Мөрөөдлийн эхлэл: Сарнайгийн түүх
Сарнай Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд гэр бүлийн хамт амьдардаг. Тэрээр ичимхий, үг дуу цөөтэй байсан ч нэгэн хөтөлбөрт хамрагдан, өөрийгөө нээж, хөгжүүлсэн түүхтэй. Түүний гэр бүлийнхэн 2022 оны намар Шивээговь суманд шилжин ирсэн бөгөөд Сарнай шинэ газар ирээд төдийлөн нээлттэй байгаагүй ч Хүүхдийг Ивээх Сангаас хэрэгжүүлж буй “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн ESEL хөтөлбөрийн бүртгэл эхэлж, ангийнхан нь “Чи ороод үз, төсөл бичдэг үнэхээр гоё” хэмээн хэлэхэд нь сонирхон бүртгүүлсэн байна. Сургалтын эхний хичээл дээр бусдад өөрийгөө танилцуулахдаа ичээд ярьж чадахгүй байв. Дараа нь ангийнхаа нэг хөвгүүн, нөгөө ангийн 2 сурагчтай нэг баг болжээ. Түүнээс хойш багтаа үйл ажиллагаа хариуцсан менежер болж, өөрийгөө хариуцлагатай, бүтээлч, нээлттэй байх ёстой гэдгээ ойлгосон аж.
Тэдний багийнхан амжилттай суралцаж, хамтдаа ESEL хөтөлбөрөө төгссөн байна. Энэ хөтөлбөр түүнд өөрийгөө нээж, бусадтай харилцах, шинийг эрэлхийлж, бусдад түгээх чадвар эзэмшиж, бизнесийн гараагаа эхлүүлж мөрөөдлөө биелүүлэх боломж олгожээ.
Түүний хувьд ESEL хөтөлбөрөөс сурсан зүйл олон. Хөтөлбөрөөс цагийн менежмент, аливаа бэрхшээлийг даван туулах, хамгийн гол нь багаар ажиллах чадвар болон бусдын өмнө өөрийгөө илэрхийлэх чадваруудыг эзэмшсэн байна. Энэ багийнхан өөрсдийн үүрэг хариуцлагаа ойлгон ухамсарлаж, бусдыг сонсох тэдний үзэл бодлыг хүндэтгэх, бусадтай хөгжилтэй байдлаар харилцах зэрэг олон зүйлийг сурсан дурсамжтай өдөр хоногууд өнгөрөөжээ. 2023 оны хавар Говьсүмбэр аймгийн хэмжээнд хэрэгжиж байгаа төслийн багуудын туршлага солилцох өдөрлөг болж, Сарнайгийн багийнхан оролцов. Хүүхдүүдийн хэрэгжүүлж буй төслийг харсан Сарнайд “Ямар бүтээлч юм бэ, ямар гоё төсөл бичдэг юм бэ” гэсэн бодол төрж, бахархаж байлаа. Гэхдээ тэдний төсөл ч бас түүний хувьд хамгийн шилдэг, онцлогтой байж чадсан байна. Тэдний багийнханд урам зориг өгч, хариуцлагатай байхыг өөрийн биеэр үлгэрлэж, чиглүүлж зөвлөгөө өгдөг хүн бол багийн багш зөвлөх Г.Отгонсүрэн.
Түүний мөрөөдлийн нэг бол ирээдүйд бизнес эрхлэж, бизнесийн салбарт амжилттай яваа хүмүүстэй адил болох. Гэхдээ өөрийнхөө мөрөөдлийг биелүүлж, гарааны бизнесээ эхлүүлэх боломж гарч, “Эко сургууль” төсөл нь санхүүжилт авахаар шалгарсан байна. Багийнхан төслөөрөө өөрсдийн сурч буй сургуулийнхаа анги танхим, өрөө тасалгааг бүрэн цэцэгжүүлж, байгаль орчинд ээлтэй, эерэг хандлагыг сурагчдад төлөвшүүлэхийг зорьжээ. Энэ зорилгодоо ч хүрч. Одоо сум, орон нутгийн аж ахуй нэгж, иргэдэд тарьсан цэцгээ худалдаж байгаа юм. Дан ганц цэцэг худалдах биш, харин тухай цэцгээ хэрхэн арчилж, хамгаалах, дахин үрслүүлэх тухай зааварчилгаа бэлтгэн, үйлчлүүлэгч бүртээ зөвлөгөө өгдөг болжээ.
Сарнай өөрийнхөө дүүд бусдыг хүндэлж, найзуудтайгаа эвтэй бай гэж захидаг. Мөн сургалтаас авсан мэдлэгээ дүүтэйгээ хуваалцаж, мөнгөний үнэ цэнэ болон аливаа зүйлд нухацтай байх, байнга суралцаж, шинийг эрэлхийлэх, тулгарсан саад бэрхшээлийг хэрхэн даван туулах талаар зааж өгдөг байна. Түүний дүү гэртээ цэцэг арчилж, ургуулахад суралцаж байгаа аж.
Сарнай өнөөдөр өөрийгөө эргэн харахад хүн бүртэй нийтэч, нээлттэй харилцаж, шинийг эрэлхийлэх, сурч мэдэх хүсэл тэмүүлэл дүүрэн, олон найзтай болж, өөрийгөө сайнаар илэрхийлж, бусдыг хүндэтгэдэг чадвартай болсон гэдэгтээ итгэлтэй байна. Түүнд цаашдаа ч илүү ихийг сурч, хөгжих хүсэл зорилго ч дүүрэн байгаа. Тэрээр “Apple компанийн үүсгэн байгуулагч Стив Жобсийн хэлсэн “Орой орондоо орох бүртээ өдрийн хийж бүтээсэндээ сэтгэл хангалуун байх нь чухал” хэмээн хэлсэн шиг өдөр бүр өөрийнхөө бүтээсэн зүйл болон байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх хэрэгтэй гэж боддог. Өнөөдрийн бүдэрсэн алдаа саадуудаас илүү олсон амжилтууддаа талархдаг” хэмээн ярилаа.
Эко сургууль” төсөл нь цэцгээ хэрхэн арчилж, хамгаалах, дахин үрслүүлэх тухай зааварчилгаа бэлтгэн, үйлчлүүлэгч бүртээ зөвлөгөө өгдөг болжээ.
Хүүхдийг Ивээх Сангаас Япон Улсын Нийгмийн Хөгжлийн Сангийн санхүүжилт, Дэлхийн Банкны менежментээр хэрэгжүүлж буй “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төсөл Монголын хөдөө орон нутгийн Сарнай шиг олон хүүхдэд өөрийгөө нээх, шинийг сурах, мөрөөдлөө биелүүлэх боломж олгосоор байна.