Ухаалаг утсаар биш урд урдаасаа харж нөхөрлөе

-Санаачилгаас төсөл рүү, төслөөс амьдрал руу-

Хүүхдийг Ивээх Сан “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийг 2020 оноос Ховд, Завхан, Өвөрхангай, Говьсүмбэр, Сүхбаатар аймагт хэрэгжүүлж байна. Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд төслийн хүрээнд ESEL сургалтууд амжилттай явагдаж, төгсөгчид нийт 12 төсөл хэрэгжүүлж байгаа юм. Тэдгээрийн нэг болох “Fun day” төслийн амжилтын түүхийг танилцуулъя.

ESEL сургалтаас сурсан зүйлүүд маш олон

Миний нэрийг О.Энхбаяр гэдэг. Би 18 настай. ШУТИС-ийн 1-р дамжааны оюутан. Миний бие 2022 оны хавар “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн ESEL сургалтад хамрагдсан юм. Эндээс цаг ашиглалт, санхүү тооцоо гаргах, тайлан бичих, бусадтай хамтран ажиллах чадваруудаа илүү сайн хөгжүүлсэн. Бас энэ сургалтад хамрагдсанаар олон найзтай болсон. Тэдний зарим нь манай Fun day төслийн багийн гишүүд. Бид өөрсдийн мөрөөдөл, санаачилгаа төсөл болгон бичиж, түүнийгээ амьдрал дээр хэрэгжүүлсэн азтай хүүхдүүд гэж боддог. Манай багийнхан ESEL сургалтаас харилцаа хандлага, танин мэдэх, шинийг эрэлхийлэх, бусдыг ойлгох зэрэг олон чадварууд эзэмшсэн. Сүүлийн жилүүдэд хүүхэд залуучууд бүгд ухаалаг утас барьж, найз нөхөд гэр бүлийн амьд харилцаа өдөр ирэх тусам багассан. Бид ярилцаад сургуулийнхаа суралцагчдын амьд харилцааг бэхжүүлэх замаар, гэр бүл, найз нөхөдтэйгөө хичээлээс гадуурх чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлж, оюуны болон спорт тоглоомоор тоглох орчин нөхцөл бий болгохоор зорьсон. 

Бид өөрсдийн санал, санаачилгаа бодит болгосон

Бид эхлээд өөрсдөөсөө хэрэгцээ шаардлагаа олж харсан. Би гэхэд ширээний теннис тоглох дуртай. Гэвч манай суманд хүүхдүүд тоглох орчин байхгүй. Дараа нь бид сумын нийт сурагчдаас төслийн хэрэгцээ шаардлагыг илрүүлэх зорилгоор судалгаа авахад судалгаанд хамрагдсан 420 сурагчийн 75% нь Facebook, Instagram, YouTube, TikTok-ийг ашиглаж чөлөөт цагаа өнгөрөөдөг, ингэснээр цахим орчинд донтож чөлөөтэй сэтгэх, бие даах чадварууд эрс буурсан хэмээн ярьж байсан. Энэхүү асуудал нь жижиг суманд их тулгардаг. Орон нутгийн хүүхэд багачууд чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх орчин, дугуйлан дутмаг учраас тэд цахим орчинд олон цагийг өнгөрөөж байна. Энэ бүхэн олон сул талтай учраас нөхцөл байдлыг өөрсдөөсөө эхлэн өөрчлөхөөр “Fun day” төсөл хэрэгжүүлэх санаагаа гаргасан.

Бид сумынхаа нийт сурагчдад сонголтот үйлчилгээг санал болгож, хөгжөөнт тоглоомоор хөдөлгөөн эрүүл мэндийг дэмжих, цаашлаад амьд харилцааг бэхжүүлэх, гэр бүл, найз нөхөдтэйгөө хичээлээс гадуурх чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлж, оюуны болон спорт тоглоомоор тоглох орчин нөхцөл бий болгож чадсан. Эдгээр тоглоомуудыг нэгдүгээрт, урлаг буюу 4D бүжиг, хоёрдугаарт, спорт буюу ширээний теннис, дартс, ширээний хөл бөмбөг, гуравдугаарт, сэтгэхүй хөгжүүлэх буюу шатар, даам, IQ тоглом, хөлөгт тоглоом гэсэн гурван чиглэлд хувааж, үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. 

Төсөл гэр бүл, хүүхдүүдэд эрүүл зөв дадал хэвшүүлсэн

Бидний төсөлд давуу талууд олон бий. Манай үйлчилгээний төвд ирж үйлчлүүлснээр найз нөхөд, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бүрдэж, дурсамж бүтээх боломж үүснэ. Бас цаг үеийн баяр ёслолыг тохиолдуулан уралдаан тэмцээнд оролцох боломжтой. Мөн суралцагчдын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрөөж, эрүүл зөв дадалд хэвшүүлнэ. Түүнчлэн тоглоомоор дамжуулан багаар хамтран ажиллах, зөв харилцаа, хандлага тогтож хариуцлагатай болно. Суманд теннис, биллиард тоглуулдаг нэг газар бий. Тэнд насанд хүрсэн хүмүүс олноороо үйлчлүүлдэг төдийгүй архи тамхи хэрэглэх зэрэг хүүхдэд ээлгүй орчинтой.

Иймээс манай “Fun day” төв бүх талаараа өрсөлдөгчөөсөө давуу. Тухайлбал, манай үйлчилгээ гэр бүл болон сурагчдын орчинд элдэв хорт зуршилгүй эко үйл ажиллагаа явуулдаг. Техник тоног төхөөрөмжүүд бүгд шинэ, сүүлийн үеийнх. Үйлчлүүлэгчдийнхээ нас, сэтгэхүйн онцлогт тохирсон, гэр бүл болон найз нөхдийн хүрээнд тоглох боломжтой. Бид орон нутгийн болон аймгийн мэргэжлийн багш нартай хамтран орон нутгийн хүүхэд залуучуудад ширээний теннисийн сургалт зохион байгуулах, амралтын өдөр гэр бүлээрээ ирж уралдаан тэмцээнд оролцох, чөлөөт цагаа өнгөрөөх хөтөлбөрүүдийг тогтмол зохион байгуулдаг. Мөн сум болон сургуулийн хэмжээнд ширээний теннис, дартсын тэмцээн уралдаануудыг амжилттай зохион байгуулан ажиллаж байна.

"Fun day” бичил төслийг хэрэгжүүлж Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын сурагчид
“Fun day” амжилттай хэрэгжиж, дараагийн үед шилжсэн

Төслийг анх санаачлан хэрэгжүүлсэн манай багийн гишүүд бүгд ахлах ангийн сурагчид байсан тул 2023 оны зун ESEL ангийнхнаас бидэнтэй адил хүсэл зорилготой дүү нараа сонгон авч төслийн хэрэгжилтийн явцад хамтран ажиллаж, сургуулиа төгсөхдөө өвлүүлэн үлдээсэн. Ийнхүү “Fun day” төсөл анхны багаас дараагийн үе рүү шилжиж, илүү өргөн хүрээнд олон сурагчдад хүрч, бид өөрсдийн санаагаа бодит ажил болгох, хамтдаа суралцах, хөгжих шинэ боломжууд нээсээр байгаад үргэлж баярладаг. Бидэнд энэ боломжийг олгосон Хүүхдийг Ивээх Сангийн хамт олонд сумынхаа нийт хүүхэд багачуудын өмнөөс баярласнаа илэрхийлж байна.