардлагаа олж харахыг хичээсэн. Би гэхэд ширээний теннис тоглох дуртай. Гэвч манай суманд энэ спортоор хичээллэх газар байхгүй байсан. Дараа нь бид сумын нийт сурагчдаас төслийн хэрэгцээ шаардлагыг илрүүлэх зорилгоор судалгаа авахад хамрагдсан 420 сурагчийн 75 хувь нь чөлөөт цагаа Facebook, Instagram, YouTube, TikTok ашиглаж өнгөрөөдөг, ингэснээр цахим орчинд донтож, чөлөөтэй сэтгэх, бие даах чадвар эрс буурсан хэмээн ярьж байсан. Энэхүү асуудал нь жижиг суманд их тулгардаг. Орон нутгийн хүүхэд багачууд чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх орчин, дугуйлан дутмаг учраас тэд цахим орчинд олон цагийг өнгөрөөж байна. Энэ бүхэн олон сул талтай учраас нөхцөл байдлыг өөрсдөөсөө эхлэн өөрчлөхөөр “Fun day” төсөл хэрэгжүүлэх санаа төрсөн юм. Бид сумынхаа нийт сурагчдад сонголтот үйлчилгээг санал болгосон. Хөгжөөнт тоглоомоор хөдөлгөөн эрүүл мэндийг дэмжих, цаашлаад амьд харилцааг бэхжүүлэх, гэр бүл, найз нөхөдтэйгөө хичээлээс гадуурх чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлж, оюуны болон спорт тоглоомоор тоглох орчин бий болгосон. Манайд ирсэн хүүхдүүд нэгдүгээрт, урлаг буюу 4D бүжиг, хоёрдугаарт, спорт буюу ширээний теннис, дартс, ширээний хөл бөмбөг, гуравдугаарт, сэтгэхүй хөгжүүлэх буюу шатар, даам, IQ тоглоом, хөлөгт тоглоом гэсэн гурван төрлөөс сонгож тоглодог.  

Гэр бүл, хүүхдэд эрүүл, зөв дадал хэвшүүлсэн

“Fun day” төсөлд давуу тал олон. Тухайлбал, манай үйлчилгээний төвд ирж үйлчлүүлснээр найз нөхөд, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бүрдүүлж, дурсамж бүтээх боломжтой. Цаг үеийн баяр ёслолыг тохиолдуулан уралдаан тэмцээнд оролцоно. Суралцагчдын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрөөж, эрүүл, зөв дадалд хэвшүүлнэ. Тоглоомоор дамжуулан багаар хамтран ажиллах чадвартай болж, зөв харилцаа, хандлагатай, хариуцлагатай болно. Суманд теннис, биллиард тоглуулдаг нэг газар бий. Гэвч насанд хүрсэн хүмүүс үйлчлүүлдэг учир архи, тамхи хэрэглэх зэрэг хүүхдэд ээлгүй орчинтой.

Харин манай “Fun day” төв бүх талаараа өрсөлдөгчөөсөө давуу. Гэр бүл болон сурагчдын амьдрах, сурах орчинд элдэв хорт зуршил дэмжихгүйгүй, эко үйл ажиллагаатай. Техник, тоног төхөөрөмж бүгд шинэ, сүүлийн үеийнх. Үйлчлүүлэгчдийнхээ нас, сэтгэхүйд тохирсон онцлогтой. Бид мэргэжлийн багш нартай хамтран орон нутгийн хүүхэд залуучуудад ширээний теннисийн сургалт зохион байгуулах, амралтын өдөр гэр бүлээрээ ирж уралдаан тэмцээнд оролцох, чөлөөт цагаа өнгөрөөх хөтөлбөрүүдийг тогтмол санал болгодог. Сумын төдийгүй сургуулийн хэмжээнд ширээний теннис, дартсын тэмцээнийг уламжлал болгон амжилттай зохион байгуулж байна.

"Fun day” бичил төслийг хэрэгжүүлж буй Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын сурагчид

“Fun day” дараагийн шатанд…

Төслийг анх санаачлан эхлүүлж байсан багийн гишүүд бүгд ахлах ангийн сурагчид байлаа. Тэд 2023 оны зун сургуулиа төгсөхдөө ESEL ангийнхнаас адил хүсэл зорилготой дүү нараа сонгон авч төслөө өвлүүлэн үлдээсэн юм. Ийнхүү “Fun day” төсөл анхныхаас дараагийн үе рүү шилжиж, илүү өргөн хүрээнд, олон сурагчдад хүрч чадсан билээ. Бид санаагаа бодит ажил болгох, хамтдаа суралцах, хөгжих шинэ боломжууд нээж байгаад үргэлж баярладаг. Бидэнд энэ боломжийг олгосон Хүүхдийг Ивээх Сангийн хамт олонд сумынхаа нийт хүүхэд, багачуудын өмнөөс баярлаж талархдагаа илэрхийлье.